
Сүүлийн үед хөгшин залуугүй “нуруу өвдлөө” гэх болжээ. Нуруу өвдөх шалтгаан нь олон янз байдаг хэдий ч ихэнхдээ нурууны завсрын жийргэвч мөгөөрсний гэмтэл, өөрөөр хэлбэл нурууны үеийн тавагны гэмтлээр хөл нуруу өвдөх нь илүү. Ийнхүү Шилийнхотын Оточ монгол эмнэлэгт уригдан эмчилгээ хийж байгаа Шулуун хөх хошууны Сангийндалай суурингийн Н.Хурцбилэг эмч нурууны үеийн тавагны гэмтлийг урьдчилан сэргийлэх ба хэрхэн эмчлэн засах тухай нарийн зөвлөгөө авлаа.
“Цахар яс бариач” хэмээн хол ойрдоо алдаршсан Н.Хурцбилэг эмч хориод жилийн эмчилгээний туршлагатай бөгөөд нурууны үеийн тавагны гэмтэл, үе мөчний өвчнийг богино хугацаанд илааршуулдгаараа алдартай билээ.
Нурууны үеийн тавагны гэмтэл нь гол төлөв бүслүүр нурууны хэсэгт тохиолдох нурууны үеийн завсрын жийргэвч мөгөөрс(цагаан мөгөөрс)-ний гэмтэл болно. Н.Хурцбилэг:
- Нурууны үеийн таваг амархан гэмтэж байгаа нь усны хордлого, идээний шим тэжээлээс болж хүний ясны чанар муудаж байгаатай холбоотой юм. Жишээ нь усны чанар муу газрын хүмүүс энэ өвчнөөр илүү өвчилдөг. Яагаад гэвэл ясны нягтрал сийрэг болсноос хүнд юм өргөх буюу нуруугаа эвгүй мушгивал нурууны үе нь шилжиж, хоорондох цагаан мөгөөрс нь бяцарч гарна. Ингээд гадагш гүдийж гарах нь бий, дотогш хотойж орох ч бий. Бас зүүншээ барууншаа, дээшээ доошоо гэх мэтээр гэмтэх боломжтой байдаг. Энэ нь бэртлийн чанартай гэмтэл учраас монгол уламжлалт заслын яс барих аргаар гэмтсэн нурууг нь угийн байдалд нь оруулаад, монгол эм хавсаргавал богино хугацаанд бүрмөсөн эдгэрдэг гэлээ.
Н.Хурцбилэг эмч сүүлийн өдрүүдэд нурууны үеийн тавагны гэмтлээс болж хүний гарт орсон Хөвөөт Шар хошууны 28 настай Төмөрболдыг 6 хоног эмчлээд өөрөө алхаж чадах болгосон байна.
Бүслүүр нурууны үеийн тавагны гэмтэл нь янз бүрээр илэрдэг. Нуруу бага зэрэг хөшиж өвдөхөөс аваад хазайж тонгойход нуруугаар хатгуулж өвдөх, аль нэг хөлөөр дагуулж өвдөх зэрэг анхны шинжүүд илэрнэ. Энэ байдал нь хүндэрвэл босож суухад хүндрэлтэй болно. Улмаар хоёр хөл нь бадайраад алхаж гишгэж чадахгүй болдог.
- Ахмадуудын нурууны үе мөгөөрслөх нь их байдаг бол харин залуучуудын нурууны үеийн тавагны гэмтэлтэй болох нь олон тохиолддог. Хэрвээ нурууны үеийн таваг гэмтсэн бол дасгал хөдөлгөөн хийж болохгүй. Цаг тухайд нь эмчид хандаж, хааш гүдийснийг нь сайн оношилж, хэвтэж амрах хэрэгтэй. Хэвтэхэд бас олон зүйлийг анхаарна. Үүнээс гадна урьдчилан сэргийлэхэд ердөө булчин махны дасгалыг сайн хийх, булчин чангарвал нурууны үеийг хамгаалах болно. Мөн мах ясны шөл, цагаан идээ илүү хэрэглэж ясны чанараа бэхжүүлэх хэрэгтэй хэмээн Н.Хурцбилэг эмч зөвлөлөө.
Хэрвээ үргэлж хүнд юм өргөдөг хүмүүс бол нурууны бүс зүүж нуруугаа хамгаалах хэрэгтэй бөгөөд зөв өргөдөг байх хэрэгтэй. Мөн хөдөлгөөн багатай хүмүүс ясны сийрэгжилтэд амархан өртдөг учир дасгал үргэлж хийж, биеийн жингээ хэвийн байлгах нь маш чухал. Таргалах нь нуруунд хүнд ачаалал өгдөг. Эрүүл чийрэг хүн ер нь ямар ч тохиолдолд бага өвддөг мөртөө өвчнийг хөнгөн давдаг гэдгийг санаарай.
