Хятад-Африкийн эдийн засаг, худалдааны II экспо 09-р сарын 26-нд Чаншад нээгдсэн бол нээлтийн арга хэмжээг цахимаар Африкийн орнуудад шууд дамжуулж, холбогдох орны улс төрчид, ДХБ-ын албан тушаалтнууд видео хэлбэрээр арга хэмжээнд оролцжээ.
Хятад-Африкийн эдийн засаг худалдааны экспог зохион байгуулж байгаа нь Хятад, Африкийн хамтын ажиллагааны "Найман том үйл ажиллагаа"-г хэрэгжүүлэхийн чухал бүрэлдэхүүн хэсэг болно. Уг экспо нь "Шинэ гараа, шинэ боломж, шинэ үйл ажиллагаа" уриан дор, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эм эмнэлэг, эрүүл мэнд, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагаа зэрэг салбарын хүрээнд 22 удаагийн тусгай сэдэвт арга хэмжээ зохион байгуулж, Хятад-Африкийн хамтын ажиллагааны ололт амжилтыг харуулан, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийг зорьж ажиллах юм байна.
Нээлтийн үеэр Африк дахь Хятадын аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын нэгдсэн холбоог албан ёсоор байгуулжээ. Одоогоор Африкийн дэд бүтэц, уул уурхай, ойн аж ахуй, нэхмэл, цахим худалдаа, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, хилийн чанад дахь цэцэрлэгт хүрээлэн зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг Хятадын 1700 гаруй аж ахуйн нэгж холбоонд нэгдээд байна.
Энэ удаагийн экспод Алжир, Этиоп, Кени, Руанда, Өмнөд Африк, Сенегал зэрэг Африкийн 6 орон гол зочин орноор уригдан оролцсон бол Жэжян, Жянши муж нь тусгай сэдэвт оролцогчоор, мөн Африкийн 40 гаруй орон, Хятад Африкийн 900 орчим аж ахуй нэгж оролцжээ.
