Гудамжны гэрэлтүүлэг, байгаль орчны хяналт шинжилгээ, аюулгүй байдлын хамгаалалт, хөдөлгөөнт сүлжээ, фото цахилгаан үүсгэгч зэрэг 10 том хүчин чадал бүхий “Ухаалаг цэнэглэгч багана” орон нутгийн цагаар 7 дугаар сарын 30-нд 2017 оны Астанагийн тусгай Экспoд тавигдлаа. “Хятадын үйлдвэрлэсэн” эрчим хүчний тэргүүний шинэ технологийн санаачлага ийнхүү олны анхаарлыг татжээ.
Энэ бүтээгдэхүүнийг Хятадын шинэ эрчим хүчний салбарын тэргүүлэх аж ахуйн нэгж Шешинь корпорац үйлдвэрлэсэн юм. Уг корпорац 2016 оны “олон улсын шинэ эрчим хүчний аж ахуйн нэгжийн топ 500”-ын жагсаалтад хоёрдугаарт оржээ. Одоогоор, цахиурын үйлдвэрлэлийн хэмжээ дэлхийн зах зээлийн 25 хувийг эзэлж, дэлхийд тэргүүлж байна.
“Цэвэр эрчим хүчийг амьдралдаа хэрэглэе” сэдэвтэй “Хятадын Шешиний өдөрлөг” мөн өдөр Астанагийн Экспогийн Хятадын ордонд нээлтээ хийлээ. Хятадын ордны дарга Шүхуань хэлэхдээ, Хятадын ордон нь уламжлалт эрчим хүчний өөрчлөлт, шинэ эрчим хүчний хөгжил, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжих зэрэг шинэ ухагдахуун, шинэ технологи, шинэ үр бүтээлийг дэлгэн харуулж, Хятад болон Казахстан зэрэг орнуудын эрчим хүч, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын солилцоо, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах зорилготой юм гэжээ.
Мөн өдөр, улс орон, олон улсын байгууллагын олонх төлөөлөгчид Хятадын ордонтой танилцжээ. 6-р сарын 10-нд нээгдсэн Астанагийн тусгай Экспо нь “ирээдүйн эрчим хүч” уриан дор болсон бол Хятадын үндэсний ордон “ирээдүйн эрчим хүч, ногоон торгоны зам” уриан дор болжээ.
