solongonews
Н.Ариунбилэг: Эмэгтэй хүн морин дээр эрэмгий байна гэдэг үнэхээр гайхалтай
2018-07-12 15:34
Бүсгүй хүн, морь хоёр монгол ардын дууны мөнхийн хэлхээтэй сэдэв.

- “Морин спорт, морь адуу гэхээр эрэгтэй хүмүүс л ноцолддог гэж ихэнх хүмүүс ойлгодог. Гэхдээ эмэгтэй хүн морин дээр эрэмгий байх, уран гоё үзүүлбэр үзүүлнэ гэдэг бол үнэхээр гайхамшигтай харагддаг” гэж Ариунбилэг ярьсан юм. Ийнхүү моринд төрөлхийн сонирхолтой энэхүү бүсгүйтэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

Н.Ариунбилэг

- Сайн байна уу? Тантай танилцъя.

Намайг Нарантуяагийн Ариубилэг гэдэг. 1990 онд төрсөн. Шилийнгол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуулийн харьяа Морин спортын дээд сургуульд Монгол Улсаас уригдан ажиллаж байгаа. Ажлын хувьд голдуу Монгол Улсаас энд сурч буй сурагчдыг хариуцдаг.

- Та ямар мэргэжилтэй хүн бэ?

Би сэтгүүлч мэргэжилтэй. Олон улсын сэтгүүлч мэргэжлээр Монгол Улсын Их Сургуулийг төгссөн. Мэргэжлийнхээ чиглэлээр хөдөө аж ахуй, тэр тусмаа мал аж ахуйн салбарын “Монгол малчин” сэтгүүлд ажилладаг байлаа. Эхлээд сэтгүүлчээр хоёр жил, сүүлдээ эрхлэгч редактораар хоёр жил, нийтдээ 4 жил ажилласан. Тэгээд их сургуулиа төгссөнөөс хойш хийж буй хоёр дахь ажил маань энэ байна.

- Та сэтгүүлч байснаа яагаад Өвөр Монголд ирж багшлах болсон бэ?

“Монгол малчин” сэтгүүлийнхээ хүрээнд 2015 оноос хойш Шилийнгол аймгийн ажил мэргэжлийн дээд сургуультай нэлээн сайн хамтарч ажилладаг байсан. Жишээ нь Монгол дахь элсэлт дээр нь хамтран ажиллана. Мөн Монгол малчдаа Шилийнголд авчирч, цагаан идээний үйлдвэр, өвсний үйлдвэр, тэжээлийн үйлдвэр гэх мэтээр туршлага судлуулах аялал хийдэг байсан. Энд ажиллах болсон тухайд бол нэгдүгээрт би өөрөө мал аж ахуйн салбарт, тэр дундаа морины талаар түлхүү бичдэг байсан. Тийм болохоор сургуулийн талаас намайг сонгосон байх. Хоёрдугаарт “Залуу хүн байна. Арай өөр юм хийж үзье” гэсэн нэг бодолтой байсан. Гуравдугаарт энэ ажил нь миний ажиллах дуртай мал аж ахуй, морин спортын салбар байсан. Дээр нь мэдээж хүүхдүүдтэй ажиллана гэдэг бол маш сайхан, стрессгүй ажил. Тийм болохоор надад таалагддаг.

- Энэ сургуульдаа голдуу ямар чиглэлээр ажиллаж байна?

Сэтгүүлч хүн гэдэг нийгмийн ямар ч давхаргын хүмүүстэй ярилцдаг. Дээрээс нь ярилцаж байгаа хүнийхээ сэтгэл зүйг сайн судлах хэрэгтэй болдог. Ямар зан араншинтай, ямар төлөвтэй хүнтэй ямар өнцгөөс ярих вэ гэдгээ сайн судалдаг учраас их сургуульд сэтгэл судлалын хичээлийг нэлээд түлхүү ордог байсан. Энэ нь одоо хэрэг болж байгаа. Өвөр Монгол, Монгол Улс адилхан монгол туургатан ч улсын хувьд харьяалал нь өөр шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт хүүхдүүд гадаад улс оронд сурч байгаа, хоёрдугаарт эцэг эхээсээ хол, гуравдугаарт мэдээж хүүхэд болгон ээж аавдаа эрх танхи өссөн байдаг. Тэр өнцгөөсөө харахад энд заавал сэтгэл судлал буюу амьдралын хичээл, жишээ нь хэрхэн зөв амьдрах, юу сурах гэдэг талаар зөвлөгөө өгөх хичээл хэрэгтэй гэж сургуулийн талаас заасны үндсэн дээр хүүхдүүддээ сэтгэл судлалын хичээл орж байгаа.

- Морин спортын сургуулийн багш гэхээр бараг л эрэгтэй багш байх нь гэж бодож байлаа. Морины салбарт ерөнхийдөө л эрэгтэй хүмүүс ажилладаг. Ингэхэд та яагаад морин спортод сонирхолтой болсон бэ? Эмэгтэй хүн энэ салбарт ажиллана гэхэд мөн хүндрэлтэй байдаг л байх даа. Та юу гэж ойлгодог вэ?

Би уг нь морин спортын мэргэжлийнх нь багш биш л дээ. Гэхдээ яагаад энэ салбарыг сонирхоод, дурлаад байдаг вэ гэхээр миний өсөж төрсөн орчинтой холбоотой болов уу гэж боддог. Би өөрөө малчин айлын хүүхэд. Багаасаа мал дээр өссөн. Бас л энэ хүүхдүүдийн адилаар хурдан морь унаж, эмнэг хангал сургаад, сааль сүү авч, морь малтай ойрхон өссөн болохоор яг л тэр сэтгэлээ алдахгүй явсаар байгаад мал аж ахуйн салбарт ажиллаж, малчидтайгаа уулзан, мал аж ахуйн талаар бичиж, нийтлээд л ирсэн. Одоо хүртэл тэр сонирхол маань байж л байгаа. Морин спорт, морь мал гэхээр эрэгтэй хүмүүс л ноцолддог гэж ихэнх хүмүүс ойлгодог. Гэхдээ манай Монголд бол моринд эрэмгий, морь уядаг, сойдог эмэгтэй хүмүүс зөндөө байна. Энэ сургуульд ч гэсэн элсэлт аваад, хүүхдүүд авчирч байхыг нь харахад эмэгтэй хүүхэд их ховор. Гэхдээ эмэгтэй хүүхэд морин дээр эрэмгий байх, уран гоё үзүүлбэр үзүүлнэ гэдэг үнэхээр гайхамшигтай харагддаг.

Н.Ариунбилэг

- Энэ сургуульд голдуу ямар хичээлүүд ордог вэ? Морин спортын талд түлхүү байх уу? Эсвэл судалгаа шинжилгээний талд байх уу?

Морин спортын сургуулийн гол чиглэл нь ерөнхийдөө морин цирк, саадтай морин харайлт, хол, ойрын зайн уралдаан зэргийн мэргэжлийн унаачид бэлтгэнэ. Дээр нь адууг арчлах, маллах, тэжээх, уях, сойх, ойр зуур эмнэх, домнох арга гэх мэтээр морьтой холбоотой бүх зүйлийг суралцана. Мэдээж Хятад улсад сурч буй учраас хүүхдүүдийн хоёр дахь зорилго бол хятад хэл, монгол бичгээ сурна. Дээр нь мөн онолын хичээл ордог.

- Хятадад ирж сурч байгаа Монгол оюутнууд олон байдаг. Гэхдээ Хятадын дотоод нутагт сурч буй хүүхдүүдийн хувьд хэлний талд хүндрэл илүү байдаг. Харин Шилийнголд бол тэр талын хүндрэл арай багатай байх болох уу?

Хэлний хувьд бол мэдээж гайгүй. Өвөр Монгол багш нар байна. Хүүхдүүдийн хүндрэл бэрхшээл гэвэл анх энд ирсэн даруйдаа гэрээ санах, дээр нь морин спортын хүн болно гэдэг хүнээс асар их тэвчээр шаардана. Манайх чинь хагас цэрэгжилтийн байдалтай байдаг. Эрх дураараа амьдардаг, аав ээждээ эрхэлдэг байж байгаад тоглох наадах насандаа гэнэт энд ирээд бүх юм цагийн хуваарийн дагуу цэрэгжилтийн байдалтай болохоор бага зэрэг шантрах асуудал тодорхой хэмжээнд үүсэж байсан. Одоо бол хэв маягтаа ороод сургуульдаа дуртай, мэргэжилдээ хайртай болсон. Тиймээс манай хүүхдүүдэд нэг их хүндрэл байхгүй.

- Та сая өөрийгөө хөдөө өссөн гэж ярилаа. Энд ирээд хөдөөгөөр явж байсан уу? Хоёр орны хөдөөний айлууд, хөдөө орон нутгийн амьдрал ямар ялгаатай байна?

Шилийнгол аймгийн хувьд уламжлалт монгол ахуй, цэвэр монгол уламжлалаараа амьдарч байгаа хүмүүс нь хөдөөнөө л байдаг юм байна гэж ойлгосон. Урьд нь малчдын аяллаар ирэхдээ малчидтай, малчдын амьдрал ахуйтай танилцаж байсан. Монголд бол дөрвөн улирлаар бэлчээрээ сэлгээд нүүдэллэж амьдардаг хэвээр байгаа. Харин энд бол байшин бариад, бүр суурин болчихсон байдаг. Мал маллах арга технологи нь илүү орчин үежсэн гэж ойлгосон. Нэг айлд ороход хониныхоо хотонд камертай, жишээ нь мал төллөх үеэр дэлгэцээр хянаж байгаад нэг хонь хургаллаа гэхэд гарч аваад л маш амар. Тэгээд мал нь бэлчлээ гэхэд тэр л хашаандаа л байдаг учраас малчны зүгээс шаардах маллагаа нь арай бага юм байна гэж харсан. Мөн малын хашаа хороо, тэжээл бэлтгэл сайтай байдаг юм байна.

- БНХАУ-ын шинэчлэл, нээлтийн бодлого явуулсан 40 жилийн ой энэ онд тохиож байгаа. Таны нүдэнд Хятадын, тэр дундаа Өвөр Монголын хөгжил аль талд илүү харагддаг вэ?

Хөгжил бол сайн. Аж ахуй талдаа илүү хөгжсөн болов уу гэж боддог. Зам тээвэр, барилга байшин, мөн хамгийн илүү харагддаг нь цэцэрлэгжүүлэлт, моджуулалтыг маш сайн хийдэг. Шилийнгол ерөнхийдөө говь талдаа газар. Өөрөөрөө ургаагүй моднууд уулаар дүүрэн. Цөл уулыг ойжуулсан байх нь олон.

- Энд ирж багш болсон өдрүүдийнхээ сэтгэгдлээсээ хуваалцах уу?

Энд олон Монгол хүүхэд сурч байгаа. Цэрэгжилт маягаар амьдарна гэдэг хүүхдүүдийг маш их тэвчээртэй болгохоос гадна хүмүүжил төлөвшлийн хувьд мөн асар их ач холбогдолтой. Аав ээжээрээ хувцсаа угаалгаж, хоолоо хийлгэдэг байсан бол энд өөрөө л бүх зүйлээ хийх хэрэгтэй. Эх орон, ээж ааваасаа хол байгаа учраас бага зэрэг хүндрэлтэй санагдах боловч тэр хүүхдийн хүмүүжил төлөвшил, ирээдүйд их ач холбогдлоо өгч байгаа гэж би ойлгодог. Багш талаасаа бол хүүхдүүддээ хайртай болсон. Хаяа нэг нутаг буцахаараа санаа зовж, яаж байгаа бол гэж наашаа сэтгэл татагдана. Бид хүний хүүхдийг хүмүүжүүлэх, сайн хүн болгох сайн үйлсэд гар бие оролцоод явж буйн хувьд ажилдаа маш хариуцлагатай байх ёстой. Тэгэхээр бүх юм уялдаатай учраас эндэх амьдралаа үгүйлээд байдаг болсон. Ямар ч байсан ажил, амьдрал маань сайхан байна. Хамгийн гол нь энэ хүүхдүүдээ мэргэжлийн хүн болгох, ажлын байранд гаргаад, амжилтад хүргэх зорилготой л ажиллаж байна даа.

- Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Баярлалаа.

Зохиогч: Ярилцсан: С.УРЬХАН
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл