
Эрээн хотын Дотоодыг хамгаалах товчоо болон Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын ажлын уулзалт 03-р сарын 18-ны өдөр болж, хоёр тал 2018 оны хамтын ажиллагааны дүгнэлтийг хийж, 2019 оны хамтын ажиллагааны талд санал бодлоо солилцсон байна.
Эрээн хотын Засгийн газрын орлогч дарга, Цагдаагийн газрын дарга Зүрх болон Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын иргэд, гэмт хэрэг, зөрчлийн асуудал хариуцсан дэд консул Г.Төмөрбаатар нар “Эрээн хотын Дотоодыг хамгаалах товчоо болон Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын 2019 оны хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.
Эрээн хотын Засгийн газрын орлогч дарга, Цагдаагийн газрын дарга Зүрх: - 2018 оны хамтын ажиллагаанд өндөр үнэлгээ өгч, Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын нарийн нямбай туслалцаа, идэвхтэй ажилласанд баярлаж буйгаа илэрхийлжээ.
Зүрх: - Хоёр талын хамтын зүтгэлээр өнгөрсөн нэг жилд хил дамнасан бүх төрлийн хууль зөрчсөн үйл ажиллагаа, гэмт хэрэг, биеэ үнэлэлт, паспорт үнэмлэхийн хэрэг, хууль журмын сурталчилгаа зэрэг талд хамтын ажиллагаа үр дүнд хүрч, хоёр орны ард иргэдийн хүндэтгэлийг хүртсэн. Ирж буй 2019 онд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж, хил дамнасан гэмт хэрэг, хар тамхи, хулгай дээрэм, хууль бусаар барьцаалах, хууль бусаар ажил олгох зэрэг үйл ажиллагаанд цохилт өгч илүү өргөн цар хүрээнд хамтран ажиллана гэлээ.
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын иргэд, гэмт хэрэг, зөрчлийн асуудал хариуцсан дэд консул Г.Төмөрбаатар: - Эрээн хотын Цагдаагийн газарт хамтын ажиллагааны цар хүрээний ажлуудыг сайтар хийж, Монгол Улсын хууль ёсны эрх ашгийг хамгаалсанд баярлаж талархаж буйгаа илэрхийллээ.
Тэрээр: - Цаашид хамтын ажиллагаагаа илүү сайжруулж, Хятад улсад ажиллаж амьдарч буй Монгол улсын иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бүртгэлийн ажлыг сайн хийж, хоёр орны ард иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан, хилээр зорчиж буй иргэдэд хууль дүрмийг ойлгуулж, хоёр орны амгалан тайван байдал, найрамдалт харилцаанд хүч нэмэр үзүүлэхээр хичээн зүтгэнэ гэсэн байна.




