
“Хаан жимс”-ийн хамт олны зүгээс энэхүү баярыг бүгдэд нээлттэй байхаар зохион байгуулав. Иргэд гэр бүлээрээ хүрэлцэн ирж, чацаргана түүж, олон сонирхолтой тэмцээнд оролцлоо. Баярын бас нэг онцлог нь зочид түүсэн жимсээ өөрсдөө авч болдогт байгаа юм.
Энэхүү баярт ирсэн зочдын ихэнх нь улбар шар өнгийн ямар нэг хувцас өмссөн байв. Ургацын баяраа хүндлээд ийнхүү хувцасладаг уламжлал хэдийнэ тогтсон байна. Түүнчлэн “Хаан хуур” хамтлагийн бяцхан хөгжимчид морин хуурын уянгат эгшгээрээ байгаль дэлхийг "баясгав."

"Хаан жимс"-ийн хамт олон Японы зөвлөхүүдтэй хамтран “Чацарганы хүч” нэртэй шинэ бүтээгдэхүүнээ гарган авчээ. 100 граммын савалгаатай уг бүтээгдэхүүний гадна талд "амин дэмийн охь" гэж онцлон бичсэн байна.

Бүтээгдэхүүний үндсэн гол тайлбар нь залуужуулна, дархлаажуулна, тамиржуулна. Энэ бүтээгдэхүүний илүү дэлгэрэнгүй тайлбарыг болон тариалангийн талбай руу орох хаалган дээр бичээстэй “Хуба хаяа” гэж ямар утгатай, юу болохыг Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тайлбарласнаар хүргэе. Та доорх бичлэгээс үзнэ үү!
Энд нийт дөрвөн га талбайд жимсний тариалан эрхлэдэг бөгөөд 20 орчим тонн жимс хураан авдаг гэж байсан.
“Элизабет”, “Алтайский” зэрэг тослог сайтай, хальс зузаан, хэмжээ томтой байгалийн зэрлэг чацарганаас илүү их тос, үр шим өгдөг долоон сортыг тус компани тариалдаг юм байна.


Чацарганаа хураахдаа Финландын тоног төхөөрөмж ашигладаг гэж байсан. Чацаргана тариалах хүсэлтэй иргэд эндээс мөн суулгац авч болно. Хүсвэл мэргэжил, арга зүйн зөвлөгөө ч өгдөг байна.
Чацарганы баяр өргөн дэлгэр сайхан боллоо. Амин дэмээр баялаг энэхүү жимсийг хүүхэд багачууд хүссэнээрээ түүж амтархлаа.
