solongonews
Т.Буянхишиг: Олбогоо сахисан мэргэнээс олныг тойрсон тэнэг дээр
2018-06-06 09:37
Гаднын оронд мэргэжил дээшлүүлэн, өөрийн орон нутгийнхаа хөгжил дэвшилд хүчин зүтгэл үзүүлж яваа хөдөлмөрч залуусын төлөөлөлтэй ярилцдаг ”Миний мөрөөдөл” ярилцлагын маань энэ удаагийн зочноор Монгол Улсын Боловсролын Их Сургуульд докторантурт суралцаж байгаа Хөлөнбуйр хотын радио телевиз хорооны алдарт хөтлөгч Т.Буянхишиг уригдан оролцлоо.

  

- Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Намайг Төмөрбаатарын Буянхишиг гэдэг Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Буйр сумын хүн. Одоогоор Хөлөнбуйр хотын радио телевиз хорооны "Алтан хонх" хүүхдийн нэвтрүүлгийн найруулагч, хөтлөгчөөр ажиллаж байна.

- Яг хэдэн оноос ямар мэргэжлээр Монголд суралцсан бэ?

2014 онд анх Монгол Улсад очоод долоо хоног байх хугацаандаа бүх хүмүүс нь монголоор ярина, хаана очсон ч монгол дуу эгшиглэж, харагдаж байгаа байдал нь надад үнэхээр сайхан санагдсан. Тэр цагаас хойш энэ орны нийгэмтэй нь танилцах юм сан гэж бодох, бүр аяллаар биш энд ирж сурах мөрөөдөл хөвөрсөн. Тэгээд 2015 оны хавраас магистраа Сэтгүүл зүйгээр Монгол Улсын СУИС сурч эхэлсэн дээ. Тэнд гадаад оюутны зөвлөлд орж, багш нартайгаа илүү дотно танилцаж, сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон өөрийгөө хөгжүүлж, гаршуулж явлаа. 

- Монгол Улсад сурах Хятадын оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа байх?

Тийм ээ. Жилээс жилд нэмэгдэж байгаа. Намайг анх очиход зөвхөн СУИС-д л гэхэд Өвөр Монголын 300 гаруй оюутан байсан. Боловсролын Их Сургуульд бол бүр ч олон суралцаж байгаа. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа сайжрах тусам боловсролын салбар ч олон талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа. Боловсролын Их Сургууль гэхэд л Өвөр Монголын Үндэсний Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургуулиудтай гэрээтэй ажиллаж, оюутан солилцож байна. Гэрээний дагуу сурахаар сурлагын төлбөр 40 хувийн хөнгөлөлттэй байдаг юм байна. Монгол Улсаас Хятад улсын муж хотууд, Өвөр Монголд Засгийн газрын тэтгэлгээр ирж сурч байгаа оюутан залуус ч жилээс жилд нэмэгдэж байна.

- Монгол Улсад сурч байгаа Өвөр Монгол оюутнууд хэр их уулзалдаж, холбоотой байдаг вэ?

Байнга холбоотой байдаг. Алшаа оюутнуудын холбоо, Хөлөнбуйр оюутнуудын холбоо гэхчлэн аймаг хотуудын оюутны холбоо байгаа.

- Манайхан Монгол Улсын залуусаас авах зүйл нь юу байна?

Сурах зүйл их байна. Тэд хүмүүстэй чөлөөтэй нээлттэй харилцдаг. Биеэ авч яваа байдал, өмсөж зүүхээс эхлээд, ямар үед ямар байх талд үнэхээр хүндэтгэлтэй хандаж, өөрийгөө нийгмийн нэг бүрэлдэхүүн гэдгээ зөв таньдаг. Мөн тэдний биеэ дааж ажиллах чадвараар би их бахардаг. Багш нар нь сэдвээ өгөхөд л өөрсдөө хувааж аваад, өөрөө сэтгээд, бүр унтаж амралгүй бэлдэж, гаргах хүч нь бүр илүү байдаг. Ямар ч зүйлийг хүндээр биш болно бүтнэ гэсэн маш эерэг сэтгэлээр хүлээн авдаг. Яг л ингэж сэтгэлийн тэнхээтэй, хаттай ажил амьдралд ханддаг болохоор Монгол Улсын тэр олон мундаг уран бүтээлчид төрөн гарч, Монгол Улсын урлаг, мэргэжлийн түвшинг өндөрт авч байгаа гэж боддог. Харьцангуйгаар хэлбэл  одоогийн Ар Монголчууд нь Өвөр Монголчуудыг бодвол унаган англи хэлтэй гэж хэлж болно. Дээр үеийнхэн нь унаган орос хэлтэй байдаг шиг. Тиймээс монгол оюутнууд англи, орос хэлнээс гадна солонгос, япон зэрэг хэлээр бичигдсэн ном зохиолоос мэдлэг олох, интернет нийгмийн сүлжээнээс зөв мэдээ мэдээллийг ялган авч үзэх нь бидний залуусын тусган авч өөрийнх болгох нэгэн зүйл гэж үзэж байна.

- Та ажлынхаа хажуугаар докторантурт суралцах, давхар хүүхдийн сургалт зохион байгуулдаг юм байна. Эдгээр ажлуудыг яаж амжуулж байна?  Хүүхдийн хүмүүжил дээр та их туршлагатай болсон байх?

Монголд очоод хүмүүс нь юм юмыг амжуулаад яваад байгааг анзаарсан. Очсон газартаа дасан зохицох хэрэгтэй. "Олбогоо сахисан мэргэнээс олныг тойрсон тэнэг дээр" гэсэн эртний мэргэн үг байдаг. Амралтын цагаар гадуур явж, орчинтой нь танилцаж, тэндэх сургалтын газар, радио телевизээр хүрч, олон олон сайн багш нартай танилцсан. Багш нар маань надад үнэтэй санал зөвлөгөө өгнө. Монгол Улсын багш нарын хамт Хөлөнбуйртаа хүүхдийн сургалтын анги зохион байгуулж байлаа. Мөн Хөлөнбуйр хотынхоо Хөлөн бага сургууль, Монгол сургуульд долоо хоног бүр хоёр удаа хичээл ордог. Хүүхдийн нэвтрүүлэг хийдэг болохоор хүүхэд нэвтрүүлэгч, сэтгүүлчдээ бэлдэх хэрэгтэй байдаг. Сургуулийн нөхцөлд хүүхдүүдээ бэлдэнэ, эх үрсийн баяраар жүжиг, тоглолт бэлдэнэ. Эдгээр ажлууд бүгд миний хүүхдийн нэвтрүүлгийг дэмжиж байдаг. Хэл ярианы анги бас нээсэн байгаа. Үгийг зөв хэрэглэх, үгийн жинхэнэ утгыг ойлгох гэхчлэн зааж сургана. Хүүхэд болгоныг хөтлөгч, дуучин болно гэж бэлдэх биш, харин хэл яриа гэдэг чинь өөрийгөө зөв зоригтой илэрхийлэхэд нь тусална. Дуу дуулах нь өөрийгөө сонсох, зураг зурах нь сэтгэхүй хөгжих, спортоор хичээллэх нь эрүүл мэндэд тустай гэхчлэн. Энэ бүхний сууринд хүнийг хүндлэх, хайрын хүмүүжил орно. 2008 оноос одоог хүртэл Хөлөнбуйр хот орон нутгийн хүрээнд хүүхэд багачуудын хэл яриаг дээшлүүлэх зорилгоор монгол хэлний бяцхан жүжигчин хөтлөгчийн сургалтын ангийг байнга зохион байгуулж төрөлх монгол хэлээрээ зөв тод ярьж өрийгөө зөв илэрхийлэх монгол үгийн сангийн баялагтай болгох, өвөг дээдсээс уламжилсан өв уламжлалаа хэрхэн яаж зөв уламжилбал зохистой байх, аав ээж, ахас загсаа хүндлэх, хайрлах хайрын хүмүүжлийн хичээл болон хэрхэн яаж зөв хүн болж хөгжих тухай заадаг бөгөөд хүүхдүүдийн хамгийн хүрээлэн үздэг монгол хэлний хүүхдийн жүжгийг өөрөө найруулан удирдаж сургалтад хамрагдсан шавь нараараа 06-р сарын 01-ний эх үрсийн баярын өдөр болон хүүхдийн баяр наадмын хүүхдийн уралдаан тэмцээнд тоглуулж, үзэгч түмний хайр хүндэтгэлийг олж явсан. Шавь нар маань яриа илтгэл, яруу найргийн, үлгэрийн, хөтлөгчийн тэмцээнд амжилттай оролцон, мөн уралдаан тэмцээний хөтлөгч сурвалжлагчаар бие даан ажиллаж чаддаг ур чадвартай болсон байдаг .

- Хамгийн ойрын зорилго тань?

Ойрын зорилго бол докторантурын өгүүллийнхээ сэдвийг сонгохоор эрдэмтэн багш нартай уулзан зөвлөгөө аваад тун завгүй явна.

- Монгол Улсад суралцах гэж буй дүү нартаа хандаж зөвлөгөө өгвөл?

Хоорондоо бөөгнөн гэр, байраа сахиад суух биш, гадуур явж нүд нээж, тухайн газар орны хүн болоод орчинтой нь танилцах хэрэгтэй байна. Номын сангаар сайн үйлчлүүлэх хэрэгтэй. Олон сайхан ховор нандин номууд байна. Сайт сүлжээнд нь гарч телевизийн нэвтрүүлгийг нь үзэж тэндээс олон зүйлийг мэдэж, сурч, судалж болно. Монголд байх цагаа зөв зохистой ашиглаж гадаад хэлний сургалтын төвтэй харилцаж гадаад хэлний сургалтад хамрагдаж гадаад хэлтэй болох нь их чухал юм шиг санагдаж байна. Учир нь гадаад хэл сурах орчин байна, мөн сургалтын төлбөрийн хувьд харьцангуй хямд үнээр суралцах боломжтой.

- Цаг зав гарган сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт, эрүүл энхийг хүсье!

Танай хамт олон баярлалаа!

 

Зохиогч: Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл