БНХАУ хатуу түлшт “Kuaizhou-1A” зөөгч пуужингийн тусламжтайгаар өргөн зурвасын сүлжээний хиймэл дагуулыг тойрог замд оруулсан байна.

Хятадын төв телевизээр мэдээлснээр тус хиймэл дагуулыг Бээжин хотод төвтэй харилцаа холбооны “GalaxySpace” компаний хэрэгцээнд зориулж, тус улсын баруун хойд нутагт орших Ганьсү мужийн Жю Чюань сансрын буудлаас Бээжингийн цагаар 11 цаг 02 минутад хөөргөсөн байна. Хиймэл дагуулыг дэлхий орчмын доод тойрог замд амжилттай оруулжээ. “GalaxySpace” компаний анхны энэхүү хиймэл дагуулаар "технологийн зарим туршилт" явуулах юм байна.
Тус компани цаашид харилцаа холбооны тав дахь үеийн сүлжээнд зориулж, дэлхий орчмын доод тойрог замд хиймэл дагуулын сүлжээ байгуулахаар төлөвлөж байгаа юм.
БНХАУ-ын Агаар, сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын бүтээсэн “Kuaizhou-1A” нь 300 хүртэл килограмм жинтэй жижиг хиймэл дагуулуудыг доод тойрог замд оруулахад зориулагдсан харьцангуй хямд худалдааны зөөгч пуужин болно.
