solongonews
Хуванцрын бохирдолтой тэмцэхийг уриалав
2018-06-07 19:54
Хуванцрын бохирдолтой тэмцэхийг уриалав

Дэлхийн байгаль орчны өдөр тохиодог бөгөөд энэ жил “Хуванцрын бохирдлоос гаръя” сэдвээр 06-р сарын 05-нд тэмдэглэсэн юм. НҮБ-ын нарийн бичгийн дэд дарга, Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эрик Солхейм мөн өдөр нийтлэл бичиж: Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзахыг хэрэглэгчдэд уриалсан байна. Тэрээр нийтлэлдээ: Хуванцрын бохирдлын эсрэг тэмцэлд ялалт байгуулах нь эко системийг хамгаалах, уур амьсгалын дулаарлыг бууруулах, биологийн олон янз байдал, хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалахад тустай юм. Амар хялбар боловч олон эрсдэл дагуулдаг тул “Хуванцрын бохирдлоос гарах” нь заавал хийх шаардлагатай тэмцэл болоод байна. Энэ нь тогтвортой хөгжлийг биелүүлэх чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Хуванцрын бохирдол ноцтой үр дагавар үүсгэхээс зайлсхийхийн тулд хүмүүсийн ухамсрыг дээшлүүлэх шаардлагатай. Хэрэглэгчид гол үүрэг гүйцэтгэх төдийгүй бараа нийлүүлэгч бизнес нэгж, жижиглэн худалдааны бизнес нэгжийн үйл ажиллагааны өөрчлөлтийг ахиулах хөдөлгөх хүч болох ёстой гэжээ.

Дэлхийн байгаль орчны өдрөөр нийтэлсэн мэдэгдэлд: Дэлхий дахинд жил бүр 500 тэрбум ширхэг гялгар уут хэрэглэж, жилд наад зах нь 8 сая тонн хуванцар далайд орж байна. Сүүлийн 10 жил үйлдвэрлэсэн хуванцар ХХ зуунд үйлдвэрлэсэн бүх хуванцраас илүү гарлаа. Дэлхийд минут тутамд 1 сая орчим хуванцар лонх худалдаж байна. Хүн төрөлхтний гаргасан бүх хаягдлын 10 хувь хуванцар байна гэжээ.

Энэ оны Дэлхийн байгаль орчны өдрийн зохион байгуулагч нь Энэтхэг улс юм. Тус улсын засгийн газар Шинэ-Делид тусгай сэдэвт сурталчилгааны үзэсгэлэн нээж, хуванцрын бохирдолтой хамтдаа тэмцэхийг олон нийтэд уриалжээ. 6-р сарын 4-нд Энэтхэгийн Байгаль орчны сайд Харш Вардхан сурталчилгааны үзэсгэлэнд оролцохдоо: Энэ оны Дэлхийн байгаль орчны өдөр Энэтхэг улсын хувьд “бэлэг тэмдгийн чанартай” үйл ажиллагаа бус, харин үүрэг зорилго юм гэжээ. Тэрээр эко нийгэм болгон бүтээн байгуулах үүрэг хариуцлагаа хүлээж, өдөр тутмын аж амьдралдаа байгаль орчноо хамгаалах сайхан зуршилтай болохыг ард түмэндээ хандан уриалжээ.

Дэлхийн байгаль орчны өдрийн өмнөхөн Энэтхэгийн Харяна мужийн захиргаа тус мужийн бүх байгууллага нэг удаагийн аяга хэрэглэхийг хориглосон бол Тамил Наду мужийн захиргаа, 2019 оны 1-р сарын 1-нээс эхлэн нэг удаагийн хуванцар эдлэл үйлдвэрлэх, борлуулах, хадгалах, хэрэглэхийг бүх талаар хориглохоо мэдэгджээ.

Энэтхэгийн засгийн газар, энэ удаагийн тусгай сэдэвт сурталчилгааны үзэсгэлэнгээр дамжин хүмүүс өдөр тутмын амьдралын зуршлаа хэрхэн өөрчлөх тухай бодож, хуванцрын бохирдлоос байгаль орчин, зэрлэг ан амьтан, ургамал, хүн төрөлхтний эрүүл мэндэд учруулж буй сөрөг нөлөөг багасгахыг хүссэн байна.

6-р сарын 5-нд Кенийн Найробид НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Далай тэнгисийн хэлтсийн албан тушаалтан Хейди Савелли Содерберг хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Хятад бол НҮБ-ын хамгийн олон хүн амтай гишүүн орон учраас хуванцрын бохирдолтой тэмцэх үйл явцад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж болох юм. Өнгөрсөн сард Хятадад нээгдсэн бүх Хятадын экологи, байгаль орчныг хамгаалах хурлаар, бохирдлоос сэргийлэх тэмцлийг сайтар хийх, бохирдолтой тэмцэх явдлыг маш чухал байранд тавьсан явдалд баяртай байна. Улам олон орон иймэрхүү үйл ажиллагаа явуулахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл