ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 01-р сарын 29-ний өдөр Палестин, Израилын нөхцөл байдал сүүлийн үед хурцдаж байгаа талаар сурвалжлагчийн асуултад хариулав
- Сүүлийн үед Израил, Палестины харилцаа хурцдаж, мөргөлдөөн тасрахгүй гарсаар байна. Энэ сарын 26-нд Израилын арми Йордан голын баруун эргийн Женин хотод баривчилгаа хийв. Баривчилгааны үеэр ширүүн мөргөлдөөн болж, Палестины 10 гаруй иргэн амь үрэгджээ. Мөн, маргааш нь буюу 27-нд, Зүүн Иерусалим дахь сүмд халдлага гарч энгийн иргэд амь насаа алдаж, шархдаж гэмтсэн байна. Энэ үйл явдалд Хятадын байр суурийг тодруулна уу?
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “Израил, Палестины байдал хурцадмал байгааг Хятадын тал өндөр түвшинд анхааралдаа авч, мөргөлдөөний улмаас жирийн иргэд хохирч буйд эмзэглэж байна. Энгийн иргэд рүү чиглэсэн ямарваа террорист халдлагыг зэмлэн буруушааж, түүнчлэн зэвсгийн хүч хэтрүүлэн хэрэглэхийг эсэргүүцэж байна. Байдлыг намжаахын тулд хүлээцтэй, тэвчээртэй байж, нөхцөл байдал орвонгоороо эргэж хяналтаас гарахаас өмнө учирч болох хор хөнөөлөөс зайлсхийхийг талуудад, ялангуяа Израилын талд уриалж байна гэжээ.
Дээрх хоёр улсын мөргөлдөөний шалтгаан олон жилийн улбаатай юм. “Хоёр улсын төсөл” өнөөг болтол хэрэгжиж чадсангүй. Тусгаар тогтнолоо тунхаглах Палестинчуудын хүсэлт эрмэлзэл энэ урт хугацаанд биелсэнгүй. “Олон улсын хамтын нийгэмлэг тэднийг яриа хэлэлцээгээ сэргээхэд яг одоо яаравчлан туслах ёстой. Хятадын тал цаашид Палестины асуудал шударгаар, энхийн замаар үр дүнд хүрэхийн төлөө цуцалтгүй хүчин зүтгэх болно” гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлэв.
