БНХАУ-ын Жилинь мужийн Шулань хотын дүүрэгт 11 хүн "COVID-19"-ийн халдвар авч, тус дүүргийг "COVID-19 "-ийн халдварын өндөр эрсдэлийн бүс болов.
БНХАУ-ын Эрүүл хамгаалал эрүүл мэндийн зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Ми Фэний мэдээлснээр, тавдугаар сарын 09-нд Хятадад 12 халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс нэг нь Ухань хотод, 11 нь Жилинь мужид бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс хойш гарч буй хамгийн өндөр үзүүлэлт юм. Жилинь мужид халдвар авагсад бүгд нэг гэр бүлийн гишүүд болон тэдэнтэй харьцсан хүмүүс юм. Нөхцөл байдалтай холбогдуулан Жилинь муж халдварын аюулын түвшинг дундаас өндөрт шилжүүллээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 04-нөөс хойш Ухань хотод халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй тул дөрөвдүгээр сарын 18-наас хойш тус хот халдварын аюулын доод түвшинд шилжиж, мөн сарын 26-нд халдвар авсан хамгийн сүүлчийн өвчтөн эмнэлгээс гарсан байдаг. Гэсэн ч өнгөрсөн бямба гарагт Үхань хотод нэг шинэ тохиолдол бүртгэгдэж, шинж тэмдэггүй 16 өвчтөнийг илрүүлжээ.
Халдвар авсан хүн /89 настай/ өнгөрсөн нэгдүгээр сарын 25-наас хойш гэрээсээ гараагүй бөгөөд гуравдугаар сарын 17-нд халуурах, чичрэх шинж тэмдэг илэрчээ. Тэрбээр 10 хоног эм уусны дараа бие нь илааршсан тул эмнэлэгт хандаагүй аж. Дөрөвдүгээр сарын 15-нд түүний хоолны дуршил буурч, тавдугаар сарын 06-нд эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлэгт түүнд хоёр удаа шинжилгээ хийсэн бөгөөд хоёулаа эерэг гарчээ.
Өнгөрсөн хугацаанд Хүбэй мужид нийт 68129 халдварын тохиолдол илэрснээс Үхань хотод 50334 тохиолдол бүртгэгдэж, 63616 хүн эдгэрч /Үханьд 46464/, 4512 хүн /Үханьд 3869/ нас баржээ. Одоогийн байдлаар ХҮбэй мужийн хэмжээнд 616 шинж тэмдэггүй өвчтөн эмч нарын хяналтад байна.
