Тэнэгэр уудам Тамчийн талыг туулан давхиж, хөдөөгийн саруулд бие сэтгэл ариусан, үүнийг гайхаж, түүнийг бодсоор явтал, жолооч ах огцом тоормосолсноор цочин харвал өмнө дагуулж явсан машин маань буруу замаар орчихсон аж.Уул толгодгүй тэгш талд явах амархан ч айл андуурдаг байх.Харин олон хар адуутай айлын бараа хараад шууд л чиглэсээр гадаа нь ирж зогслоо. Хамгийн баруун захын байшингаас нахиу хамартай, өндөр биетэй, шөрмөслөг бор эр гарч ирж нохойгоо хорьж өгсөн нь Ё Вэньбин байлаа.

Малчид маань таван төрлийн мал сүргээ олон мянган жил хариулан маллаж аж төрөх явцдаа мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх талаар цаг ямагт анхаарч ирсэн билээ.Үүнд нутгийн адууныхаа ашиг шимийг нэмэгдүүлэхэд бодит алхам хийсэн малчин бол маргашгүй Ё Вэньбин.
-Адуу бол мах, сүүгээсээ гадна эмнэлэг биологийн идэвхт бодис, ялангуяа хээлтэй гүүний шээсээрээ (PMU - Pregnant Mares' Urine) дэлхий дахинд өндөр үнэлэгддэг ашиг шим арвитай мал юм.Хээлтэй гүүний шээс (Premarin-ийн түүхий эд) нь эмэгтэй хүчний даавар буюу эстрогенийг байгалийн аргаар ялгаж авах гол эх үүсгэр бөгөөд эмийн үйлдвэрлэлд, ялангуяа эстрогений хангалтгүй шүүрэл, түүнчлэн эмэгтэйчүүдийн цэвэршилтийн хам шинж, ясны сийрэгжилт, зүрхний титэм судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд ашигладаг гээд урьсгаж гарах Ё Вэньбин адуучин гэхээсээ илүү эмч, адуу судлаач гэлтэй. “Малчин хүн мянган мэргэжилтэй” гэдэг. Харин Ё Вэньбин адууг олон жилийн арга туршлага, хар ухаанаараа судлаад жилийн орлого сая юань болчихжээ.
Хүн аливаа нэг зүйлд зүрх сэтгэлээ зориулж явахаар түүндээ мэргэжлийнх болдог. Арга ч үгүй дээ Ё Вэньбин адуунд явдаг, адуунд нүдтэй, хурдны морины уяач хүн болохоор ганц үржлийн чиглэлээр бус харин мах, сүү, арьс шир, уналга эдэлгээ зэрэг бараг бүх төрлөөр ашиглаж, адууныхаа ашиг шим, чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүр цаашлаад ойр хавийн малчдаа ч адуу малжаасай гэж их л тархи толгой бардаг.
-Манайх 700 гаруй адуутай, жилд 200 гаруй хээлтэй гүүнийхээ шээсийг ашиглаж байна, 1 литр шээсийг 5 юаниар худалдан авдаг бөгөөд өдөрт нэг гүүнээс дундажаар 10 литр шээс гардаг...гэж гэрийн эзэгтэй Г.Хашбилэг бидэнд хөхүүртэй айрагнаас том хулаар хийж өгөх зуур нөхөж ярина. Зуны наранд нэлээд борлосон хацрыг нь дагаж унжсан үсээ хойш нь зассанаа гэрийн эзэгтэй залгаад бидэнд олон мэдээтэй.

2012 онд Ё Вэньбингийнх адуу өсгөж эхэлсэн.2013 онд хээлтэй гүүний цус цуглуулан ийлдсийг нь ялган авч орлогоо нэмэгдүүлж ч үзсэн.Хийх хүнд боломж, хийхгүй хүнд шалтаг олддог гэж юутай үнэн. Нэг удаа Сийвэнгийн мэргэжилтэнтэй санамсаргүй ярилцах үеэр Ё Вэньбин хээлтэй гүүний шээснээс гаргаж авсан коньюгат эстроген нь маш үнэтэй эмийн материал болохыг олж мэджээ.
Оролдлоготой хүн оройд нь гэдэг. Ингээд л Ё Вэньбин бодлоо үйлдэл болгож эхлэх нь тэр.2020 онд тэрээр анх удаа усны шанага ашиглан хээлтэй гүүнээс шээс цуглуулж үзсэн. Дараа жил нь тэрээр Шинжаанаас мэргэжлийн шээс цуглуулах уут оруулж, шээс цуглуулах үйл явцыг оновчтой болгосон. Үүний дараа тэрээр мэргэжлийн түүхий эдийн компанид шинжилгээ хийлгэхээр дээж авч, Шинжаан, Нанжин зэрэг газарт гүнзгий судалгаа хийсэн. Анхны туршилтын дараа тэрээр цуглуулсан хээлтэй гүүний шээсийг Шямэнь дэх технологийн компанид амжилттай зарсан.

-Хөдөөний “Хаягдамал”-гүүний шээсийг цуглуулж өгөөд л ингэж өндөр ашиг олох чинь амархан биш үү, өөр малчид ч гэсэн хийж орлого олж болох л юм байна гээд “Мэргэлсэн” чинь өөдөөс Ё Вэньбин толгой сэгсэрснээ:
-За хэр баргийн малчин өрхийн хийж чадах ажил биш,Үзэхэд гүүний шээсийг цуглуулаад явуулж байгаа ажил боловч цаана нь нэлээд стандарт тоо хэмжээ, аюулгүй байдал, чанарын асуудал гээд олон үйл явц өрнөнө.Эхлээд дэд бүтэц хүрэлцээтэй байх,манайх өөрийн 1333 га бэлчээртэй, ахиад бусдын 2666 га бэлчээрийг олон жилээр түрээслэв, хашаа саравч том байх, хашааны температур, тэжээлд хатуу шаардлага тавьдаг, гүүний хээл тогтох нас, хээл тогтсон цаг хугацааг нарийн тодорхойлох ур чадвартай байх, цуглуулсан шээс нь стандартад нийцэж байгаа эсэхийг борлуулалтын компанийн техникийн шинжилгээний төхөөрөмжөөр тодорхойлно... гээд дахиад л урьсаглаа.
Хажуу өрөөнд үдийн цайгаа ууж байсан хүмүүс түрчигнэлдээд гарч явлаа.Ажлын цаг болжээ, ажилчид гүүний шээс тосох ажилд гарч байгаа нь тэр. 200 гауй гүүгээ нэг л удаад тосох тоног төхөөрөмж нь арай хүрэлцэхгүй болохоор гүүгээ тавь тавиар 4-5 удаа хашаандаа оруулдаг, гүү дор хаяж дөрвөн сартай хээлтэй байх ёстой бөгөөд шээс цуглуулах хугацаа ойролцоогоор зургаан сар үргэлжлэнэ.Ё Вэньбин гэргий хоёул өглөө 4 цагт босоод шөнийн гол болтол хийсэн ч хөдөлмөр хүч хүрэлцэхгүй тул сарын нэг хүний 4000 юаниар 8 ажилчин ажиллуулж байгаа аж.
Гүүний шээсний шинжилгээний үйл явц болон холбогдох техникийн ажилтнуудын зардал нь энгийн малчин өрхийн чадавхаас хэтрэх тул Ё Вэньбин хэмнэлттэй аргыг хэрэглэх шаардлагатай болсон.Тэр нь хээлтэй гүүнийхээ шээсийг тусгай саванд цуглуулж, дараа нь Нанжин руу 3 хоногт нэг удаа шинжилгээнд илгээнэ.
Одоогоор нутгийн хэдэн малчдаа ч дагуулан хээлтэй гүүний шээс цуглуулж, зах зээлтэй холбоход чиглэгдсэн боловсруулах болон экспортлогч үйлдвэр, компаниудтай шууд холбож өгөн, өөрийгөө өрөөлийг өөд нь татан, малчид болон мал аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн орлого олох нэгэн чиглэл болж хөгжиж байгаа нь их амжилт.
Малын ажлууд өрнөж байх хооронд Ё Вэньбин гүүний эхэсийг яаж ашиглах, борлуулах, айраг бөөнөөр зарах бизнесийн ажлаа ч утсаар яриад завгүй байлаа. Оролдлоготой, хөдөлмөрч хүнд хоёр нарны хооронд ажил дуусахгүй нь ээ. Адуугаатайгаа илүү удаан ойр байхыг хүссэн хүнд ухаан дутахгүй...
