
МУСТА, жүжигчин Адилбишийн Адилцэцэг
“Хүүхдийг хүнийх нь хувьд хүндлэх, тэдний бүхий л эрхийг нь дээдлэх” бол Адилцэцэг багшийн зарчим. Үүнийгээ мөн эцэг эхчүүдэд уламжлан, үр хүүхдээ анхаарч, хүсэл бодлыг нь сонсож байхыг шаарддаг аж. Хүүхдүүдэд урлаг, ур чадварын хичээл заахаас гадна мөн өөрийн биеэ зөв, бүрэн илэрхийлэх, ёс суртахуун, зан суртахууны талаар доголдолгүй заахыг хичээж явдаг түүний хувьд хичээл заах ур чадвар, сэтгэл зүйн мэдлэг баялагтай байдаг нь ажиглагдаж байлаа.

Адилцэцэг шавь нарын хамт
- Сайн байна уу? Та өөрийгөө бидэнд танилцуулаач?
Сайн байна уу? Намайг Адилбишийн Адилцэцэг гэдэг. Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Кино драмын жүжигчний мэргэжлээр төгссөн жүжигчин хүн байгаа. 16 настайгаасаа кино урлагт хөл тавьж эхэлсэн. Миний аав өөрөө жүжигчин хүн. Аавынхаа мэргэжлийг өвлөж эзэмшээд явж байна даа. Хамгийн анх Буриадуудын тухай бүрэн хэмжээний уран сайхны кино “Эцгийн голомт”-д /1992 он/ тоглож байсан.
- Яагаад энэ кинонд тоглох болсон бэ? Өөрөөр хэлбэл таны жүжигчин болох зам яаж нээгдсэн бэ?
Тухайн үед киноны дүрийн сонгон шалгаруулалтыг маш сайн хийдэг байлаа. 18 аймгаар явж дүрийн сонгон шалгаруулалт хийхэд нь би Дорнод аймгаас киноны пробонд орсон. Гурван сарынх дараа “Дүрийн шалгаруулалтад тэнцсэн. Гэхдээ зөвхөн аймаг дотроо түрүүлсэн. Дахин Улаанбаатар хотод сонгон шалгаруулалтад орно” гэдгийг цахилгаан утсаар надад мэдэгдсэн. Жинхэнэ мэргэжлийн жүжигчидтэй тэнд өрсөлдөнө гэсэн үг л дээ. Гэхдээ л энэ киноны гол дүрд тоглох эрхийг авч чадсан. Урлагийн маань их зам ингэж эхэлсэн.


Адилбишийн Адилцэцэг /дунд/
- СУИС-д сурах болсон тухайгаа яриач?
“Эцгийн голомт” кинонд тоглож байх хугацаандаа СУИС-д шалгалт өгсөн. Шалгалт өгсөн 360 хүүхдүүдээс 7 охин 7 эрэгтэй хүүхэд авах байсан бол би хоёрт нь тэнцээд СУИС-д орсон. Тэнд сурч байх хугацаандаа бас маш олон найруулагчийн кинонд уригдсан. Гэхдээ сургуульд сурч байх хугацаандаа их дэг журамтай байсан учир тэр болгонд явах боломжгүй байлаа. Гэхдээ зуныхаа амралтаар кинонд тоглодог байсан. Ямар ч байсан миний хувьд урлагт их тэмүүлэлтэй, сонирхолтой. Дуртай юмныхаа төлөө юу ч хийхээс буцахгүй, тийм хүсэл эрмэлзэл дүүрэн хүүхэд байсан.
- Урлагийн аянаасаа хуваалцана уу?
Өнөөдөр болтол нийтдээ 30-40 киноны гол болон туслах дүрд тоглосон байгаа. Мөн хошин шогийн “Өнгөт инээд” хамтлагт тав зургаан жил ажилласан. Миний чиглэл ерөнхийдөө кино драм талдаа байдаг. Гэхдээ урлагийн хүн гэдэг утгаараа өөрийгөө ер нь сорих дуртай. Олон чиглэлээр сорьж үзсэн. Эхлээд Хүүхэлдэйн театрт тав зургаан жил ажиллаад дараа нь “Өнгөт инээд” хамтлагт орсон. Сургуулиа төгссөн жилүүдэд Драмын эрдмийн театрт мөн 2 жил гаруй ажиллаж байлаа. Тэнд байхдаа бие давхар болоод ажиллах боломжгүй болсон хэдий ч урлагаасаа мөн холдоогүй. Хүүхдээ өсгөхийн зэрэгцээ кинонд дуу оруулах зэргээр ер нь урлагийнхаа чиглэлээс нэг их хөндийрөөгүй. Мөн хүүхдийн цэнгээнт нэвтрүүлэг хөтөлж байсан.


Жүжигчин А.Адилцэцэг
- Одоо ер нь ямар чиглэлээр гол төлөв ажиллаж байна?
Монголд байхдаа их сургууль, цэцэрлэгүүдэд багш, жүжигчин, найруулагч чиглэлээр ажиллаж байлаа. Кино гэдэг чөлөөт уран бүтээл гэж миний хувьд ойлгодог. Чөлөөт уран бүтээлч учраас давхар бас багш, найруулагч, хөтлөгч хийж болдог. Гэхдээ кино бол миний амьдралаас нэг их салахгүй байгаа.
- Одоо та Шилийнхотын Монгол үндэстний 2-р бага сургуульд багшилж байгаа гэсэн. Тус сургуульд ямар чиглэлээр багшлахаар ирсэн бэ? Яагаад Шилийнголд ирж багшлах болсон юм бол?
Тийм. Энд би уригдаж ирсэн. Голдуу тайзны яриа, хэл яриа, жүжиглэлт, хөтлөгчийн чиглэлээр сургалт явуулж байгаа. Сургуулийн талаас ийм санал хүсэлт тавьсныг МУГЖ Чаминчулуун гуай надад санал болгосон. Аливаа юманд холбоо гүүр байх ёстой шүү дээ. Миний хувьд анх удаа Шилийнхотод ирж ажиллаж үзэж байгаа.


Өхөөрдөм шавь нар нь
- Гүүр гэснээс Хятад, Монгол хоёр орон сүүлийн жилүүдэд олон салбарт хамтран ажиллаж байгаа. Таны бодлоор боловсролын салбарт хэр их хамтран ажиллаж байна? Мөн боловсролын салбар дахь ялгаа зөрөө нь юу байна?
Монгол Улсын сургалтын бодлого Хятадын сургалтын бодлогоос тэс өөр санагдсан. Хятад улсын бодлого тодорхой хэмжээний дарамттай юм байна гэж санагдсан. Анх надад мэдрэгдсэн зүйл юу гэхээр хүүхдүүдийн биеэ барьж байгааг тайвшруулах шаардлагатай байсан. Хүний өөдөөс эгцэлж харж ярьдаг болгоё, өөрийгөө бүрэн гүйцэд таниулдаг болгоё гэж шийдсэн. “Манай хүүхэд их ичимхий”, “Манай хүүхэд солгой хоолойтой”, “Хүү маань хүний өөдөөс эгцэлж хардаггүй”, “Энэ хүүхдийн хэл яриаг нь сайхан тэгшилмээр байна” гэж хүүхдүүдээ авчирсан эцэг эхчүүд хэлдэг байсан. Энэ нь бүгд боловсролын бодлоготой холбоотой юм байна гэж бодогдсон. Гэхдээ мөн маш шаргуу, хөдөлмөрч, сурахын төлөө мэрийж байдаг хүүхдүүд гэж бас нөгөө талаас нь олж харсан л даа. Амралтын хоёр өдрөөс бусад цагт хүүхдүүдийн хичээл дүүрэн байдаг учир түргэн хэл, шүлэг цээжлэх цаг гардаггүй. Хичээл даалгавар ихтэй байхад нь шүлэг цээжлүүлэхээр маш хүндрэлтэй байсан. Гэхдээ манай хүүхдүүд маш хурдтай сурсан гэж бодож байгаа. Би илүү монгол талаа бариад ардын аман наадгай, түргэн хэллэг, зүйр цэцэн үг, шүлэг, яруу найраг, дайралцаа дуу зэргийг цээжлүүлж, үг хэллэгийг нь нэлээд зассан. Хүүхдүүд маань их өөрчлөгдсөн. Биеэ барих байдал үгүй болохын дээр өөрийгөө бүрэн гүйцэд илэрхийлж чаддаг болсон. Ингээд хэл ярианы хажуугаар мөн хүүхдүүдийн авьяас, боломжуудыг нь нээхийн тулд нэлээд ажилласан.
- Нууц биш бол заах аргын жороосоо бидэнтэй хуваалцахгүй юу?
Нэгдүгээрт Ардын урлагийн чиглэл, мөн орчин үеийн урлагийн чиглэлээр хичээллэхийн зэрэгцээ хөгжөөнт дасгалуудыг хичээлдээ хамруулсан. Бие халаах дасгалыг хөгжөөнтэй, хөдөлгөөнтэй, дуутай хийгээд ирэхээр хүүхдүүд маань илүү сонирхож ирсэн. Хичээлдээ урам зоригтой болж, бямба ням гарагуудыг хүсэн хүлээдэг болсон гэж байгаа. Хоёрдугаарт эцэг эхчүүдтэй тулж ажилласан. Яагаад гэхээр хүүхэд бүхэн өөр байдаг. Эцэг эх, хүүхдүүдтэй нэг нэгээр нь тулж ажиллаад ирэхээр маш сайн үр дүнд хүрсэн. Шавь нар маань илүү их юм сурч өөрчлөгдөж байгаа нь мэдрэгдээд ирэхээр надад маш бахархалтай санагдах болсон. Хүүхдүүд маань уралдаан тэмцээн, үдэшлэг тоглолтод орох болоход өмсөх хувцсыг нь хүртэл зааж сонгож өгөх, эцэг эхчүүд нь ч маш сайн дэмжиж, хэлсэн ёсоор хувцсыг нь бэлтгэж, хүүхдүүддээ урам зориг өгдөгт нь маш их баярладаг.

А.Адилцэцэг
- Та анх удаагаа Шилийнхотод ирж ажиллаж байгаа гэсэн. Анх энд ирж байсан тэр үеийг санаж байна уу? Ер нь хүндрэлтэй санагдаж байсан уу?
Анх ирэхдээ бага зэрэг эвгүй санагдаж байсан. Гэхдээ надад Шилийнхот их таалагдсан. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг шүү дээ. Ойр зуурхан гараад, ганц хоёр хэллэг сураад ирэхээр бүх юм хэвдээ орсон. Хүмүүстэй нь харьцахад хэцүү зүйл байгаагүй. Энд ирээд мөн нэг зүйл их таалагдсан. Юу гэхээр монгол өв соёл, монгол бичгээ хадгалж авч үлдэж байгаа чанар. Жишээ нь зан үйлийн хичээл гэж байгаа. Монголчуудын гал тахих ёс зэргийг хүүхдүүддээ өвлүүлж зааж байгаа нь надад маш их таалагдсан. Мөн нэг дэх өдөр болгон монгол дээлээрээ гоёод ирэхэд хүүхдүүд маань их хөөрхөн санагдаж, сэтгэл огшоод ирдэг.

Хөөрхөн шавь нар нь
- Та Монголдоо мөн цэцэрлэг, сургуулиудаар багшилдаг байсан гэсэн. Багш хүн гэдэг хүүхдүүдэд багшлахын хажуугаар эцэг эхчүүдтэй нь харилцаа холбоотой байх шаардлага гардаг. Ингэхэд хоёр орны эцэг эхчүүдийн боловсролын талын үзэл бодол ер нь ямар ялгаа зөрөөтэй байна?
Ялгаатай зүйл бол бага зэрэг байна. Жишээ нь Монголчууд хүүхдүүддээ ер нь нэлээд их ачаалал өгдөг. Улмаар хүүхдүүд нь шандас сайтай болж, зорьсон юмандаа зоригтой тэмүүлдэг. эцэг эхчүүд мөн тэр болгонд нь оролцоод байхгүй. Хүүхдүүдээ их дэмждэг. Гэхдээ энд бол өөр. Хүүхдүүдээ маш их бөөцийлдөг. Улмаар хүүхдүүд нь дасгал хөдөлгөөн хийгээд ирэхээр амархан ядраад байдаг болсон байна. Гэхдээ эцэг эхчүүдтэй тулж ажиллаад энэ бүх зүйлийг үр дүнтэй өөрчлөөд байгаа. Одоо хүүхдүүд маань ч, аав ээж нар нь ч миний хурдыг дагаад сурчихсан, хаана ч явсан нүд нь гэрэлтсэн, цоглог хүүхдүүд болсон. Энэ нь мөн надад их урам зориг болж байгаа.
- Та багш хүний хувиас эцэг эхчүүд болон уншигчдад хандан хүүхдийн хүмүүжлийн асуудлаар зөвлөгөө өгөөч?
“Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг. Хүүхдүүддээ, эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд мэдээж хүн болгоны хувьд “Үхтэл үр харам” гэдэг шүү дээ. Үр хүүхдэдээ санаа тавих нь зөв. Гэхдээ илүү биеийг нь даалгах хэрэгтэй. Хүүхдүүдээ насан туршид нь үргэлж дагаж явахгүйгээс хойш ямар ч газар өөрөө өөрсдийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг болгох хэрэгтэй. Дээр нь хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг илүү сайн сонсдог, маш сайн дэмждэг байх ёстой. Ихэнх эцэг эхчүүд ажил албанаасаа болж хүүхдээ хайхардаггүй. Гэртээ ирээд хэчнээн их ажилтай байсан ч хүүхдүүддээ анхаарал тавьж, юу хүсэж байгаа, юу хэрэгтэй байгааг нь асууж ойлгож, хүүхдээ дэмжин, урамшуулж байх хэрэгтэй. Ялангуяа нэгээс гуравдугаар ангийн бага насны хүүхдүүдэд маш их хайр халамж хэрэгтэй байдаг. Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл өөр, авьяас чадвар нь ч өөр. Сурлага сайн байх эсэх нь чухал биш. Харин авьяас чадварыг нь харж, хүүхдээ байнга урамшуулж бай. Хүүхдээ сайн сонс, дэмж гэж л хэлмээр байна.
- Маш сайхан зөвлөгөө байна. Баярлалаа. Гадаад улсын иргэн, мөн энэ нутгийн боловсролын үйлсэд гар бие оролцсон хүний хувиас та хүүхдийн хүмүүжлийн асуудлаар зөвлөх, санал болгох юу байна?
Би өөрөө урлаг соёлын хүн учир энэ тал дээрээ л ярья. Энд Улаан театр гэж байдаг. Гэхдээ тэр сайхан бүрэн бүрэлдэхүүнээрээ, цогцоороо ажилладаггүй нь тун харамсалтай санагдсан. Монголоос ирж тоглож байгаа хүүхдийн жүжгийг хараад хүүхдүүд маш баяртай байхыг би анзаарсан. Хүүхдэд зориулсан тоглолт энд их цөөн байна. Хүүхдэдээ үзүүлж харуулах юм алга. Зөвхөн тоглоом, гар утас, компьютероор л тоглуулж байгаагаас биш, хүүхдийн жүжиг гэх мэтээр хүүхдийн гэсэн юм маш бага байна. Ядаж 7 хоногтоо нэг удаа хүүхдийн ордноо ажиллуулж, сургууль сургуулиудын жүжиг, урлагийн үзүүлбэр зохион байгуулж байвал сайн байна. Маш олон авьяастай хүүхдүүд байна. Энэ олон сургуулиудын шилдэг хүүхдүүдийн нэгдсэн тоглолтыг тогтсон хугацаатай тэр сайхан ордондоо тоглуулж, хүүхдүүддээ үзүүлж, тэдний урмыг сэргээж байвал сайн юм гэж зөвлөмөөр байна. Зөвхөн хичээлээр дарахын оронд сардаа нэг удаа ч болов театр, ордондоо тоглуулж өгөөч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тайзан дээр гарч, тоглож үзэх юмсан гэж хүсэж мөрөөддөг хүүхдүүд зөндөө олон байгаа. Тэр хүсэл мөрөөдлийг нь биелүүлж өгөөч, хүүхдүүдээ сорьж, урам өгөөч гэж хэлмээр байна.
- Баярлалаа. Мөн цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Танд ажлын, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Баярлалаа.
