solongonews
Хятад, Украйны нисэх онгоцны хөдөлгүүрийн инженерийн хамтын ажиллагаа шинэ эринд орлоо
2018-04-12 15:21
Нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч дэлхийд нэртэй Мотор Сич компани Украйны Запорожье хотод байдаг.

1907 онд байгуулагдсан, 110 жилийн түүхтэй тус компани, дэлхийн II дайн, ЗХУ-ын дараах хүнд байдал, Украйны хямралыг даван туулж, компанийн өвөрмөц соёл, технологийн давуу талаа өнөөг хүртэл хадгалж иржээ. Тус компани нисэх онгоцны хөдөлгүүрийн салбарт олон улсын зах зээлээ улам өргөтгөж, Хятадын компаниудтай стратегийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байна.

Онгоцны хөдөлгүүр бол орчин үеийн аж үйлдвэрлэлийн технологид хамгийн бэрхшээлтэй, хамгийн нарийвчлалтай бүтээгдэхүүн юм. Нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч дэлхийн нэр нөлөө бүхий бизнес нэгжийн хувьд тус компанийн бүтээгдэхүүн төрөл зүйлээр бүрэн, олон загварын хөдөлгүүрийг нь 100 гаруй улс оронд ашиглаж байна. Мотор Сич компани голдуу дунд, том оврын тээврийн нисэх онгоц, нисдэг тэрэгний хөдөлгүүр, олон төрлийн гол машин, эд анги үйлдвэрлэдэг. Онц том оврын, тээврийн А-225 нисэх онгоцонд тус компанийн үйлдвэрлэсэн зургаан ширхэг D-18 хөдөлгүүрийг угсарсан бөгөөд тус нисэх онгоц 250 тоннын даацтай юм.

Мотор Сич компанийн зуу гаруй жилийн түүхэнд тун өвөрмөц соёл бүрэлджээ. Компанийн хөгжих чадвараа ямагт хадгалсан нь чухал хүчин зүйл юм. ЗХУ задарсны дараа компани 8000 гаруй ажилтантай байснаа одоо сэргээд 26 мянган ажилтантай болжээ. Захиалга цөөрсөн хямралын үед ч компани ажилтныхаа тоог цөөлсөнгүй, харин хамтдаа даван туулсан гэнэ. Тус компанийн захирал Вячеслав Богуслаев боловсон хүчин бэлтгэх тухайгаа танилцуулсан юм.

“Бид боловсон хүчин бэлтгэх сайн механизм бий болгосон. Украйны хоёр их сургуультай хамтран ажиллаж боловсон хүчин бэлтгэдэг. Тусгай багш удирдаж, ахмад багш нар залууст сургах, дизайнер, технологич багш нар сурагчидтай хамтран ажиллах, нэг багш нэг шавьд заах арга хэрэгжүүлж байна.”

Компанийн үйлдвэрлэлтэй холбоотой 600 мянга гаруй эд анги, 5 сая технологийн процессыг ингэж багшаас шавьд гар дамжин зааж өгөх явцад уламжлагдаж, шинэчлэгдсэн байна.

Мотор Сич хувийн хэвшлийн хувьцаат компанийн хувьд ЗХУ-ын үед үйлдвэрлэл, борлуулалт тусдаа байсан дутагдалтай талыг дүгнэж, зах зээлээр удирдуулсан механизмд аажмаар шилжжээ. Тус компани Хятад, Америк, Орос, Энэтхэг зэрэг 15 улсад төлөөлөгчийн газар байгуулж, өргөн хүрээний олон улсын хамтын ажиллагаатай болжээ. Тус компани Хятад улсад төлөөлөгчийн газраа 2003 онд байгуулсан юм. Гэхдээ Хятад улстай 1954 оноос эхлэн нисэх онгоцны хөдөлгүүрийн салбарт хамтран ажиллаж эхэлсэн юм. БНХАУ-д үйлдвэрлэсэн анхны нисэх онгоцонд Мотор Сич компанийн М-11FR поршений хөдөлгүүрийг авч ашиглажээ. Мөн Хятадад үйлдвэрлэсэн Юнь-8 онгоц, газар уснаа явагч AG600 онгоцонд угсарсан WJ-6 хөдөлгүүр Мотор Сич-ийн загварыг үндэслэн үйлдвэрлэсэн бөгөөд мөн K-8J, L-15 сургалтын нисэх онгоцонд Мотор Сич-ийн хөдөлгүүрийг угсарсан юм.

Тус компани Хятадын нэлээд олон компанитай хөдөлгүүр нийлүүлэх гэрээ байгуулж, Хятад улсад үйлдвэрлэсэн тээврийн нисэх онгоц, нисдэг тэрэг, сургалтын онгоц, нисгэгчгүй төхөөрөмжийг хөдөлгүүрийн системээр хангаж байгаа талаар Вячеслав Богуслаев танилцууллаа.

“Бид Хятадын компанитай санамж бичигт гарын үсэг зурсан. Хятадын том оврын нисдэг тэргэнд D-136-2 загварын хөдөлгүүр нийлүүлэхээр бэлтгэж байгаа.”

60 гаруй жилийн хамтын ажиллагааны үндсэн дээр Украйн, Хятад хоёр орон нисэх технологийн хамтын ажиллагааны шинэ арга хэлбэрийг эрэлхийлж байна. 2015 онд Сич компани Хятадын нисэхийн технологийн Тяньжяо корпорацтай стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, технологийн системээ хуваалцаж, үйлдвэрлэх нөөц, боловсон хүчний эгнээгээ уялдуулж, Хятадын Чунчин хотод нисэх онгоцны хөдөлгүүрийн улсын зэрэглэлийн үйлдвэрлэлийн баазыг хамтдаа байгуулжээ.

2017 оны 9-р сард тус баазад нисэх онгоцны хөдөлгүүрийн машиныг амжилттай туршсан байна. Өдгөө баазын эхний шатны төсөл амжилттай хэрэгжиж, хоёр дахь шатны төслөө эхлүүлэн, хөдөлгүүрийн машиныг турших, сэлбэн засахыг баталгаажуулсан юм. Төлөвлөгөө ёсоор 2020 онд баазын барилын гол төсөл бүтээн байгуулалтаа дуусгаж, олон загварын, багц бүтээгдэхүүнийг бөөнөөр үйлдвэрлэх, засаж сэлбэх чадвартай болж, нисэх онгоцны хөдөлгүүрийг бие дааж зохион бүтээх системийн бүдүүвч загварыг бүрдүүлэх болно.

Баазыг бүх талаар байгуулж дууссаны дараа нисэхийн технологийн Тяньжяо корпорац арми, иргэний хэрэглээний нисэх онгоцны хөдөлгүүр, хийн турбин зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвар бүхий, жилд 1000 гаруй хөдөлгүүр үйлдвэрлэх хүчин чадалтай болох юм.

Мотор Сич компанийн ерөнхий захирал Вячеслав Богуслаев: Манай компани Хятад улстай өрнүүлж буй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь цаг үеийн сонголт юм гэжээ.

“Манай компанид Хятадын зах зээл хэрэгтэй. Бидний сонирхол бол юуны өмнө бүтээгдэхүүний борлуулалт юм. Гэвч, дан ганцхан бүтээгдэхүүний борлуулалтаар гол болгодог цаг үе нэгэнт өнгөрсөн. Одоо бид боловсон хүчин бэлтгэх зэрэг шинэ зүйл хийх шаардлагатай байна.”

Тяньжяо корпорац, Мотор Сич компани алсын хараагаар хамтран ажиллаж байна. Тэд Хятадын талын мэргэжлийн боловсон хүчнийг сонгох, бэлтгэх механизмыг эхлүүлээд байгаа бөгөөд Хятадын талын ажилтанд эд анги үйлдвэрлэх, модульчлагдсан угсралт гэх мэтийн технологийн үйл явцыг сургаж байна. Хоёр тал хөдөлгүүрийг турших төхөөрөмжийг бүтээж байгаа ба цаашид хөдөлгүүрийн түүхий эдийг Хятадаас худалдан авдаг болох юм.

Вячеслав Богуслаев: Хятад улстай хамтын ажиллагаа өрнүүлсний үр дүнд Мотор Сич компани хүндрэлтэй үеийг даван туулж, компанийн хөгжлөө хамгаалж чадлаа. Иймэрхүү хамтын ажиллагаа улам олон оронд үр дүнгээ өгөхийг хүсэж байна гэжээ.

“Хятад улсын олон улсад нөлөөлөх чадвар улам бүр нэмэгдэж байна. Бид Хятадын компанитай хамтран бүтээгдэхүүнээ бусад оронд борлуулахаар төлөвлөж байна.”

Одоо даярчлалд сорилт тулгарч байна. Мөн хөгжингүй орнууд өндөр технологийн хамтын ажиллагаа өрнүүлэхээс татгалзаж байгаа нөхцөлд Хятад, Украйн хоёр тус тусын давуу талаа ашиглан, харилцан итгэлцсэн, харилцан ашигтай байх зарчмын дагуу стратегийн хамтын ажиллагааны орон зайгаа тасралтгүй өргөжүүлж байна. Хятад, Украйны нисэх онгоцны хөдөлгүүрийн хамтын ажиллагаа шинэ боломжийг нээж, хөгжлийн шинэ эринд алхан орлоо.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл