solongonews
Улаанбаатар хот миний насан туршийн сайхан дурсамж болж үлдэх болно
2017-07-28 12:13
Бээжингийн Төвийн Үндэстний их сургуулийн Монгол хэл-утга зохиолын салбарын III дамжааны оюутан Х.Туяа дадлагын ажлаар Монголд ирээд байна. Тэрээр монголд анх удаа ирсэн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаж байна.

   Номонд дурдаж, интернэтэд  бичигдэж, ам дамжсан яриагаар Монгол Улсыг би төсөөлдөг байлаа. Энэ насандаа ганц удаа ч болов Монголд очиж, монгол зон олонтой уулзаж, соёл заншилтай танилцах нь Монгол хүн болж төрсний хувьд хийх ёстой зүйлийн нэг гэж бодож байна. Миний нутагт тал нутаг байхгүй.  Мөн монгол гэр, наадам ч байхгүй. Би их сургуульд орж суралцаад сая л бүхнийг ухаарч, өөрийгөө монгол хүн гэж мэдэрсэн ч монгол хүний амьдралыг, монгол хүний мөн чанарыг  нарийн сайн ойлгоогүй явж.

Иймд дадлага хийх газраа сонгохдоо эргэлт буцалтгүйгээр Монгол Улсыг сонгосон. Энэ удаагийн дадлагын ажил минь надад маш хэрэгтэй, миний хүсэн хүлээсэн аялал юм.

2017 оны долоодугаар сар. Азаар Монгол Улсын хил хязгаарт хөл гишгэлээ. Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл 700 км замыг галт тэргээр туулж явахдаа  уудам хөх цэлмэг тэнгэр,  уудам тал нутгийг ханатлаа харж явлаа. Энэ их тал нутгийг өмнө нь харж байсангүй.  Ингэж л охин миний нүд тайлагдлаа.

Ихэнх монгол залуусыг дээл тэрлэгээрээ гоёж, өдөржин  хонь маландаа явдаг уламжлалт  амьдралаараа амьдардаг гэж бодож явлаа. Гэтэл миний төсөөлснөөс огт өөр байсан. Монголын залуучуудын өмссөн хувцас дэлхийн урсгалаа дагасан, чөлөөтэй, хотын барилга байгууламж нь орчин үеийн загварт орсон ч уламжлалт арга барилаа бас зохих хэмжээгээр хадгалдаг байхыг ойлгон мэдэж болно.

Бид азаар улсын наадамтай таарлаа.  Наадмын нээлт үзэж сүр далайцтай дууны аянд уярч, түүхээ нэг дахин эрэгцүүлэх сайхан агшинг олголоо. Наадамчин болгон монголд төрлөө хэмээн омогшиж, би ч монгол хүн гэж хашхирмаар санагдсан. 

Хэрэв Монголыг нэгэн зургаар төсөөлбэл Улаанбаатар хот түүний доторх хамгийн тод, гүн өнгөтэй хэсэг нь  байх болно. Эндхийн барилга бүхэн нэг ижил шахам өнгөтэй. Шаргал, хөх, улаан гэх зэрэг.

"Улаанбаатарын үдэш" дууг сонсох дуртайн хувьд Улаанбаатарт ирчихээд үзэхгүй  байж  болохгүй шүү дээ. Үдэш болоход бид Зайсан толгой дээр гарч хотыг “дурандлаа”. Улаанбаатар хот уулаар хүрээлэгджээ.  Зайсан яг л хайртай хүнээ хүлээж байгаа яруу найрагч гэмээр алсыг бараалан зогсоно. Толгой дээрээс модод эх орноо хамгаалж байгаа баатар жанжин мэт сүртэй санагдсан.

Эндхийн нутаг нь тэнэгэр мөртлөө үзэсгэлэнтэй, ард иргэд нь тайван бас ёсорхог ажээ. Дэлгүүрт ч, хоолны газарт ч бидэнтэй ёсорхогоор мэндчилнэ. 

Энэ бүгдийг биеэр үзвэл энэ сайхан бүхнийг  олж харж, сайхан бодлууд аяндаа сэтгэлд хоногшино.

Би монголдоо хайртай, монгол бол миний шүтээн юм. Улаанбаатарт байсан хоногууд миний насан түршийн сайхан дурсамж болон үлдэх болно.

Зохиогч: Туяа
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл