ЖУРАМТЫН АЛЯ: ЭНЭ ХОТЫН АГААРЫГ ГҮН ГҮН АМЬСГАЛМААР САНАГДЛАА
Манай редакцид Бээжингийн Үндэстэний Их Сургуулийн Монгол хэл-утга зохиолын ангийн таван Өвөр Монгол оюутан дадлага хийхээр ирлээ.
Тэд Монголд анх удаа ирж буй бөгөөд анхны бичсэн нийтлэл нь Монголын тухай. Бид найруулга, аялгыг нь их өөрчлөлгүйгээр та бүхэнд хүргэж байна.

Журамтын Алиа: Төвийн үндэсний их сургуулийн монгол хэл-утга зохиолын салбарын III курсын оюутан.
Нүдээ аних тэр агшинд би Монголын нутгаар явж байна.
Бодоход сартай нь цуг нойрссон байх. Наран намайг илбэж босгосон байх. Галт тэрэгний цонхоор гадагш бараалахад тал гэдэг нь нилгэрийг яана. Агаар гэдэг нь тунгалгийг яана. Зорин зорьж Улаанбаатарт ирэх энэ аян хүсэхэд даанч хол санагдах юм. Яваад ирэхээр ойрхон ч бодогдох юм. Юм бүхэн нь Монголоороо гэдгийг хэлээд яахав. Тэртэй тэргүй монгол.

Монгол тайван амгалан
Гудамжинд алхах хүмүүсийн алхаагаас эхлэн улсын наадмын ёслол нь хүртэл бүр ч тайван амгалан. Хотын гудамжаар, эзэн Чингисийн талбайгаар ч ард зон нь яарахгүй, зовохгүй, нэг нэг алхмаар өөртөө итгэлтэй алхлах нь тайван. Уужуу цээжтэйнх нь учир байж магад. Хүн хүний хооронд итгэлцлийн учир байж магад. Бараалахад нүдэнд торох ургаа асаргүйн учир байж магад. Эсвэл энэ сайхан нутагт амьдарсны жаргалын учир байж магад.
Улсын наадмын ёслолыг би тэр холоос хэдий зэргийн олж үзэх бол гэж сэтгэл баахан гоморхож байсан юм. Гэтэл санаанаас гадуур наадмын эхний өдрийн /долоодугаар сарын 11/ өглөө би гараа сунгавал хүрч мэдэх тэр ойрхноос сонирхож, Есөн хөлт цагаан тугийн гялбааг хүртэж, морьт цэргийн сүр далайцыг үзлээ.
Ийм их найр ёслолыг ингэж ойрхноос сонирхож биеэрээ оролцох завшааныг олсон би сэтгэл өндөр байхыг юун хэлхэв. Монгол, хэн хүний сэтгэлийг хүлээн авч амаржуулдаг ийм л тайван амгалан байдаг юм байна лээ.

Цэвэр ариухан Монгол
Улаанбаатар. Монголын нийслэл хот. Миний үзэж өнгөрсөн аль нэг хотоос ч бүр онцгой хот. Орчин тойрны асуудал илт хүндэрч байгаа энэ цаг үед хот суурин зүлэгжүүлэлтийг их л анхаардаг болсноос хот дунд зүлэгжүүлэлт, эсвэл цэцэрлэг олон байгуулж, цэцэг өвсийг хүний хүчээр тарьдаг юм. Гэтэл Улаанбаатар тийм биш. Монголын өндөрлөг дээр сүндэрлэж байгаа Улаанбаатарын хөрс нь өвсний шимтэй ч юм уу, хурын тэжээлтэй ч юм уу, өөрөө л ногоордог юм шиг санагдсан.
Тэгэлгүй яахав, тойроод өвс мод, тал толгод, зүлэгжүүлэлтийн хэрэг юун. Тэрээр зүлэгжүүлэлт дээр суурилсан гуалиг хот. Илбээд гарах салхийг нь үнэрлэхэд ч өвсний соргог үнэртэй. Энэ хотын агаарыг гүн гүн амьсгалмаар санагдлаа. Цээжийг минь угааж, өвөртөө намайг бүүвэйлээч гэж шивнэмээр санагдсан юм.
Монгол. Миний нүдэнд ингэж харагдлаа. Миний сэтгэлд ингэж дусаллаа. Хойшдын хэдэн өдөрт Монгол нутгийг би мөн нүдээрээ үзэж, сэтгэлээрээ мэдрэх юмсан.
