solongonews
Ажлаа хүүхэд шигээ хайрладаг бүсгүй
2017-03-29 10:54
Улаанбаатар хотын “Монгол мэн кай” /ММК/ компани нь хүнд даацын автомашин борлуулдаг. Хажуугаар нь засвар үйлчилгээ хийж, сэлбэг ханган нийлүүлнэ. Тус компанийн ерөнхий захирал Гоо нь ӨМӨЗО-ны Ордос хотын Эзэн хороо хошууны уугуул. Ордос хотын Эдийн засгийн сургуульд дөрвөн жил суралцаад ажил хөдөлмөр эрхлэх болсон байна. Ажиллахынхаа хажуугаар Өвөр Монголын Эдийн Засгийн их сургуульд элсэн орж бакалаврын зэрэгтэй болжээ. Тэрээр 2005 онд Ордос хотын “Мэн кай” группийн санхүүгийн албанд ажилд орж, дараа нь Монгол Улсад машин борлуулах ажлыг хариуцан хийх болжээ. Тэр үед Монгол дахь Төлөөлөгчийн газрыг өөр хүн хариуцаж байсан аж.

          

Гоо захирал ийнхүү ярилаа.

- 2009 онд Монгол Улсад ирж ажиллан, тухайн үед хамт ажиллахаар ирсэн туслагч бүсгүйн хамт одоогийн ажиллаж байгаа энэ том хашаа болон байшинг босгож байлаа. Хятадаас барилгын материалаа оруулж ирж, Монголд байгаа Солонгос, Хятад, Монгол хүмүүстэй гэрээ байгуулж байшингаа бариулсан юм.

2012 оноос эхлээд Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбооны гишүүн болж манай компани томоохон компаниудын нэгээр тооцогдох болсныг мэдсэн. Би энэ компанид хөрөнгө оруулагч биш хэдий ч энэ жилээс хувьцаа эзэмшигч болж, мөн компанийхаа дэд захирлын албыг хаших болсон. Одоо Монгол дахь Төлөөлөгчийн газрынхаа ерөнхий захирлаар ажилладаг.

Монголын компанид маань анх таван хүн ажилладаг байлаа. Одоо бол энэ тоо өсч дөч гаруй ажилтантай болсон. Манайх өмнө нь тээврийн компанитай байсан юм. Тэр компани тавь гаруй ажилтантай байлаа. Зах зээлийн эдийн засгийн хямралаас болоод компаний ажил зогссон. Манай “ММК” компани ч ажилтнаа цомхтгосон. Одоо нийт ажилчдын 80 хувь нь монгол, 20 хувь нь хятад. Бид хаана л ажиллана тэр нутгаас ажилчид авч ажиллуулдаг. Энэ нь хөдөлмөрийн бүтээмжид ч, зардал мөнгөнд ч хэрэгтэй. Хятадаас ажилчин авахаар зардал ихтэй, мөн нутгийн ёс заншлыг мэдэхгүй учир багагүй хүндрэл учирдаг.

Монгол ажилтнууд маань тогтвор суурьшилтай сайн ажилладаг. Манай компани байгуулагдаад 12 жил болж байна гээд бодоход төдий хугацаанд хамт ажилласан цөөн тооны Монгол ажилчид бий.

Манай компани “ISО 9000” стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна. Олон хэлтэс, даргатай болсон. Энэ нь бидний ажилд маш их тус нэмэр болсон.

Манай захирал Монгол нутгийн сайхныг дандаа магтан ярьдаг сан. Ингэж ярих бүрт Монголд ирж Монгол нутгийг үзэхсэн гэж боддог байлаа. Тэгээд хамгийн анх орчуулагч хийхээр захирлыг даган Монголд ирж билээ. Монгол нутаг үнэхээр сайхан. Харин эмэгтэй хүний хувьд анхандаа байнга Монголд байхад жаахан хэцүү байсан. Тэр үед жилдээ хэд хэдэн удаа Монголд ирж, санхүү, тооцоог нь шалгаад буцдаг байсан.

2008 онд Монгол талын ажлыг мэддэг гэдэг утгаар нь намайг толгой компаниас Монголд томилон ажиллуулах болсон юм. Ингээд 2009 онд Монголын талын компанийхаа ажлыг жинхэнэ утгаар нь дахин эхлүүлсэн. 2010 он гэхэд ажил маань жигдэрч билээ. Эмэгтэй хүн болохоор энэ компанийг ингэж эхлүүлчихээд орхиж төвдөөгүй. Бас нэг гайгүй хүн олоод ажлаа өгчих санаатай хичээн ажилласан.

Монголд ажиллахад санхүүгийн болон хуулийн мэргэжилтэй байхгүй бол компани удирдахад их хэцүү. Санхүүгийн мэдлэгтэй, дээр нь хууль зөрчихгүй байх нь чухал.

Миний хувьд компани удирдаж ажиллах амаргүй байлаа. Ажилтан авлаа гэхэд тодорхой хугацаа өнгөрч байж чадварыг нь мэднэ. Түүнээс гадна гааль татварын шалгалт хэтэрхий олон. Богино хугацаанд ирж шалгалт хийдэг. Гадаадын гэдэг утгаар нь компанийг их шалгадаг юм билээ. Тиймээс би дээр ярьсанчлан санхүү тайлан тооцоо болон хуулиа сайн мэддэг, түүнийгээ дагаж мөрддөг байх хэрэгтэй.

Одоогоос дөрвөн жилийн өмнөөс машинаа зээлээр зарах болсон. Энэ нь машины борлуулалтад сайнаар нөлөөлсөн. Зөвхөн банкны санхүүжилтийг түших юм бол зээл бага олдоно. Тэгэхээр итгэлцэл дээр үндэслэн бизнесээ хийж байна. Итгэл даахгүй харилцагч бас байна. Ийм харилцагч нийт үйлчлүүлэгчийн 10-20 хувийг эзэлдэг. Тэднээр зээлээ төлүүлэх, гэрээг цуцлах, шүүхдэх зэрэг асуудлууд гардаг.

2010 онд манай компани зуу гаруй машин борлуулсан. 2011 онд Монголд 300 гаруй, хил дээр хүлээлгэн өгсөн 300 гаруй гээд нийт 600 гаруй машин борлуулсан. Одоо бол 2000 орчмыг борлуулж байна. Ямар ч компани аль болох их машин зарахыг бодно. Харин миний хувьд өөрийн чадалд тохируулж зарах нь чухал санагддаг. Зарсны дараах сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, засвар үйлчилгээний асуудлыг давхар бодолцох хэрэгтэй. Манай компани жилд 500 орчим машинд засвар үйлчилгээ үзүүлдэг. Ажил ихтэй тохиолдолд Хятадаас засварын ажилтан нэмж авчирдаг.

Зохицуулалт маш чухал. Манай компаний засвар үйлчилгээн дээр гурван хятад, гурван монгол засварчин ажиллаж байна. Ажил ихтэй үед өмнө нь 15 засварчин ажиллаж байлаа.

Манай борлуулж байгаа машин эвдрэл багатай. Хааяа цахилгааны болон моторын эвдрэл л гардаг. Мотор эвдэрсэн тохиолдолд шууд дуудлагын дагуу очиж засвар хийж өгдөг.

Монголд алтны, нүүрсний, төмрийн гээд олон уурхай байна. Уурхай болгоны замын нөхцөл өөр. Тиймээс Хятадад зардаг машин болгоныг Монголд зарж болдоггүй. Бид үйлдвэрээс мэргэжлийн хүн авчирч, уурхайн замыг судалж байж уг замд тохирох машиныг үйлдвэрлэн борлуулдаг.

Гадаадад ажиллаж байгаа миний хувьд бизнес хийх зориг, чадвар их чухал байлаа. Бага ангид сурч байхаасаа л би ангийн дарга хийж байсан. Өөртөө итгэлтэй байж, зоримог шийдвэр гаргаж ажилладаг нь магадгүй багаас сурсан хүмүүжил байх. Анх би 3000 юаний цалин авдаг байлаа. Одоо жилдээ 200 сая юаний борлуулалт хийж, урамшуулал цалин нэмж авдаг болсон. Сүүлийн үед жилд 120 мянга юаний цалин авч байгаа.

Намайг анх Монголд ирдэг тэр 2005 онд Монголын амьдрал хүндхэн байсан. Одоо байгаа энэ хэсэг газар дээр юу ч байхгүй. Манай ажилтнууд мөнгөгүй, өдөрт нэг л удаа хоол иддэг байлаа. Өр өвдмөөр… Эхний үед надад их агуу бодол байгаагүй, аажмаар Хятадын хөрөнгө оруулагч надад ингэж их итгэж байхад би хичээх хэрэгтэй гэж бодсон.

Монгол ажилтнуудаа сургана, хэрхэн борлуулалт хийхийг заана. Хятад компаниас мэргэжилтэн ирж, сургалт явуулахад орчуулагч хийнэ. Засварчдынхаа мэдлэг боловсролыг нь сайжруулна.

Монгол ажилчид маань сайн ажиллаж байгаа. Олон ч жил үр бүтээлтэй ажиллаж байна. ажилчдын маань амьдрал ч сайжирсан. Ихэнх нь өөрийн гэсэн байшинтай, машинтай болсон.

Өвөр Монголчууд Ар Монголчууддаа хайртай. Бид үүх түүх, хэл бичиг нэгтэй гэдгээ аль болох ойлгуулахыг хичээдэг. Энэ бол миний хүсч буй жаахан хүсэл.

Мэдээж миний одоогийн эрхэлж буй ажил эмэгтэй хүнд ахадсан ажил. Ар гэрийн минь ажил орхигддог. Нөхөр маань эхний үед хийж байгаа ажлыг минь дэмждэг байсан. Сүүлдээ хүлээн зөвшөөрч чадаагүй. Ингээд бид хоёр жилийн өмнө салсан. Тэгэхдээ бид хоёр хэрэлдэж салаагүй, харин нөхөрлөж салсан. Одоо ч гэсэн бид хоёр уулзаж ярилцдаг. Бид хоёр хүүхэдтэй. Миний аав, ээж надад их тусладаг. Том хүүхдээ хятад сургуульд, багыгаа Монголд сургана. Хожим нь хоёр хүүхдийнхээ нэгийг Монголд ажиллуулах бодолтой байна.

Нийгэм өөрчлөгдөж, интернэт сүлжээ хөгжсөн энэ цагт залуусын сэтгэл санаа тогтворгүй, зорьсон зорилгоосоо ухарч байна. Иймд миний ярьсан бүхэн тэдэнд бага ч болов ухаарал хайрлах байх гэдэгт найдаж байна.

Хүнд зорилго байх хэрэгтэй, зорилгынхоо төлөө бие сэтгэлээ зориулж, түүндээ хүрдэг байх хэрэгтэй. Хүний нас богино, цаг алдвал буцааж болохгүй гэдгийг санах хэрэгтэй.

Найруулагч: ХАВАР, Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл