Компьютерын вирусийн асуудлыг яаралтай зохицуулах төв энэ сарын 3-нд 15 дахь удаагийн бүх Хятадын мэдээлэл, интернэт сүлжээний аюулгүй байдлын хэтийн төлөв ба компьютер, хөдөлгөөнт холбооны вирусийн асуудлын судалгааны дүн нийтэлжээ. Уг судалгаагаар, 2015 онд интернэт сүлжээний аюулгүй байдалтай холбоотой хэрэг өмнөх жилийнхээс 24.48 хувиар багасаж, буурах чиг хандлагатай байна. Гэхдээ хөдөлгөөнт холбооны вирусийн халдвар авсан үзүүлэлт 50.46 хувь байсан нь өмнөх оныхоос 18.96 хувиар дээшилжээ.
2015 онд төрөл бүрийн залилангийн программ Хятад улсад ихээр илэрч, хүчтэй дэлгэрсэн нь сүүлийн хоёр жилийн хамгийн түргэн газар авсан интернэт сүлжээний заналхийллийн нэг болсон байна. Өгөгдөл мэдээлэл алдагдсан хэрэг байнга гарч, кибер довтолгооны улмаас өгөгдөл мэдээлэл алдагдсан хэрэг ихэд гарсан нь эдийн засгийн асар их хохирол учруулжээ. Захиргааны албан байгууллагаас авахуулаад ард олны амьдрал олон талаар кибер довтолгооны бай болсон бөгөөд цахим холбоо, банк санхүү, эрчим хүч зэрэг олон салбар өртсөн байна.
