solongonews
Чанарыг баталбал зочин олон, хичээл зүтгэл гаргавал үйлс саруулхан
2017-08-28 16:20
Зүүн Үзэмчин хошууны Монгол үндэстний 2-р бага сургуулиас өмнө зүгт явсан замын хажууд үүд хаалганаасаа эхлэн угалз хээгээр чимэглэн зассан тулга монгол хоолны газар бий.

Энэхүү хоолны газар нь цэвэр цэмцгэр, саруул тохилог бөгөөд монгол онцлогтой идээ ундаагаараа хол ойрын зочдод таалагдсаар ирэв. Тус хоолны газрын эзэн бол Зүүн Үзэмчин хошууны Дуутнуур суурингийн Хан-Овоо багийн уугуул. Ган гачиг үргэлжлэн малын үнэ ханш маш их хэмжээгээр буурч малчин Заяат малаа цөөлж, нутаг бэлчээртээ тохируулан аав ээждээ цөөхөн мал малжуулан эхнэртэйгээ хошууны төв орж хоолны газар ажиллуулж эрхэлсэн нь 2014 оны явдал юм. Тэд энэхүү хоёр давхар байрыг 50 мянга гаруй юаниар түрээслэн, дотно гадна талыг нь цэвэр тохилог монгол онцлогтой засаж, бүхий л хэрэгтэй зүйлсийг бүрдүүлэн 300 мянган юанийн хөрөнгө оруулав.

Заяат хоолны газраа хориод хүний багтаамжтай нэг том хүлээн авалтын өрөө болон дөрвөн жижиг өрөөтэй сайхан хээнцэр засаж чимэглэн үүдээ нээж өрхөө сөхсөнөөс хойш таних, танихгүй гийчин зочин өдрөөс өдөрт олширсоор л байлаа. Гийчин зочин олшрохыг дагаад наймаа нь сайн байх нь гарцаагүй.

- Хоолны газраа нээснээс хойш арилжаа наймаа маш урагштай, таньж мэддэг найз нөхөд маань олон зочин танилцуулан дагуулж ирдэг. Хоол ундныхаа чанарыг баталж, амт шимтийг нь өөрчлөхгүй бол гийчин зочин нэгээс хоёр, хоёроос олон болдог юм байна. Гийчин зочиддоо халуун дотно хандаж, сэтгэлд нь нийцсэн сайхан үйлчилгээ үзүүлэх нь миний эцсийн зорилго” хэмээн Заяат урамтай ярьж байлаа.

Заяат эхнэртэйгээ хоолны газрыг нээж байхдаа хоолны газрын хоолыг хийх талаар ойлголт дутмаг байжээ. Харин ажилтантайгаа эвтэй зөвлөн нарийн хянамгай хамтран ажилласнаар богино хугацаанд монгол хоол ундаа гялалзтал хийж чадах болсноор барахгүй хятад хоолыг ч амт шимттэй хуурах болов. Эднийхэн хоол унд нь орон нутгийн амтыг хадгалж байгаагаараа онцлог юм. Тухайлбал: Битүү шөл, алаг махтай ороомог нь сонгино давснаас өөр ямар ч хольцгүй жинхэнэ амтаараа байдаг тул зочдод таалагддаг. Ямар ч хоол ундыг бэлтгэхэд шинэ махыг хамгийн эхэнд шаарддаг. Иймээс Заяат ч хоолны газрынхаа махыг хөдөө гэрээсээ авч, нутгийн аргаар төхөөрдгөөс махны чанарыг ингэж баталдаг байна. Битүү шөлөө шинэ махтай гурилаар битүүлэн хийж, үргэлж нэг л амттай байдаг нь их сонин. Хэдийгээр аяга нь том боловч харин үнэ ханш нь маш тохиромжтой. Бас алаг махтай ороомог нь хол ойрын зочдын шүлсийг хуруулдаг нь аргагүй. Үүнээс гадна үзэмчин бууз, баншнаас эхлэн бусад төрлийн монгол хоолыг чанар сайтай, чанга хариуцлагатай хийхийг баталж, гийчин зочдыг татдаг байна. Ялангуяа хятад хоолыг ч шинэ махаар хуурдаг тул амт шимт нь харьцангуй содон сайхан байдаг. Заяат энэ хэдэн жилийн турш махаа шинэ байлгаж, хоол ундныхаа чанарыг батлахыг баримталсаар, өнгөрсөн жил дээд шатнаас шалгасан хүнсний аюулгүй байдлын шалгалтад мах тосноос эхлэн гурил будаа, давс нь хүртэл стандартад нийцсэн байна.

Монгол идээний соёлыг олон түмэндээ таниулж яваа Тулга монгол хоолны газар нь эдүгээ таван ажилтан ажиллуулж байгаа бөгөөд жилийн 170, 180 мянган юанийн цэвэр ашигтай үйлсийн ганзага мялааж явна.

 

Зохиогч: Э.Туяа
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл