Төлийн үеэр зарим эх мал нь тарга хүч муутайгаас болж төлөө хөхүүлэхгүй голох, бас зарим нь сая хургалж ишиглэсний дараа, долоогоогүйгээс болж төлөө голох тохиолдол хаяа гардаг билээ. Иймээс малчид төлөө голсон хонинд тойгийн дуу аялж авуулдаг сайхан заншилтай. Тэр дундаа бод малын гологдсон төлийг авуулахыг тэр болгон чаддаггүй нь хачин. Малчид гологдсон төлийг авуулж чадахгүй үед ийм ажилдаа цагаарсан тусгай хүнийг залдаг ёстой билээ. Тийнхүү гологдсон төлийг амархан авуулдаг тэдгээр хүмүүсийн эрдмийг “нууц эрдэм” хэмээн арга учрыг нь ухдаггүй домчлон ярьдаг нь бас учиртай санагдах юм. Алдбаяр ч ойр саахалтынхаа малчдын заллагаар хүрч, гологдсон төлийн нь авуулж өгдөг тусч зантай хүн юм.
- Олон айлын тугалаа голсон үнээг авуулж байсан. Нэг удаа манай сумын Эх -Ус багийн Отгоны үнээ нь тугалаа голоод байхад би хориод минут л болоод авуулж байсан гэж сэтгэл хангалуун ярьж байлаа.
Алдбаярын нууц эрдэм үнэн гайхалтай, биширмээр. Тэрээр энэ мэтчилэн тугалаа голсон үнээ, унагаа голсон гүүд төлийг нь хэчнээн авуулсныг тоолхуйяа бэрх байв. Иймээс энэ нь малчин хүний мал маллах явц дахь жирийн явдал боловч тэр болгонд яриад байдаггүй эрдэм чадвар буюу.
