Орон нутгийн цагаар 08-ны өдөр Сербийн нийслэл Белград дахь Сербийн том давхар байранд онлайн гарын үсэг зурах ёслол зохиож, Хятад улсаас шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх "Гал нүд" буюу "Хүө-Янь" нэртэй хоёр лабораторийг Серби улсад хандивлалаа. Лаборатори байгуулах ажил дууссаны дараа, Сербийн шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх чадварыг ихээхэн сайжруулах бөгөөд Серби улсын коронавирусийн эсрэг тэмцэхэд туслах болно.
Мөн өдөр Сербийн Засгийн газар болон Хятадын аж ахуйн нэгж интернет сүлжээгээр хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, Сербийн нийслэл Белград болон өмнөд нутгийн Нис хотод "Гал нүд" нэртэй коронавирусийн халдварыг эмчлэх хоёр лаборатори байгуулахыг Хятадын аж ахуйн нэгжид даалгалаа. Энэхүү гарын үсэг зурах арга хэмжээнд Сербийн Ерөнхий сайд Ана Брнабич, Хятадаас Сербид суугаа элчин сайд Чэнь Бө, Сербийн засгийн газрын сайдууд оролцжээ.
Энэхүү хоёр лабораторийг BGI компани, Мэнма сан, Тенсент, Зижинь уул уурхайн компани хамтран хандивласан юм. Энэ нь Европ тивд байгуулагдаж буй шинэ коронавирусын халдварыг түргэн илрүүлэх анхны лаборатори болох бөгөөд лаборатори ашиглалтад орсны дараа, Серби улс шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх хүчин чадавхыг бараг 3 дахин нэмэгдүүлэх болно. Сербийн Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, усан аж ахуйн удирдах газрын сайд Недимович Сербийн засгийн газрын нэрийн өмнөөс хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Тэрээр хэлэхдээ, "Хүө Янь" лабораторийг байгуулах нь Серби улсад маш их ач холбогдолтой юм гэжээ.
Тэрээр: "Энэ нь Хятад улс Европт анх удаагаа иймэрхүү хэлбэрийн лаборатори байгуулж байгаа бөгөөд лабораторийг юуны өмнө Сербид байгуулж байгаа нь Серби, Хятадын найрамдал бат бэх гэдгийг дахин харууллаа. Сүүлийн үеэс бид шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх ажлыг эрч хүчээ тасралтгүй нэмэгдүүлж байгаа хэдий ч тоног төхөөрөмж, шинжилгээний ажилтнууд дутагдаж байгаа болохоор шинжилгээ хийх ажил мөн их байсаар. Иймээс Хятад улсын хандивлаж буй лабораториуд нь бидэнд маш чухал ач холбогдолтой юм. Энэхүү хоёр лаборатори нь шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх төдийгүй Сербийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт ихээхэн дэмжлэг үзүүлэх болно" гэжээ.
"Хүө Янь" лаборатори бол BGI коронавирусийн туршилтын эмийг шалгах, ирээдүйд нуклейн хүчил илрүүлэхэд зориулалттай мэргэжлийн биологийн нуклейн хүчлийн лаборатори бөгөөд хижиг халдварын талаар орнуудын байнгын илрүүлэх чадварыг үр дүнтэй дэмжиж, хижиг халдварыг эхний үе шатанд нь тогтоон барихад чиглэсэн юм. Хятадаас Сербид суугаа элчин сайд Чэнь Бө танилцуулахдаа: "Шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх лаборатори байгуулах нь коронавирусийн тохиолдлыг түргэн оношлох үндэс суурь бөгөөд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авахад маш чухал юм. BGI бол дэлхийд алдартай геномын судалгаа, хөгжлийн байгууллага юм. Тэд Хятадад коронавирусийн халдвар илрүүлэх ажилд идэвхтэй оролцож, баялаг туршлага хуримтлуулсан юм. "Хүө Янь" лаборатори байгуулагдсан нь Сербийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, эхний "Хүө Янь" лабораторийг 04-р сарын дундуур Сербийн нийслэл Белград хотод ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Лабораторийн барилгын ажлыг аль болох түргэн дуусгахын тулд, BGI компани Сербийн талд тоног төхөөрөмж суурилуулах, ашиглахад нь удирдамж хангах зорилгоор мэргэжилтнүүд илгээх юм байна. Сербийн Ерөнхий сайд Ана Брнабич Хятад улсын тусламж үзүүлж байгаад талархлаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, "Сербийн халдварын эсрэг тэмцэлд түргэн тусламж үзүүлсэн Хятад улс, Хятадын ард түмэнд дахинтаа талархал илэрхийлье. Хятад улсын тусламжгүйгээр Серби улс халдварт өвчнийг даван туулахад хэцүү байна. Хятад улс халдварт өвчинд өртсөн дэлхийн бусад улс орнуудад ч тусламж үзүүлсээр байна, Хятад улс шиг иймэрхүү сайн найзтай байгаагаараа бахархаж байна" гэжээ.
