
Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны Эрээн хот дахь чуулга уулзалтын хэвлэлийн бага хурал 9 дүгээр сарын 15-ны өдөр боллоо.
Хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнээр, 2017 оны Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны Эрээн хот дахь чуулга уулзалт болон APEC-ийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан цахим худалдааны дээл хэмжээний уулзалт 9 дүгээр сарын 16-ны өдөр Эрээн хотноо нээлтээ хийхээр болж байна. Чуулганы хүрээнд 2 өдрийн форум, 9 өдрийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж, ““Нэг бүс нэг зам”-ын боломжийг түшиглэн эдийн засгийн хамтын ажиллагааны коридорыг бүтээн байгуулъя” гэсэн гол сэдвийн хүрээнд APEC-ийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан цахим худалдааны дээл хэмжээний уулзалт, Хятад, Монгол, Оросын аялал жуучлалын хамтын ажиллагааны форум, Хятад, Монгол, Оросын үр тариа, ургамлын тосны худалдаа боловсруулалт хөгжлийн хамтын ажиллагааны форум гэх зэрэг уулзалт хурлуудыг тус тус зохион байгуулна.

Энэ удаагийн чуулга уулзалт нь форум, үзэсгэлэн худалдаа, төсөл танилцуулах гэх гурван үе шаттайгаар болох бөгөөд оролцох төлөөлөгчдийн тоо ойролцоогоор 3000 орчимд хүрч, APEC-ийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан цахим худалдааны дээд хэмжээний уулзалтад оролцох төлөөлөгч 500 хүрч байгаа бол үзэсгэлэн худалдааны аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгч 2400 хүрэх юм байна. Мөн олон улсын стандартад нийцсэн 700-аад бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргахад бэлэн болжээ.

2017 оны Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны Эрээн хот дахь чуулга уулзалт нь Хятад, Монгол, Орос гурван орны төрийн тэргүүний зөвшилцлийн дагуу Хятад, Монгол, Оросын хөрш зэргэлдээ бүс нутгуудын хамтын ажиллагаа болон хөгжлийг түлхүү ахиулах зорилготой, Хятадын “Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг хэрэгжүүлэх, шинэ нөхцөл байдал дор Хятад, Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон үйл явдал болох юм. Мөн Эрээн хотыг гадаад дотоодод нээлттэй хөгжүүлэх ховор боломж хэмээн үзэж болно.
Эдгээр арга хэмжээг зохион байгуулснаар Эрээн хотыг Хятадын төрийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх туршилтын бүс болгон бүтээн байгуулах ахицыг нэмэгдүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад эрч хүч өгснөөр, гурван улсын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааг улам өндөр түвшинд ахиулахад хувь нэмэр оруулах болно.
