
Монголчууд нүүдлийн соёл, мал аж ахуйн амьдралдаа суурилан сар, сансар дэлхий, хязгааргүй орчлон зүг оюун ухааныхаа хүлгээр эрх чөлөөтэй аялан зорчсоор ирсэн орон зайн ухагдахуун маш өндөр, сэтгэхүй өргөн, цэцэн ухаантай ард түмэн. Ширхэг өвс, хэсэг чулуугаар од мичид, орчлон хорвоог төсөөлж, хязгааргүй үл танигдах өнө мөнхийн орчлонгийн үнэнээр мөнх бус хүний амьдрал, нийгэм ахуйд ухаарал хайрласаар ирсэн агуу үндэстэн. Ингээд ярихад байгалийн бүтээл, нүүдлийн соёлын орчин үеийн залгамж үе, хурц ухаан, балын шидээр дэлхийд гайхагдсан зураач Б.Билиг гуайг дурдах ёстой.
Б.Билиг зураач 1965 онд ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны Хонгор сумын Том-Ялалт багийн буйд говь дахь таван хүүхэдтэй жирийн малчин айлын хоёр дахь үр нь болон мэндэлсэн.
Авьяас билгийг тээж төрнө гэдэг, түүнийгээ өөрийн биеэрээ дамжуулан хүний сэтгэл зүрхэнд хоногшуулна гэдэг ховор тохиох аз билээ. Үнэнийг үнэнд, үзэж харж буй зүйлээ өөрийн оюун ухаанаараа сийлэн, тансаг сэтгэлгээний онгод билгээрээ уран зургийн гайхамшгийг бүтээж буй энэ хүн төлөв даруу, гүндүүгүй монгол эрийн зантай нэгэн. Б.Билигийн бүтээсэн шог зураг Өвөр Монголд төдийгүй Хятад орон, цаашилбал дэлхий дахинд аль хэдийн танил болжээ.
Тэрээр шог зураг зурж эхэлсэн арав гаруйхан жилийн хугацаанд Олон улсын хэмжээний 150 гаруй шагнал урамшууллыг хүртээд байгаа бөгөөд 40 гаруй улс орны уран зургийн үзэсгэлэнд бүтээлээ оролцуулж, хэн хүний санаанд багтамгүй амжилтад хүрээд байгаа билээ. 2006 онд Б.Билиг гуай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн 2007 онд болсон Олон улсын шог зургийн тэмцээнээс Хятадын арван шилдэг зураачийн нэгээр өргөмжлөгдсөн байна.
Тамчийн шар талаасаа дайчин ухааныг өвлөж, таанын цагаан цэцэгтэйгээ баяр гунигаа хуваалцаж, унаган нутгийнхаа орон зайнаас уран зургийнхаа онгод билгийн хэлээр орчлонгийн түмний харааг баясгаж яваа Б.Билиг гуайн гайхалтай бүтээлээс та бүхэнд хүргэж байна. Түүний бүтээлийг харсан хүн бүрд нэгийг бодуулж, хоёрыг тунгаахад хүргэдэг юм.









