solongonews
Хятад, Монголын хилийн боомт-Зүүн Хатавч
2017-01-22 15:21
Зүүн Хатавч хилийн боомтын тухай тэмдэглэл

Зүүн Хатавч нь Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуунд байрлах бөгөөд Хятад, Монгол хоёр улсын хоорондох хилийн боомт болно.

Анх Хятад, Монгол хоёр улсын морин арилжааны газар байсан бол жилийн дөрвөн улиралд нээлттэй том арилжааны боомт болсон ажээ.

Зүүн Хатавч нь Хятад, Монгол хоёр улсын 1046 хилийн шугамын дэргэд байрлаж, Монгол Улсын бичигт боомттой хөршилдөг байна. Монгол Улсын Доронд, Сүхбаатар, Хэнтий гурван аймагтай ойр байрлах бөгөөд Өвөр Монголын дунд зүүн бие, Хятадын зүүн хойд бүс нутаг болон умард бүс нутгийн эдийн засагт чухал нөлөө үзүүлж байгаа учир Хятадын эдийн засгийн хөгжилд ч чухал нөлөө үзүүлдэг. 1992 онд БНХАУ-ын төрийн зөвлөлөөс Зүүн Хатавч боомтыг улсын нэгдүгээр зэрэглэлийн улирлын чанартай хилийн боомт болгохыг зөвшөөрч, жилийн дөрвөн улиралд тогтсон хугацаатай нээдэг болгосон юм. 2004 онд дахин олон улсын хэмжээний бүтэн жилээр нээлттэй байх хилийн боомтоор тогтоож, 2008 оноос нээж эхэлсэн байна. Иймээс Зүүн Хатавч хилийн боомт нь Хятад, Монгол хоёр улсын хоорондох чухал нэг боомт болж, Хятад, Монгол хоёр улсын эдийн засагт том нөлөөг үзүүлсээр ирсэн байна.

Зүүн Хатавч хилийн боомтыг жилээр нээх болсноор Зүүн Хатавч хилийн боомтын бүтээн байгуулалт хурдтай хөгжиж, 2005 онд  30 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, хилийн боомтын хяналт шалгалтын том байр байшинг барьж байгуулж, хилээр орж гарах зорчигч, машин унаа зэргийг шалгах нөхцөлийг сайжруулжээ. Энэ нь хилийн боомтын аюулгүй байдлыг баталж, хуурамч бараа бүтээгдэхүүн, хориотой зүйлийг хилээр орж гарахад чанга хяналт шалгалт хийхэд таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Мөн орон сууц, хяналт шалгалтын байр зэргийг байгуулж, ногооруулалт зэргийг хийснээр Үзэмчин нутгийн уудам тал дээр Хятад, Монгол хоёр улсын эдийн засгийг холбосон жижигхэн хилийн “хот” боссон байна. Үүнээс эхлэлтэй зам, цахилгаан, ус, мэдээлэл холбоо, радио телевиз, дулаан зэргийг ашиглалтад оруулснаар хилийн боомтын иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулсан бөгөөд хилийн арилжаа худалдаа саадгүй явах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Хилийн чухал боомт болсон Зүүн Хатавчийн зам шугамын хөгжил ч маш сайн болж, Зүүн Хатавч-Бичигт хүрэх хайр чулуун зам, Зүүн Хатавч-Улиастай хүрэх 68 километр авто зам ашиглалтад орж, хоёр улсын иргэд нааш цааш явах, хүнд даацын тээврийн машин хоёр улсын хооронд нэвтрэхэд хялбар болжээ. 2014 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Зүүн Хатавч хилийн боомтын түүхэн дэх чухал өдөр болно. Энэ өдөр Зусхуа-Зүүн Хатавч хүрэх 357.6 километр төмөр зам ашиглалтад оржээ. Төмөр зам нэвтэрснээр Хятадын зүүн хойд орон болон Монгол Улсын хоёрдугаар төмөр замын зам шугамыг нэвтрүүлж, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм.

Зүүн Хатавч хилийн боомтын суурь бүтээн байгуулалт, зам шугам сайжирснаар хоёр улсын эдийн засгийг хөгжүүлж, 2002 онд тус хилийн боомтоор орж гарах зорчигчийн тоо 6800 хүрч, экспорт импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ 25000 тоннд хүрч байсан бол 2016 онд хилээр орж гарах зорчигчийн тоо 100000 хүрч, экспорт импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ 1300000 тоннд хүрч, хилийн арилжааны өртөг 650000000 ам.долларт хүрчээ.

Хятад улс Зүүн Хатавч хилийн боомтыг Өвөр Монголын зүүн хэсгийн аймаг хот болон Хятадын зүүн хойд орны далай дагуух гармыг Монгол, Оростой холбох Ази-Европын том зам шугам болгон хөгжүүлэхээр хичээж байгаа юм. Тиймээс Зүүн Хатавч хилийн боомт илүү хөгжиж, Хятад, Монголын иргэдэд илүү их ашиг тус хүртээх болно.

Зохиогч: Сэтгүүлч Хад
Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл