Уралдаж буй хурдан морины удам угшил, уяач, уралдаан наадмын амжилт, цол алдартай нь алдалгүй тайлбарлаж чаддаг энэхүү гайхалтай хүмүүстэй ярилцаж, танилцах юмсан гэх хүсэл өвөрлөж явсаар баяр наадмын сүүл шувтрах үеэр Монгол төрийн баяр наадамд айрагдаж, хурдалсан хүлэг морьдын алдрыг хотол олондоо дуудаж, сонсгох буянтай ажлыг хийж яваа морь тайлбарлагчтай уулзах завшаан олдсон юм. Ийнхүү үгийн ур, ой тогтоолтын урлаг ухааныг хослуулсан сэтгүүлч, хурдан морь тайлбарлагч М.Оюунбаатартай ярилцсан ярилцлагаа эрхэм уншигч та бүхэндээ хүргэж байна.

- Хурдан морь тайлбарлах болсон түүхээсээ манай уншигчдад дэлгээч?
Миний хувьд хөдөө төрж өссөн, малчин айлын хүүхэд. Аав ээж маань одоог болтол малаа маллан Төв аймгийн Баянцагаан суманд аж төрөн амьдарч байгаа. Төв аймгийн Баянцагаан сум улсын баяр наадмаас 56 түрүү, 260 гаруй айраг авсан байдаг юм. Монгол Улсынхаа 335 сумаас улсын баяр наадмын морь айрагдуулсан амжилтаараа бүх цаг үеийн түүхэнд нэгдүгээрт бичигддэг. Адууны соёлоор манай нутаг “Монгол Улсын зууны манлай хурдны сум” гэх сайхан өргөмжлөлөө 1999 онд авсан. Мөн Монгол Улсын тод манлай уяач Данзаннямын Даваахүү маань Төв аймгийн Баянцагаан сумын уугуул. Ингээд бодохоор манай нутаг ер нь адууны соёл, хурдан морьдтой их ойрхон санагддаг.
Миний хувьд 2005 онд МУИС-д сэтгүүлзүйн мэргэжлээр элсэн суралцсан. Төгссөний дараа тод манлай уяач Д.Даваахүү ах маань Л.Цагаандалай гэдэг морь сайхан тайлбарладаг хүнтэй ойртоод үз гэх санал тавьсан. Ингээд 2008 онд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд дадлагын оюутнаар Л.Цагаандалай багштай ажиллах болсон. Мөн 2009 онд ТВ9 телевизээс ажлын гараагаа эхлээд энэ онд 11 дэх жилдээ улсынхаа их баяр наадмыг тайлбарлах хүндтэй, хариуцлагатай ажлыг хүлээн авсандаа баярлаж явдаг юм.
- Хурдан морины тайлбарлагч гэдэг дэвшилтэт технологитой адилхан юм шиг санагддаг. Дэвшилтэт технологиос илүү сайн тайлбарлахын тулд хэр их хөдөлмөр зарцуулдаг вэ?
Улсын баяр наадмын хувьд наадмаас 10 гаруй хоногийн өмнө уралдах морьдын сорилго буюу сунгаанууд болно. Энэ олон сайхан сунгаануудаар явж морьдын давхилттай танилцаж болдог учир арай дөхөм болсон. Сүүлийн үед техник технологи их хөгжсөн байна. Цаасан дээр “тэр аймгийн тийм морь” гээд бичээд өгнө. Угшил, амжилт тэр бүхнийг бид өөрсдөө олж мэдээд тайлбарлан хүргэдэг.

- Монголчууд малын зүс сайн мэддэг хүнийг “малд нүдтэй” гэдэг. Хурдан морины тайлбарлагч болоход төрөлхийн авьяас шаардах болов уу?
Би өөрийгөө тийм авьяастай хүн гэж боддоггүй. Зүгээр л өөрийнхөө сонирхлыг хөгжүүлээд өөрийнхөө ажлаа болгосон тийм л хүн. Нэгдүгээрт би энэ ажилд дур сонирхолтой. Хоёрдугаарт миний өссөн орчинтой холбоотой. Манай аав, өвөө морь уядаг хүн байсан. Гэрт яриа өрнөхөд дандаа л морины тухай байдаг. Тиймээс төрөлхийн сонирхолтой холбоотой болов уу гэж боддог. Монголчууд угийн малд нүдтэй. Гагцхүү энэ ажилдаа дур сонирхлоороо цаг заваа гаргаж яваа хэдхэн залуус байгаа болохоос биш морь тайлбарлах боломжтой, ийм авьяастай залуус Монголд хэдэн зуу, хэдэн мянгаараа байгаа гэж би боддог.
- Хурдан морийг сайн тайлбарлахын тулд тайлбарлагч, зураглаач, жолооч гурав маш сайн хамтарч ажиллах ёстой болов уу?
Надтай хамт ажиллаж байсан найруулагч, зураглаачдаас Лхагвадорж, Жаргалсайхан, Мандуул гэх залуус байгаа. Бид анх ТВ9 телевизээс ажлын гараагаа эхлүүлж, хамтдаа ажиллаж байсан. Одоо тэд маань урд хөршид Монгол Одон Телевизийн “Морин эрдэнэ” дэлгэцэд ажиллах болсон. Мөн Анхбаяр, Батбаяр гэх хоёр сайхан залуу надтай арваад жил хамтран ажиллаж байгаа. Байнга морь дагаад явдаг учраас тэр хүмүүс ажлаа өөрсдөө мэдээд ажилладаг.
- Морь гэдэг адгуус л юм хойно өөрөө өөрийгөө мэдэж, сойж, уралдана гэж үгүй. Энэ сайхан хүлгүүдийг таньж, шилж, уяж, уралдуулж нэр төрийг нь мандуулдаг уяачдыг та хэрхэн үнэлдэг вэ?
Дэлхийн улс түмний дунд төрөлхийн чанараараа адуу гэдэг амьтныг мэдэрдэг номер нэг хүмүүс бол Монголчууд гэж би боддог. Яагаад ингэж боддог вэ гэхээр манай алдар цуутай уяач Онон манлай, Даваахүү манлай, Эрдэнэчулуун манлай гэх мэтчилэн уяач нар морийг үзэж мэддэг. Жишээлбэл, олон улсын тэмцээн уралдаанд оролцдог, Олимпын дэлхийн аваргуудын дасгалжуулагч нь тэдэнтэй хоорондоо ярьж ойлголцож болдог. Тэгэхэд хэл мэдэхгүй амьтныг уяад, уралдаанд хэр явахыг нь мэдэж чаддаг уяачдыг тодорхой хэмжээний эрдмийн зэрэг хүртэх хэмжээний дасгалжуулагчид гэж би боддог.

- Морь тайлбарлагчийн хувьд сайхан сайхан хүлэг морьдыг их судалсан байх. Монгол түмнийхээ дунд алдар нэрээ дуудуулсан удамт сайхан хүлгүүдийн түүхээс сонирхуулаач?
Манай нутгийн нэг хурдан хүлэг байдаг юм. Монгол Улсын зууны манлай их насны морь, Богд Гэгээнтний түмэн их сүргийн түмний “хээр алаг” морь. Долоон хошуу даншиг наадамд зургаа түрүүлсэн. Түүний дараа улсын их баяр наадамд гурав түрүүлж, тав айрагдсан Банзрагчийн “аварга зээрд” мөн манай нутгийн хурдан хүлэг байсан. Анх Жамбын Тэрбиш гэдэг хүнээр заалгаж хязааланд нь авсан. Соёолондоо Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын наадамд аман хүзүүдэж байсан бол долоон настай улсын 40 жилд түрүүлж, түүнээс хойш олон ч удаа айрагдаж, түрүүлээд, 50 жилд 17 настай морь улсын наадмын гуравт, 51 жилд 18 настай улсын наадамд аман хүзүүдсэн. 20 настайдаа Баянцагаан сумынхаа 50 жилийн ойд аман хүзүүдсэн. Сүүлд эзэн уяачаас нь зээрд мориных нь тухай асуухад “Миний зээрд морь тарган уралдвал айрагдаж, эцэнхий уралдвал түрүүлдэг л морь шүү дээ” гэж хариулсан гэдэг. Энэ мэтчилэн Монголд адууны соёлын талаар, уяачдын мэдлэгийг харуулсан ам дамжсан яриа олон бий.
- Хурдан морины уяачтай нь, удам угшлыг сайн мэдэхийн тулд уяачидтай холбоотой байх уу?
Би телевиз гэдэг буянтай байгууллагын ачаар Монголынхоо олон сайхан аймгуудаар явж, нутаг нутагт сайхан ахан дүүстэй болсон. “Таны морь хурдан уу? Сайхан зусч байна уу?” гээд ороход айл бүхэн сайхан утгаж авдаг. Энэ бол морины л буян болов уу гэж боддог. Би өөрөө Монголынхоо уяачидтай сайхан явах юмсан, энэ хүмүүсийн гаргасан амжилтыг тодорхой хэмжээнд ард түмэнд таниулж, харуулах юмсан гэж хүсдэг. Энэ завшааныг ашиглаад манай телевизтэй хамт байдаг, Монголын морин уралдааны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, Монголынхоо соёлыг өргөн олонд хүртээмжтэй байхад гавьяа зүтгэлээ, өөрийнхөө олсон хөрөнгө мөнгөө, өөрт байгаа бүх цаг заваа гаргаж, морины соёлын төлөө тэмцэн, хөдөлмөр зүтгэлээ зориулж явдаг нийт Монголынхоо уяачдад баярлаж явдгаа илэрхийлмээр байна.
- Хурдан морины тайлбарлагчийг Монгол Улсын төр засгаас яаж үнэлдэг вэ? Жишээ нь уран бүтээлчдэд “МУСТА”, уяачдад “Тод Манлай Уяач” гэх мэт цол олгодог шиг?
Мэдээж Монгол Улсын төр засгаас үндэсний соёлд хувь нэмрээ оруулж байгаа хүмүүст гавьяа шагналыг олгодог. Манай багш, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хурдан морь тайлбарлагч ЛхаажавынЦагаандалай 2016 онд Соёлын Гавьяат Зүтгэлтэн болсон. Цаашдаа мэргэжил нэгтэй сайхан нөхөд маань ч гэсэн нэр дэвшээд, энэ сайхан өргөмжлөлийг авах байх хэмээн хүсэл эрмэлзэл тавьж байгаа.

- Монголчууд соёолон насны морины уралдаанд илүү их хошуурдаг. Таны хувьд ямар насны морин уралдаан илүү сонирхолтой санагддаг вэ?
Миний хувьд багадаа хурдан байсан хүлгүүд нийлээд нэг дор уралдаж, хамгийн хурднаа үздэг азарга, их насны морьдын уралдаан. Харин соёолонгийн хувьд хүнээр бол 18 нас болж, эрийн цээнд хүрээд бүх зүйл, бяр хүч нь жигдэрсэн гэх утгаар нь хийморьтой, адтай, одтой морь гэж үздэг байх.
Уламжлалаасаа бол соёолон морины тэнгэр баганадсан тэр тоосонд нь л хийморь сэргээнэ гэдэг байсан болохоос биш заавал хөлсөнд нь хүрнэ гэх тийм уламжлал байхгүй. Миний хувьд улсын баяр наадмын айрагдсан морьдын хашаанд жил болгон ордог. Айрагдаж түрүүлсэн 30 морьдын эзнээс бүгдээс нь ярилцлага аваад, сэтгэгдлээс нь хуваалцаж байхдаа хэзээ ч хүний моринд гар хүрдэггүй. “Өө сайхан алтан туурайт байна, надад ч гэсэн хойшид ийм сайхан морь таарах байх” гэж залбираад л гараад явдаг болохоос хүний морины дэл сүүлийг нь зулгааж, халуун гар хүргээд байдаггүй.
- Цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Монголын соёлыг өргөн олонд хүртээмжтэй хүргэх их үйлсэд тань өндөр амжилт хүсч байна.
Баярлалаа. Танай хамт олонд мөн ажлын өндөр амжилт хүсч байна.
