solongonews
Үзэмчин уртын дууны ”Амьд түүх”
2016-12-22 16:14
Үзэмчин уртын дууны ”Амьд түүх”

ДУУЛАХЫН ОДОНД ЗАЯАСАН ХҮҮХЭД

“Би багадаа дууг ёстой хурдан сурдаг байсан. Морьтой хүн гэрийн хажуугаар явахдаа дуу дуулаад хөтөл давж гарахын хооронд дууг нь сурчихсан айл саахалтын ээжид дуулж өгдөг. “Урьхан хонгор” гэдэг дууг яг л ингэж сурсан. Өөрийн сурсан дуугаа гайхуулах гэж айл саахалтын ээждээ дуулж өгөхөөр энэ муу охин чинь хаанаас нь ийм дуу сурав, маягтай сайхан дуулж байна шүү гэж магтдаг” гэж домог шиг үнэнийг хуучлахад номин талын дунд босгосон эсгий гэрийн хаяанд эвэр гэзэг уясан бяцхан охин уртын дуу аялж байгаа төрх нүдэнд харагдах шиг болно.

“Би багаасаа цагаан сараар хот усаа тойроод дуу дуулаад явчихдаг байсан. Ер нь нэг өдөр нэг шөнө дуулаад хоолой ядардаггүй, өлсөж ундаасахаа ч мэдэхгүй дуулаад л байдаг. Хааяа өлсвөл ганц хоёр аяга цай залгилаад л үргэлжлүүлэн дуулдаг байсан. Ингээд ярихад та нар итгэхгүй байх” гэж ярина. “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэдгээр айл аймгийн ахмадын итгэл зориг, хайр Мээдэг гуайд урлагийн замдаа хүчин зүтгэх чин зоригийг өгсөн гэж болно.

АЛАГТАЙ БУЛАГТАЙ АМЬДРАЛ

Мээдэг гуай 1932 онд Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуунд төрж, 1949 он буюу 17 настайгаасаа Өвөр Монголын Уран сайхны бүлгэмд элссэн байна. Амьдралын хүндрэл, нийгмийн шалтгаанаас болж Мээдэг гуай сургуульд сууж бичиг үзээгүй боловч төрөлхийн сэргэлэн цовоо, урлагт авьяастай болохоор уран сайхны бүлгэмд элссэн бөгөөд Жөү Энлай ерөнхий сайдын нэр дурдан Монгол Улсад тоглолт хийх бүлгэмийн нэгэн гишүүнээр сонгогдсон байна. Энэ нь 1952 оны үйл хэрэг байжээ. Уул усаараа хөршилж, удам түүхээрээ холбоотой, алтан ясны хэлтэрхий, алаг махны тасархай болсон халх түмнийхээ дунд Үзэмчин уртын дуугаа дуулж сонсгох гэгч ямар ховор тохиох аз тохиол гэдгийг гүн гүнзгий мэдэрсэн Мээдэг гуай ёстой хоолойн сайхнаа гаргаж, нутаг орныхоо нэрийг гаргалаа.

- Ерөнхий сайдын нэр дурдсан дуучин очоод нэрийг нь авч гарах л хэрэгтэй шүү дээ. Би ч ёстой сайхан дуулж өгсөн. “Шижир богдын шил” зэрэг сайхан дуугаа дуулахад намайг тэнд үлдээж авах гээд л бөөн юм болж билээ. Хоёр улсын хоорондох явдал болохоор би үлдэж болохгүй. Буцаж ирээд л би гэдэг хүн “Алдарт дуучин” алдартай болсон хэмээн тэр үеийн он жилдээ буцсан юм шиг сэтгэл догдлон ярив.

“Уртын дуу гэдэг чинь ард түмнийхээ дунд л үргэлж амьтай, цустайгаа оршдог юм. Өнчин цагаан ботго гэдэг дуу Цахар ардын дуу юм. Дээд зууны 50-иад оны үед 60 гарсан настай ээж энэ дууг дуулж байгааг сонсоод зааж өгөхийг гуйсан. Ийм сайхан дууг сурч уламжлах л хэрэгтэй гэж бодсон. Тэгээд сурч аваад манай Үзэмчин аялгуу оруулж одоогийн энэ дуу болгосон юм гэж багш барьж явсан түүхээ ярина.

Ийм л ухаант буурлууд минь дуу урлагаа сурч, судалж, дуулж, уламжилж ирснээр өнөөдөр бид оюун санаагаа ариусгах азтай болсон юм.

“Хорих аргагүй хорин таван нас” гэдгээр Мээдэг гуай өнгөрсөн зууны 50-иад оны монгол дуу урлагийн тайзанд ёстой настайгаа адилхан гялалзуулж явжээ. Хятад улсын бүх газраар аялан тоглолт хийж, монгол уртын дууны уран нугалаа, уянга эгшгийг бусад үндэстэн ястанд таниулж, Үзэмчин уртын дууны далай баян өв дотор шумбан ухаан тэлсэн урт цараанд нь “Эр бор харцага” шиг дүүлэн шуранхайлж, урам хайрласан учиртай шуурганд нь итгэл зоригоо хөвчлөн өссөн” гэдгээ мэдрүүлсэн байна. Уран бүтээлч хүний хувьд урлагийн тайз бол түүний амьдралын индэр, үзэгч түмэн бол түүний итгэл зоригийн ундраа байх ёстой. Дууг нь сонссон бүхнийхээ сэтгэлийн талархлыг хүлээж, урам хайрласан алга ташилт, уярч догдолсон уухайн дуун итгэл хайрлахад л амьдралын аливаа жаргалыг мэдэрч, урлагийн гоо сайхны жинхэнэ утга учрыг мэдэрч болдог.

Үзэмчин нутгаас мандан гарсан энэхүү урлагийн од гал залуу насандаа хүн арддаа танигдаж, уртын дууны шуранхайгаар ард түмнийхээ сэтгэл зүрхийг баярлуулж явсан нь азтай гэхэд амьдралын бараан сүүдэр түүнийг дайрна гэдгийг санасангүй. Нийгмийн урваан хөрвөөн энэхүү алдарт дуучныг ч адилхан дайрч, дуу урлагаас нь салгаж, 1963 онд Сөнид зүүн хошууны Ардын явдлын товчоонд ажлыг “шилжүүлсэн” байна. Тухайн үеийн цаг төрийн үймээнд уртын дуугаа амь настайгаа адилхан хайрлаж, өвлөж явсан Мээдэг гуайд засварлагч үзлийн тагнуул гэсэн малгай зүүлгэж, тоглолтын хувцас хунарыг нь хураав. Ингээд л алдарт уртын дуучны урлагийн зам түгжирч, албан ажилтны эгнээнд нэгэн хүн нэмэгдэв. Мээдэг “Тэнгэрт хэлье гэхээр тэнгэр хол, газарт шивнэе гэхэд газар хатуу” гэдэг нь болж, хувь тавилангийн ногтонд залагдан Сөнид нутгийг чиглэжээ.

Нийгмийн тэгш бус байдалд гомдон явсан ч уудам тал, тунгалаг урсгалт гол мөрөн, хөхөмдөг уулс, хөх тэнгэрээ харсан Мээдэг гуайн сэтгэл сэргэж, аргаа үүрээд аргал түүсэн ч, атрын бэлчээрт хонио хариулсан ч уртын дууны шуранхайгаа талын гүнд хадааж явжээ. “Ийм л болсон юм чинь зовоод ч яах вэ дээ. Намайг тайзнаа гаргахгүй бол би тал нутагтаа дуулж байя, хоолойг минь боосон хүнгүй. Ингээд л би өвс хадсан ч, төл тоссон ч дуугаа дуулаад л явдаг байсан. Иймдээ л миний хоолой сайн хэвээрээ үлдсэн” гэж Мээдэг хувь заяаг нь өөрчилсөн тэр хатуу тавиланг даан ч тоомжиргүй ярих юм. Хүн сүсэг бишрэлтэй, итгэл зоригтой байсан цагт амьдралын ямар их хатуу тавилан амьдрах итгэл, дэвших зоригийг нь хүчилдэг. Ер нь уртын дуу нь Мээдэг гуайн сэтгэлийн түшиг, амьдралыг турших итгэлийн таяг болж байсан байх.

Мээдэг 1988 онд ардын явдлын товчооноос тэтгэвэрт гарав. Энэ нь сайн явдал болж, Мээдэг гуай урлаг соёлтойгоо дахин оролдох цаг завтай болов.

УРТЫН ДУУНЫ “АМЬД ТҮҮХ”

Хорин таван жил урлагийн тайзнаас холдсон гэдэг боловч уртын дуу нь амьдралын хатууг уярааж, ажлын хүндэд түшиж ирсэн болохоор энэ л тэнгэрлэг аялгуугаа даан ч орхиж чадаагүй. 2001 онд тэрээр Хонконг хүрч тоглолт хийж, далайн орны үзэгчдийг уяраасан байна. 2008 онд Мээдэг гуайг Үзэмчин уртын дууны улсын зэрэглэлийн өвлөн уламжлагчийн алдраар мялаав.

Уртын дуучин маань одоогоор Өвөр Монголын Урлагийн дээд сургуульд уртын дууны багшаар уригдан “ажиллаж” байна. Урлаг соёлын минь амьд тууль болон үлдэж байгаа цөөн хэдэн гавьяатнаас олж сурна гэдэг нь залуусын хувь ерөөл гэлтэй. Мээдэг гуай өөрөө хатуу сургаалын доор бэлтгэгдэж, заримдаа халыг нь даалгүй сэмхэн нулимс унагааж байсан ч сурагчдаа харин загнадаггүй байжээ.

- Би сурагчдаа огт уурлаж зандардаггүй. Ус уухгүй үхрийн толгойг дарах хэрэггүй гэдэг шүү. Сурах дургүй хүнийг яаж албадаж хараасан ч сурахгүй. Ер нь нэртэй дуучнаас ганц дуу сурсан бол чи өөрийн нэг насны будааны аягаа оллоо гэсэн үг гэх сайхан үг яг л монгол ээжийн гэрийн сургаал мэт утга гүн байлаа. “Нарийн хөх”, “Өнчин цагаан ботго” зэрэг өөрөө дуулж алдарт гаргасан дуунуудаа шавь нартаа сургах гэж Хөххот, Шилийнхотын хооронд үргэлж завгүй ажилладаг аж.

Мээдэг гуай сургууль соёлын мөр хөөгөөгүй атлаа уртын дууны үүх түүхийг яриад ирэх нь хоттой хонио бүртгэж байгаа хашир малчны шинжтэй. “Сээег бор” гэдэг дуу Хөлөнбуйр нутагтай лам болон Үзэмчин охин хоёрын хайр дурлалаас үүсэлтэй, “Сэрүүн” гэдэг чинь бас хайрын дуу, гунигтай дуу шүү хөөрхий, “Алтан жигүүртэй цэгцүүхэй” чинь хурдан морины хүүхэд дуулдаг дуу гэж ярих Мээдэг гуайн яриаг сонсоод суухад монгол уртын дууны үүх түүх нүдэнд тодрох шиг.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл