solongonews
Шинэ мал аж ахуйн хошууч Барга залуу Баянтал
2016-11-09 10:50
ӨМӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн X Их хуралд зориулсан ӨМӨС-ны Үлгэр булангийн 10 дахь нийтлэл

         Хуучин Барга нутгаар хур бороо элбэг, хадлан өвсний ургац сайн байсан 2011 оны намар малчин айлууд уул шиг их өвс хадаж хураагаад, худалдаачин ирж авахыг хүлээн суутал “Их санасан газар есөн хоног хоосон” гэдэгчлэн өвсний үнэ унаж, олонх хүмүүс "шатаж" хоцорсон. Харин дөнгөж сургуулиа төгссөн нэгэн оюутан залуу өвс тэжээлээ тээж, Ордос хотын Далад хошууны үхэр тэжээх газрыг зорив. Хоёр, гурван мянган километрийн холын аяныг долоон өдөр хатуужилтай туулан нэг тонн өвсийг 1300 юаниар зарснаар тонн бүрээс хэдэн зуун юаний цэвэр орлого олсон байна. Зах зээлийн эдийн засгийн ухааныг зах зухаас нь ч гэсэн ойлгон бодит үйлдэлдээ хэрэгжүүлсэн тархи сэргэлэн, зориг зүрхтэй, тэсвэр тэвчээртэй энэхүү оюутан залууг Баянтал гэдэг.

               Баянтал 2011 онд Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийг Амьтны шинжлэх ухааны мэргэжлээр дүүргэсэн. Мал аж ахуйд онцын хайртай тэрээр Баянтал их сургуулиа төгсмөгц стандартчилсан мал тэжээх газраас суралцахаар Ляонин мужийн Телин хотын хонь тэжээх талбайд анхны ажлын гараагаа эхлүүлэв. Хэдэн сар ажиллахдаа хонинд гар хээлтүүлэг хийх, тэжээж арчлах зэрэг мэдлэг эзэмшсэн байна. Тэр жилийнх нь намар ажиллах газарт нь малын өвчин дэлгэрч, ар гэрийн их ажлын улмаас Баянтал нутагтаа харьж ирэв. Нутагтаа харьсан Баянтал дараа жил нь шалгалтаар дамжин Баянхад сумын Гэгээнхошуу багт оюутан даргаар ажиллажээ.

Баянтал бол Гэгээнхошуу багийн унаган үр, балчир багаасаа энэ нутагт өсөж торнисон. Тэрээр ажилдаа хариуцлагатай учир нутгийн түмэн нь ихэд итгэн дэмждэг. 2015 онд багийн сонгуулиар орлогч нарийн бичгийн даргын тушаалд дэвшсэн бөгөөд оюутан засаг даргын ажлаа үргэлжлүүлсэн байна.

Намрын тунгалаг өдөр Хуучин Барга хошуунд хүрч Баянталыг сурвалжлахад тэрээр багийнхаа үндсэн байдлыгж танилцуулсан юм. Баянтал:

- Манай Гэгээнхошуу баг 86 өрх, 366 сая метр квадрат газар нутагтай. Өмнө хэсгээрээ Хөх Нууртай залгаа, хойд талаараа Эргүнээ голтой нүүрлэдэг. Долоон километрийн хилийн шугамтай, багийн нийтийн хөрөнгө хоёр зуу гаруй адуу, 269 хонь, 39 үхэртэйгээс гадна нийтийн нутаг 67 сая метр квадрат. Гантай жил болвол нийтийн нутагтаа малчдын малыг бэлчээрлүүлж, өнтэй жил болвол өвсийг нь зарж ард иргэддээ хувааж өгдөг. Нийтийн хөрөнгийн орлогоор мөн жил бүр багийн иргэдийн эм эмнэлгийн даатгал ба өндөр настны даатгалыг төлдөг. Ар гэрийн боломж тааруу оюутнуудад тэтгэлэг өгч, сурлага амьдралд нь тус дэм болгодог. 2015 онд гурван оюутныг тэтгэсэн. Сүүлийн жилүүдэд багийн төвөөс улсын зэрэглэлийн засмал замтай холбосон. 17 километрийн засмал зам тавьж, уг нь машинаар хошууны төв Баянхүрээ суурингаас хоёр гурван цаг явдаг байсан бол одоо хорь гаруй минутад хүрдэг болсон. Багийн төвд цахилгаан нэвтрүүлсэн бөгөөд тархан суугаа хорь гаруй малчин айлд мөн байнгын цахилгаан нэвтрүүлжээ.

    Интернэт сүлжээ орон зай эзэлж буй өнөө үед малын үнэ жилээс жилд буурч буй тал дээр борлуулалтын шинэ зам эрэлхийлэх нь малчдын мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрэлхийлэл дэх бас нэгэн гарах зам болжээ. Баянтал өнгөрсөн жил вичат тавцангаар малаа борлуулахаар дамжиж, махны үнээ хөлдөөх агуулах болон Хуучин Барга хошууны зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаалж, хамгийн холдоо Үүхан хот хүртэл борлуулан илүү зуугаад мянган юаний орлого үүдсэн юм. Энэ тухай Баянтал:

- Малын ашиг шимийн борлуулалтын замаа өргөжүүлэн малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх нь хамгийн чухал асуудал болоод байна. Малын махны борлуулалтын тавцан байгуулах хэрэгтэй. Махаа хэрэглэгчдийн гарт шууд хүргэнэ. Интернэт сүлжээ хөгжиж даяарчилсан өнөөдөр энэ тал дээр санаа зоволтгүй. Сүлжээг ашиглаж л чадвал борлуулалтын тавцантай. Манай багийн залуучууд сүлжээг ашиглаад малын ашиг шимээ гадагшаа борлуулах нь тийм ч олон биш байна. Олонх нь амьдаар нь зарах буюу хөлдөөх агуулахад хүргэж, зөвхөн түүхий материалаар хангадаг хуучин зуршилдаа байсаар. Одоохондоо голдуу SF EXPRESS-ээр мал буюу малын ашиг шимээ зөөвөрлөх тэргүүн сонголт болгож байна. Малчид бүтээгдэхүүнээ борлуулахад зар сурталчилгааны ажлаас гадна боловсруулах, зөөвөрлөх болон гэрчилгээ тэмдэгтэй болох гурван алхам бас чухал. Одоо бидэнд тулгарч байгаа асуудал бол гэрчилгээ бүрэн бус учир зах зээлд гаргаж чадахгүй байна. Гэрчилгээгээ бүрдүүлж, тал нутгийн цэвэр махаа чадамгай борлуулах хэрэгтэй гэж ярьж байлаа.

Энэ жил Хөлөнбуйр хүнд хэцүү гандаж, малчдын өвс тэжээл ихээр дутагдаж байгаа бодит байдалд малаа онд хэрхэн мэнд оруулах тухайд Баянтал:

- Манай багийн энэ жилийн байдлаас үзвэл их хэмжээгээр гандаж, малчдын байдал хэцүү болжээ. Малын үнэ хямд, өвс тэжээл хүрэлцэхгүй. Малчид хургаа зараад тэжээл авч байна. Энэ байдалд хандуулан Намын Хороо, Засгийн газраас гамшгийн эсрэг дэмжиж байна гэж ярив.

Орчмын жилээс мал аж ахуйд хэрэглэж байгаа машин төхөөрөмжийн өөрчлөлт олон болсон боловч малчдын бордоо хадах ахицыг хурдан болгож чадахгүйн зэрэгцээ хоёр жил тутамд шинэ машин солих болсон нь малчдын амьдралд бас нэгэн дарамт болж байгаа юм.

- Залуу хүний замын хүзүү урт гэдэг. Суралцах зүйл олон бий. Гадаадад гарч суралцах хүсэлтэй. Ирландад суралцаж байгаа найзтайгаа харилцаж, гадаадын мал аж ахуйн чиглэлээр мэргэжил дээшлүүлэн суралцах санаатай. Үнэндээ орчин үеийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн арга маяг бол тун боловсронгуй, манай эндхийн малчдын мал аж ахуйн үйлдвэрлэлийн арга маягийн өөрчлөлт бага, мал маллах арга барилаа шинжилгээ мэргэжилтэй уялдуулах нь хойшдын бидний хийх ажил болно гэж тэрээр санаашран ярьсан юм.

Баянтал бүх улсын оюутан засаг дарга нарын вичатаар дамжин бусад мужийн оюутан засаг даргатай холбогдож, ирэх жил ноос ноолуураа гадагшаа нэгдэлтэй борлуулах бодолтой байна гэж үзэл бодол, зорилтоо нуулгүй дэлгэлээ.

Зохиогч: Шюанши, Шархүү, Бүрэнбаяр, Хөвчин
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл