Кино найруулагч, кино уран бүтээл бол маш сайхан ажил мэргэжил бөгөөд өнөөгийн нийгэмд хүмүүсийн анхаарал сонирхлыг улам ч ихээр татах болсон. Өдгөө Хөххотод кино найруулагчийн мэргэжил сурах хүсэлтэй залууст зориулан хичээл орж яваа Монгол Улсын иргэн Доржийн Жамьянаас сурвалжлагч түүний ажил мэргэжлийн онцлог, суралцсан тусгай мэргэжлийнх нь туршлагын талаар сонирхож, мөн монгол кино найруулагч болох хүсэлтэй, монгол кино уран бүтээлд сонирхолтой залууст зориулж ярилцлага хийлээ. Д.Жамьян 1947 онд Монгол Улсын Улаанбаатар хотод төрсөн. 2007 онд Өвөр Монголын Тан Фан кино урлагийн тусгай мэргэжлийн дээд сургуулийн урилгаар Хөххотод ажиллаж амьдраад 12 жил болж байна. Тэрээр Зөвлөлт Холбоот Улсын бүх холбоотын кино урлагийн дээд сургууль (Моксвагийн кино урлагийн сургууль)-ийг кино найруулагчийн мэргэжлээр төгссөн. Жамьян Герман улсын Лайбиши кино урлагийн наадамд дөрвөн удаа оролцож шагнал хүртэж байсан. Монгол Улсын Баримтат кино урлагийн наадамд шилдэг кино, шилдэг найруулагчийн шагналыг олонтаа хүртжээ.
Түүнчлэн Баруун Европ ба Умард Африкийн улс орнуудад 2006 он хүртэл чөлөөт уран бүтээлчээр баримтат кино зохион бүтээлч, найруулагчаар ажиллаж байв. 2007 оноос Хөххотод ажиллаж, амьдрах хугацаандаа Өвөр Монголын Монгол одон телевизтай хамтран арав гаруй удаагийн цуврал нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэсэн. Үүнд, “Самбарын сонин”, “Надад ярих юм байна” зэрэг нэвтрүүлгүүдэд найруулагч, мэргэжлийн урлагийн зөвлөхөөр ажилласан. Ордос хотын Үүшин хошууны Улаанмөчирийн дуулалт жүжиг “Хар Торгон хамжаар”, Цахар Баруун Гарын Хойд хошууны “Баатарлаг цахарчууд”, Алшаа Баруун хошууны “Бадайн Жарны домог” зэрэг Улаанмөчирийн театрын жүжигүүдэд жүжиглэх урлагийн зөвлөх мэргэжилтнээр ажиллаж байв.
2008 онд их дээд сургуулийн оюутнуудын театрын “Алтан цэцэг” нэрэмжит кино урлагийн найрын шилдэг найруулагчийн шагнал хүртсэн. Одоо Хөххотод найруулагчийн мэргэжил, жүжиглэх мэргэжил, нэвтрүүлэгч хөтлөгчийн мэргэжил, кирил үсэг ба Орос хэлний сургалтаар эдгээр мэргэжлийг сурах хүсэлтэй хүмүүст хичээллэж байна. Жамьян багшаас кино уран бүтээл сонирхогч хүмүүст хандсан нандин захиаг хүргэж байна.
Нэг. Авьяастай байх.
Хоёр. Мэргэжилдээ дуртай байх
Гурав. Урлагийн талын ихэнх мэдлэгүүдийг эзэмшсэн байх. Уран зохиол, түүх, гоо зүй, дүрслэх урлагийн мэдлэгийг эзэмшсэн байх. Дүрслэх урлагт баримал, уран зураг, уран барилгаас гадна, сонгодог хөгжмийн мэдлэг орно.
Дөрөв. Чөлөөтөй, өргөн сэтгэдэг байх. Эдгээр нөхцөлүүдийг бүрдүүлсний үндсэнд сайн найруулагч болдог. Мөн олны сонирхол татсан уран бүтээлийг сэтгэж, бодож, туурвиж чаддаг гэж захисан юм. Тэрээр мөн:
- Кино найруулагч хүмүүс гэдэг өргөн мэдлэгтэй, ухаантай, хөдөлмөрч хүмүүс байдаг. Ер нь уран бүтээлийн мэргэжил гэдэг бол их хэцүү мэргэжил шүү. Ихэнх хүмүүс царай зүс сайхан бол жүжигчин болоход амархан гэж боддог. Гэхдээ ингэж бодох шиг худал зүйл ер байдаггүй юм. Хамгийн гол нь энэ ажилдаа маш их дуртай байх хэрэгтэй. Өөрийгөө зориулж чаддаг, сэтгэлээрээ шатаж чаддаг. Ийм л хүмүүсээс сайн уран бүтээл гардаг юм шүү гэж хэллээ.
