Өвөр Монголын Өөртөө Засах Орны аялал жуулчлал, соёлын үйлсэд үйлчлэх эрдэм шинжилгээний цуврал хурлын нэг болох Монгол үндэстний биет бус соёлын өвийг уламжлан дэлгэрүүлэх ба Х·Дамбижалсны эрдэм шинжилгээний онолын бага хурал 09 дүгээр сарын 2-3-ны өдөр Улаанхад хотын Байран зүүн хошууны төв Линь Дүн сууринд боллоо.
Хурал нь, Линь Дүнгийн монгол үндэстний дундад сургуульд Х·Дамбижалсны баримал хөргийг босгох ба дурдатгалын өрөөний нээлтийн ёслол хийх, мөн Линь Дүн дэх Өвөр Монголын их сургуулийн Хидан Ляо гүрний судалгааны төвд Х·Дамбижалсны эрдэм шинжилгээний бүтээлийн тухай судлан ярилцах зэрэг агуулгаар явагдсан байна.
Эрдэмтэн, профессор, яруу найрагч, монгол зан үйлийн судалгааны суурилагч Х·Дамбижалсан Улаанхад хотын Байран зүүн хошуунд нутагтай, 2004 онд нас барав. Хуралд, их дээд сургуулийн эрдэмтэн профессор, зан үйлийн судлаачид болон Х·Дамбижалсны гэрийн хүмүүс, үр хүүхэд, ойр садан зэрэг тавиад хүмүүс оролцжээ. Тус хуралд Загар, Оч, Хадач Ган, Төгсбаяр, насанбаяр, Н·Сэрэн зэрэг илтгэгчдээс монголчуудын биет бус соёлын өвийн өвлөл уламжлал ба Х·Дамбижалсны монгол зан үйлийн судалгаанд үзүүлсэн хувь нэмэр, мөн түүний шүлэг зохиол, эрдэм шинжилгээний бүтээлийнх нь тухай тайлбар ярилцага өрнүүлсэн байна.
