solongonews
Хятад улсын оюутнуудын хараан дахь Монгол Улс-4
2016-07-22 22:31
Хятад улсын оюутнуудын хараан дахь Монгол Улс-4

НАРГИЛ: МОНГОЛ УЛС МОНГОЛООРОО БАЙДАГ НЬ ЮУТАЙ АЗ ТОХИОЛ ВЭ?

Манай редакцид  Бээжингийн Үндэстний Их Сургуулийн Монгол хэл-утга зохиолын ангийн таван Өвөр Монгол оюутан дадлага хийхээр ирлээ.

Тэд Монголд анх удаа ирж буй бөгөөд анхны бичсэн нийтлэл нь Монголын тухай. Бид найруулга, аялгыг нь их өөрчлөлгүйгээр та бүхэнд хүргэж байна.

Долоодугаар сарын 9-ний шөнө Эрээн хотноос Галт тэргэнд сууж аяллаа эхлүүлсэнсэн. Тэр шөнө Монголын хилийг давснаас хойш хэдийнэ найм хоножээ.  

Улаанбаатар чөлөөтэй, сайхан хот байна. Засмал зам өргөн биш ч тэрэг унаа цөөхөн, замын хүмүүсийн алхаа байдал цог жавхаатай. Чингисийн талбай дахь цагдаа ахын биед монгол хүний омогшил аргагүй бадарна. Дадлагын ангитай хамт  Бага тойруугаар алхахдаа үдшийн есөн цагт шингээгүй нарантай хамт хотын цэвэр агаарт уусалцан явах зуур Улаанбаатар хотын эрх чөлөөт шинжийг сэтгэлийн гүнээс бахархсан.

Зайсангийн оройд авирсан хотын бүх үзэмжийг Баянзүрх уулын хормойгоос харлаа. Туулын хөвөөнд сууж байхдаа усны тунгалаг, урсгалын хүчлэгийг гайхаж байлаа. Ингэж Монгол нутгийн цээжин дээр тэнгэрийн хураар ундалж, газрын шимээр тэжээгдэж, монголчуудын маань хоёр гараар босгогдсон Улаанбаатар хот нь эзэн шигээ уудам тэнэгэр, цэвэр ариун байдгийг би энэхэн хугацаанд сайн танилаа.

Монгол Улс үндэстний соёл, түүх, зан үйлээ цэвэр сайхан, хадгалж байгаад би маш их догдлон баярлаж байсан юм.

Мөн Улсын наадмын нээлт,  бөхийн барилдаан,  хурдан морьдын уралдаан, сурын харвааг үзэж сонирхлоо. Өмсгөл, засал бүхэнд монгол онцлог тодорч байсан. Нүүдлийн соёлын ул мөр хөдөөгийн айл бүхэнд үргэлжлэн бадарсаар байна. Монгол Улс Монголоороо байдаг нь юутай аз тохиол вэ?

Харамсалтай нь одоохондоо эдгээр зарим үзэгдэл олон зүйлийн шалтгаанаас болж Өвөр Монгол оронд үзэгдэхээ больжээ. Гэтэл Монгол гэдэг зориг Өвөр Монголчуудын зүрхэнд ерөөс унтраагүй. Бид монгол соёлоо хамгаалахаар тэмцэж байна.

Дэлхий нарыг тойрон эргэдэг шиг монгол соёлоо эргэсээр байна. Иймээс бид улсын хилд таслагдсан монгол нутгаас болж чи, би хэмээн ялгалгүй харилцан хүлээн авсан. Монгол Улсын ах дүүс биднийг халуун дотно угтан авахад гүнээ баярлалаа.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл