solongonews
Өвөр Монголын хотууд-Ордос хот
2017-04-05 10:27
Ордос хот Өвөр Монголын баруун өмнөд хэсэгт, Хятадын таван өндөрлөгийн нэг Ордосын өндөрлөгт оршдог.

   Их зуу аймаг байсныг 2005 оноос Ордос хот хэмээн нэрлэжээ. Хотон үндэстний Өөртөө Засах Орон, Алшаа, Баяннуур, Бугат, Хөх хот, Улаанцав, Шаньши, Шааньши мужтай зах нийлнэ. Далайн төвшнөөс 1000-1400 метр өргөгдсөн. Хатан гол Ордосын нутагт 860 км урсдаг. Хур тунадас бага, хуурай уур амьсгалтай. Жилийн дундаж дулаан 9-10 хэм. 87 мянган ам км кв газар нутаг, 2 сая гаруй хүн амтай. Дун шэн хэмээх 1 дүүрэг, Далад, Хангин, Зүүнгар, Эзэн хороо, Үүшин, Отог, Отгийн Өмнөд 7 хошуу, "Чингисийн онгон" түүх соёлын цогцолбортой.

Ордос мал аж ахуй голлосон, байгалийн уудам бэлчээртэй. Нарийн ноост хонь, Аравсын ноолуурын чиглэлийн цагаан ямаа, Хархүү хонины суурь, Үүшин адуу зэрэг сайн үүлдрийн мал өсгөнө. Ордосын өндөрлөгийн зүүн өмнө, Хатан голын эрэг дагуу үргэлжлэх хэдэн арван км газарт нүүрсний асар их нөөц бий. Ашигт малтмалын 50 нэр төрлийн уурхайтай. Нүүрсний нөөц 763 тэрбум тонн буюу дэлхийн бүх нүүрсний зургааны нэг нь Ордост байдаг. Зүүнгарын нүүрсний ордын онцлог нь, давхарга зузаан, хуулах өнгөн хөрс нимгэн, олборлоход хялбар. Жилд 50 сая тонн нүүрс гаргах боломжтой, 26 тэрбум тонн нөөцтэй.

Хятадын сүүлийн 20 жилд нээсэн 5 том ил уурхайн 4 нь Өвөр Монголд бий. Тухайлбал, Зүүн гарын, Хуулин голын, Имэн голын, Юань Баошаний орд юм. Алмаз, алт, давс, хужир, маншо, каолин, шохойн чулуу, гөлтгөний нөөц ихтэй тул Ордост нүүрс, хими, эрчим хүч, ноос ноолуур, машин механизм, барилгын материал, арьс шир, сахар, эм, шаазан ваар, хүнсний үйлдвэр олон бий. Ордосын "Хуагун" химийн корпорац, ямааны ноолууран бүтээгдэхүүн дэлхийд алдартай. Ордос хот улсын төмөр замын 2 том төв шугам, засмал замын өргөн сүлжээтэй.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Бай Дү Бай Кэ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл