Синьхуа нетийн Өвөр Монгол суваг, Улаанцав хотын Засгийн газраас зохион байгуулсан Улаанцав дахь хамтарсан сурвалжлагын аян энэ сарын 22-нд амжилттай өндөрлөв.
Гурван өдрийн томилолт өвөртөлсөн сурвалжлагын багийнхан маань Улаанцав хотын ажил байдалтай бүрэн танилцахыг зорьж, гурван багт хуваагдан ажилласан юм. Манай багийнхан Улаанцав хотын том датагийн аж үйлдвэр, хотын бүтээн байгуулалт, ногоон байгууламж болон аялал жуулчлалыг хөгжүүлж буй явцтай танилцав.

“Хятадын тал нутгийн зуслангийн орон” хэмээгдсэн Улаанцав хот нь нийслэл Бээжинтэй ойр, зам харилцаа сайтай, нар салхины эрчим хүчний эх үүсвэртэй тул цахилгааны хэрэглээгээ өөрөө хангадаг. Үүнээс гадна тус хот холбогдох бодлогыг боловсруулж, их дээд сургуулиудтай хамтарч чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн, шаардлагатай мэргэжилтнүүдийг урих зэрэг ажлыг хэрэгжүүлснээр Хуа вэй, Алмарад зэрэг том датагийн төвүүд Улаанцавт төвлөрч, “Том датагийн төвд хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой хот” хэмээн үнэлэгдсэн байна.


Сүүлийн жилүүдэд Баванхэ голын хүрээлэн, Гардын асар, Барсат уулын хүрээлэн зэрэг ногоон байгууламжид томоохон хөрөнгө оруулалт хийж, засч тохижуулснаар хотын иргэд, жуулчдын зугаацан сэрүүцэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Үүнд Баванхэ голын хүрээлэн нь Жинин дүүргийн усан ашиглалтын инженерийн томоохон бүтээн байгуулалтад тооцогдож байгаа бөгөөд 2010 оны 9 дүгээр сард барилгын ажил эхэлж, нийт хөрөнгө оруулалт 2 тэрбум юаньд хүрсэн аж. Хүрээлэнгийн урт нь 15 км, өргөн нь 1 км бөгөөд ногооруулсан талбай 6.5 сая кв.метрт хүрч усан цөөрмийн багтаамж 809.5 куб.метр болжээ. Тус хүрээлэн нь 2012 оны 10 дугаар сард Үндэсний A3 зэрэглэлийн жуулчлалын бүсээр шалгарч, 2016 оны 12 дугаар сард ӨМӨЗО-ы зэрэглэлийн усан ашиглалтын үзэмжийн бүс ба Төрийн нуга газраар нэрлэгдсэн.


“Газар доороо баялаггүй, хөрсөн дээрээ ургацгүй” хэмээгддэг Улаанцав хот огт танигдамгүй шинэчлэгдэж оршин суурьших тавтай газар нутаг болжээ.


