solongonews
Тарагны шар ус ашиглан аяга таваг угаагч шингэн үйлдвэрлэв
2026-08-13 18:20
Тарагны шар ус ашиглан аяга таваг угаагч шингэн үйлдвэрлэв

 “Би 1 литр тарагны шар усыг 0.5 юаниар худалдаж авдаг, 2 литр шар уснаас ийм 1 шил угаалгын шингэн гардаг, үүнийгээ би 22 юаниар зарж байна” гэж Д.Оюунбилэг өөрийн үйлдвэрлэсэн 450 миллилитрийн шилтэй “ариухан” тэмдэгт угаалгын шингэнээ бидэнд үзүүлж танилцуулав. Өөрөөр хэлбэл 1 юаны түүхий эдэд нэмэлт өртөг шингээгээд 22 юаны үнэтэй бараа бүтээгдэхүүн болголоо гэсэн үг. Тэрээр тарагны шар усыг ашиглан аяга таваг угаах угаалгын шингэн үйлдвэрлэж гаргасан нь эдийн засаг, экологийн хувьд маш сайн үр ашигтай болсон байна.

Өвөр монголын Шилийгол аймгийн Сөнөд зүүн хушууны Ажил мэргэжлийн дунд сургуулийн багш агсан Д.Оюунбилэг 2021 онд 50 настай тэтгэвэрт гараад, хушууныхаа төв Мандалт сууринд компани байгуулж цагаан идээ боловсруулж эхэлсэн байна. “Сунадаг хурууд хийхэд хүрвэл, 100 литр сүүнээс бараг 88 - 90 литр шар ус гардаг, гол нь сүүний өтгөцөөс л хамаарна” гэж Д.Оюунбилэг хэдэн жил цагаан идээ боловсруулсан туршлагагаасаа хуваалцав.

Өдөр болгон их хэмжээгээр ялгаруулсан шар усаа яах вэ гэдэг нь хот суурин түшиж цагаан идээ боловсруулдаг хүмүүст авч хэлбэл толгой өвтгөх асуудал байлаа. Хот суурин газар шар усыг дураараа асгаж болохгүй, бохир усны хоолойд ч цутгаж болохгүй гэх хатуу дүрэм тогтоолтой. Шар усыг манай малчид ерөөс асгаж цутгадаггүй, шим тэжээлтэй, хүний биет ашигтай элемент олон ахуулж буй гэдгийг мэддэг, хөмүүл дарах, мантуу жигнэхдээ ашиглаж, сүүлийн жилүүдэд бас шар усаар чихэр хийдэг болсон боловч шар ус хэрэглэх хэмжээ нь маш хязгаартай байв. Тиймээс хөдөөгийн малчид нь шар усаараа мал усалж, хот сууринд байгаа хүмүүс нь шар усаа гахай тахиа тэжээдэг хүмүүст бараг үнэгүй шахуу өгч явуулдаг ажээ.

Д.Оюунбилэг 

Харин Д.Оюунбилэг цагаан идээ боловсруулж гэр тэрэг, сав суулгаа угааж цэвэрлэх явцдаа шар ус нь тос, хир буртгийг маш сайн арилгадаг болохыг анзаарсан байна. “Би сав суулга, алчуур зүлгүүрээ угааж цэвэрлэхдээ ерөөс угаалгын шингэн, угаалгын нундаг хэрэглэдэггүй, шар усаараа л угаачихдаг” гэж тэр ярьж байв. Ийнхү шар усыг ашиглан угаалгын шингэн үйлдвэрлэх гэж тэр  2023 оны сүүлчээс эхэлэн хөөцөлдөж, шар уснаас ашигт элементийг нь ялгаруулж авах, дахин давс, хужир зэрэг бодистой нийлүүлэн тогтворжуулах, холбогдох бүх шинжилгээ гэрчилгээгээ хийлгэх, оюуны өмчийн эрхээ авах, машин төхөөрөмжөө нийлүүлэх, “ариухан” шошго тэмдгээ бүртгүүлэх, “ариухан” технологийн судалгаа хөгжүүлэлтийн компаниа үүсгэн байгуулах зэрэг ажлуудыг хийсээр байж энэ жилийн эх болоод албан ёсоор үйлдвэрлэлээ эхлүүлжээ.

Д.Оюунбилиг хэлэхдээ: “Бүтээгдэхүүнийхээ үнийг 22 юань гэж би ил тод тогтоосон, үүнд борлуулагчдаа 12 юаниар өгдөг, борлуулагч нар маань дундаас нь 10 юань хождог. Зарим нь манай энэ бүтээгдэхүүнийг үнэтэй байна гэх нь ч бий, дээд зэрэглэлийн сайн бүтээгдэхүүн юм чинь үнэтэй байж л таарнаа” гэснээ, залгаад: “Манай энэ бүтээгдэхүүний олон төрлийн үзүүлэлт нь бүр улсын A зэрэглэлийн хүнсний аюулгүй байдлын стандартыг хангасан. Энэхүү угаалгын шингэний гол бүрэлдэхүүнийг нь манай идэж уудаг шар уснаас ялгаруулан гаргаж авсан болохоор тос, хир буртгийг маш сайн цэвэрлэдэг мөртөө цэвэр эко, гарын арьсанд ямар ч сэтэлтгүй. Химийн аргаар нийлүүлж бүтээсэн өөр бусад угаалгын шингэнээс эрс өөр. Тийм учраас шууд идэж уудаг жимс ногоо юм уу идж уух юмтай шууд хүрэлцдэг аяга тавгаа угаахад энэ бараа бүтээгдэхүүн маш тохиромжтой, химийн бодис үлдэнэ, байгаль орчныг бохирдуулна гэж санаа зовох огт хэрэггүй” гэв.

Эх сурвалжаас үзвэл, Шилийнгол аймгийн “ариухан” технологийн судалгаа хөгжүүлэлтийн компани 6 сарын хугацаанд “ариухан” тэмдэгт 120 мянган шил угаалгын шингэн үйлдвэрлэж борлуулаад байгаа бөгөөд үйлдвэрлэл борлуулгын хэмжээ сараас сар нэмэгдэж, Өвөр Монголын аймаг хот төдийгүй Монгол Улсад ч борлуулагдаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар, голдуу интернет сүлжээгээр борлуулж байгаа бөгөөд 100 гаруй сүлжээний борлуулагчтай. “Тарагны шар усыг ашиглан аяга таваг угаагч үйлдвэрлэж байгаа явдал бол инновацын үйл ажиллагаа, шинэ нээлт мөн, олон нийтэд сурталчилж, олон нийтэд танигдах хүртэл цаг хугацаа хэрэгтэй. Өнгөрсний урт удаа он жилүүдэд хаягдмал байдалтай байсан тарагны шар усыг эдийн засгийн эргэлтэд оруулах бас нэгэн зам тавигдж байна гэж бодож байна” гэж Сөнөд зүүн хушууны захиргааны Хэвлэл мэдээллийн албын дэд эрхлэгч Бай Чиже ярив.

 

Зохиогч: Нийтлэл: Ё.Хишигбаяр Ц.Урантунгалаг С.Урьхан Н.Цовоо
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл