solongonews
Номын өргөөний дөрвөн эрдэнэ
2014-09-29 09:30
Бийр, бэх, цаас, янтайг номын өргөөний дөрвөн эрдэнэ буюу номын өргөөний шадар дөрвөн цэрэг хэмээн нэрлэдэг.

   Хүн төрөлхтний соёл иргэншил бий болсон цагаасаа л янз бүрийн арга хэлбэрээр хойч үед маань хадгалагдан үлдэж, энэ нь бидэнд өвөг дээдсийнхээ бүтээсэн бүтээл туурвил, сайн сайхан бүхнийг сэхээрэн ойлгох ухаарал хайрлаж, улмаар соёл иргэншил улбаалан хөгжих боломж нөхцлийг бүрдүүлжээ. Энэ явцад номын өргөөний хэрэглэгдэхүүн, ялангуяа номын өргөөний дөрвөн эрдэнэ нь соёл иргэншлийг хадгалан үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Номын өргөө гэсэн нэр томъёо нь Хятадын урт удаан түүхэн хөгжлийн нэн эрт үеэс улбаатай бөгөөд бийр, бэх, цаас, янтайг номын өргөөний дөрвөн эрдэнэ хэмээн нэрлэдэг. Уран бичлэг, зурагт хэрэглэгддэг соёл урлалын багаж хэрэгслүүдээс энэ дөрвөн эрдэнийг л бичгийн хүмүүс илүүтэй нандигнан хадгалдаг билээ.

Бийр, бэх, цаас, янтайг номын өргөөний дөрвөн эрдэнэ буюу номын өргөөний шадар дөрвөн цэрэг хэмээн нэрлэдэг.

Бийр. Бийрийг Хятадад 4- 5 мянган жилийн өмнөөс хэрэглэж ирсэн түүхтэй бөгөөд өнөө үед ч түүнийг өөр зүйлээр орлуулахын аргагүй чухал үүрэгтэй билээ. Домогт өгүүлснээр Мэн Тянь гэдэг хүн бийрийг анх зохион бүтээсэн гэлцдэг. Тиймээс бийрийн өлгий нутаг хэмээгддэг Хэбэй мужийн Хэншүй хошууны Хоү Дянь гэдэг газар өнөөг хүртэл билгийн тооллын 3 дугаар сарын шинийн 3- нд Мэн Тянийн бийр зохион бүтээсэн өдрийг айл бүхэн банш хийж, архи сархад сөгнөн яг шинэлж байгаа мэт тэмдэглэн өнгөрүүлдэг. Юань гүрний үеэс Жэ Жян мужийн Хү Жоу хотоос гаралтай “нарийн үзүүртэй, дугуй хэлбэртэй, бөх бат” гэсэн өвөрмөц онцлог бүхий “Хү би” буюу Хү Жоу бийр нь хамгийн алдартай бийрт тооцогдох болсон байна.

Бэх. Бэх нь гурван мянган жилийн өмнө үүссэн бөгөөд бийртэй эн зэрэгцэхүйц чухал үүрэгтэй.

   Бэх нь зурах бичихэд зориулагдсан будагч бодис бөгөөд эртний бичиг бичвэрийн амин чухал хэрэглэгдэхүүн юм. Үүний л тусламжтайгаар Хятадын бичиг үсэг, зураг урлалын гайхамшигт сод нандин бүтээлүүд биелэлээ олжээ. Бэх нь өөрөө маш сонирхолтой гүн агуулга бүхий баялаг ертөнц юм. Нэгэн төрлийн хэрэглээний материал болох бэх нь анхны хэлбэрээрээ өнөө үе хүртэл төгс хадгалагдан үлдэж чаддагт түүний үнэ цэнэ оршино. Хүний гараар бүтээгдсэн бэх бий болохоос өмнө ихэнхдээ байгалийн гаралтай бэх буюу хагас боловсруулсан бэхийг бичиг үсэгт ашиглаж байжээ. Эрт балар үеийн өнгөт ваарын хээ урлал, Шан Жоү улсын үеийн ясан дээр сийлсэн бичиг, хулсан дээрх бичээс, Жэнбо торгон дээрх зураг, ном зэрэг, хаа сайгүй л эрт дээр цагт хэрэглэгдэж байсан бэхний ул мөр үлдсэн байдаг.

Цаас. Цаасыг бийр болон бэхнээс хожуу хэрэглэж эхэлсэн.

Зүүн Хань улсын сүүлчээр Цай Лунь гэдэг хүний цаас хийх арга өргөн дэлгэр хэрэглэгдэж эхэлсэн. Манай эриний 3-5 дугаар зуунд Жинь улсын үед хүмүүс цаас хэрэглэн бичиг үсэг бичих болсон ба үүнээс цаасан дээрх уран бичлэг үүсэн хөгжиж эхэлсэн байна. Мөн түүнчлэн цаасан дээр зураг зурж эхэлсэн. Түүнээс хойш цаас хийх технологи улам бүр боловсронгуй болсноор Хятадын уран бичлэг болон зурагт гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн Шуань Жий  цаас гэх мэт зарим нэгэн өвөрмөц онцлог бүхий цаас бий болжээ.

Хятадын цаас хийх арга нь Вьетнам, Солонгос, Япон зэрэг улсуудад тархаж эхэлсэн ба манай эриний 7 дугаар зууны үеэс Энэтхэгт, түүнчлэн торгоны замаар дамжин баруун Ази, Европод дэлгэрчээ.

Манай эриний 10 дугаар зууны үед Арабын улсуудад их хэмжээний цаасны үйлдвэрүүд бий болсон бол, Европын цаасны үйлдвэрлэл манай эриний XII зуунаас эхэлсэн ба үүнээс өмнө гол төлөв хонины арьсыг ашиглан ном хийдэг байжээ. Нэг судар бичихийн тулд гурван зуун хонины арьс хэрэглэдэг байснаас үзэхэд ямар их үнэ цэнээр бүтдэг байсан нь ойлгомжтой болно.

Янтай. Янтай нь Чүнь Чиү буюу хавар намрын улсын үед үүсчээ. Хань үндэстний бичиг үсэг зураг зэрэгт хэрэглэдэг бэх будаг зуурах багаж хэрэгсэл юм.

Янтай нь хэдийгээр “бийр, бэх, цаас, янтай ”гэсэн дараалалд сүүлд бичигдэх боловч зарим талаас нь авч үзвэл хамгийн гол байр суурийг эзэлнэ. Дөрвөн эрдэнийн дунд янтай тэргүүлэх байр суурьтай. Яагаад гэвэл тэрээр бөх бат чанартай учир хэдэн зуун дамжин үлдэх чадвартай. Иймийн тул одоо цагт “дөрвөн эрдэнэ” дундаас янтай хамгийн элбэг тааралдах ба хүмүүсийн анхаарлыг хамгийн өргөн хүрээнд татдаг. Эрт цагийн Хань үндэстэн бичгийн хүмүүн янтайг ихэд чухалчлан үздэг байсан ба үргэлж биедээ авч явах төдийгүй насан өөд болохдоо хойлгын эд болгодог байжээ.

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл