
Хэлэлцээны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд энэ удаагийн айлчлал сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлэх, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэхэд үр дүнтэй чухал алхам болно хэмээн найдаж буйгаа илэрхийллээ.
Хүндэт зочин Лю Юньшан БНХАУ-ын дарга Си Зиньпин, бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал /БХАТИХ/-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нарын мэндчилгээг УИХ-ын даргад уламжлав.
УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсад эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай байгаа энэ үед уламжлалт харилцаатай БНХАУ-тай хамтран ажиллах шаардлага тулгарч буйг онцлоод, Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгааг парламент дэмжих болно гэлээ.
Мөн эдийн засгийн үр өгөөжтэй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтарч хэрэгжүүлэхэд тааламжтай нөхцөл бүрдүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах, өмнө нь ярьж байсан төсөл, хөтөлбөрүүдийг шинэ нөхцөл байдалд зохицуулан боловсронгуй болгож, хөдөлгөх арга замыг эрэлхийлэхийн төлөө байгаагаа дурдав. Түүнчлэн хөнгөлөлттэй зээл тусламж авах, свот гэрээний хугацааг сунгах, орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Хятадын талд тавилаа.
Хүндэт зочин Лю Юньшан дэлхийн эдийн засгийн сэргэлт алгуур байгаа өнөө үед хоёр улс хөгжлийн стратегиэ уялдуулан давуу талуудаа ашиглах замаар үр ашигтай хамтран ажиллах шаардлагатай байгаа, тийм боломж нөхцөл ч бийг онцлов. Энэ үүднээс хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах талаар Засгийн газрын түвшинд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах нь чухал хэмээн үзэж байгаагаа хэллээ. Монгол Улсад тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад шаардлагатай туслалцаа үзүүлэх, тодорхой зохицуулалт хийх боломжтойг дуулгав. Тэрээр УИХ, БХАТИХ хоорндын хамтын ажиллагааны механизмын хоёр дахь уулзалтыг энэ жил Бээжин хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг УИХ-ын даргад дуулгаад, төлөөлөгчдөө оролцуулахыг хүслээ.
