Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 25-ны өдөр мэдэгдэхдээ "Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Чинь Ган 04-р сарын 27-нд Шэньси мужийн Ши-Ань хотод "Хятад-Төв Азийн таван орон"-ы Гадаад хэргийн сайд нарын IV уулзалтыг зохион байгуулна. Энэ үеэр Казахстаны ерөнхий сайдын орлогч бөгөөд ГХЯ-ны сайд Нуртлиеу, Киргизийн Гадаад хэргийн сайд Курубаев, Тажикстаны Гадаад хэргийн сайд Мухриддин, Туркменистаны ГХЯ-ны нэгдүгээр орлогч Хажиев, Узбекистаны Гадаад хэргийн сайд Саидов нар Хятадад хүрэлцэн ирж уулзалтад оролцоно" гэлээ.
25-нд болсон ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр Мао Нин холбогдох асуултад хариулахдаа "2022 оны 06-р сард болсон "Хятад-Төв Азийн таван орон"-ын Гадаад хэргийн сайд нарын III дахь уулзалтын үеэр бүх талууд Хятад-Төв Азийн төрийн тэргүүн нарын уулзалтын механизм байгуулахаар тохиролцов. Бүх талуудын зөвшилцлийн дагуу анхны дээд хэмжээний уулзалтыг Хятад улс зохион байгуулна.
Энэ удаагийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын гол үүрэг бол дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулах улс төрийн бэлтгэлийг иж бүрэн хангах явдал юм. Зургаан тал дээд хэмжээний уулзалтын төрөл бүрийн зохицуулалт, Хятад, Төв Азийн олон салбар дахь хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцох болно".
