Хятад улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн нээлтийн ёслол 2018 оны 04 дүгээр сарын 18-нд болсон байна.

Энэ шинэ агентлаг нь гадаад улс орнуудад тусламж үзүүлэх асуудлаарх бодлогыг боловсруулах, гадаадад тусламж үзүүлэх стратегийг шинэчлэх, тусламж үзүүлэх төлөвлөгөө гаргах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг ажлыг хариуцах юм байна.
Хятадын Коммунист намын /ХКН/ Улс төрийн товчооны гишүүн бөгөөд ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны зөвлөлийн дарга Ян Жечы тус агентлагийн нээлтийн ёслолын үеэр:
- Манай энэ агентлаг нь дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хамтдаа хөгжихийг урамшуулан дэмжих болно. Мөн энэ агентлаг нь Хятадын дипломат харилцаа ба “Бүс ба Зам” санаачлагыг сурталчлан таниулах, хэрэгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хэллээ.
Түүний хэлснээр, Хятад улс хөгжиж буй улс орнуудад 60 гаруй жилийн тэртээгээс ямар нэгэн улс төрийн нөхцөл болзолгүйгээр тусламж үзүүлсээр ирсэн байна. Тус улс хөгжиж буй улс орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, улс орнууд, ялангуяа буурай хөгжилтэй улсуудад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм байна.
Өчигдөр болсон тус агентлагийн нээлтийн ёслолд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И мөн оролцлоо.
