solongonews
Өвөр Монголчууд үндэснийхээ түүх соёл, уламжлалыг өвлөн хадгалжээ
2019-11-22 20:05
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ӨМӨЗО-той хамтран залуу сэтгүүлчдийг сургалтад хамрууллаа. Өвөр Монголын Өөртөө Засах Оронд болсон хоёр дахь удаагийн энэхүү сургалтад Монгол Улсын орон нутгийн телевиз, радио, сонины сэтгүүлчид, Монцамэ агентлаг, Үндэсний шуудан, Үнэн, Ардчилал таймс, МҮОНР, Малчин телевиз, МУИС, СХД- н хэвлэл мэдээллийн алба зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.

     

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн эрдэмтэн, судлаачид Хятад улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн чиг хандлага, тал нутгийн соёл, түүх, ядуурлаас ангижруулах хийгээд чинээлэг нийгмийг бий болгох бодлого зорилт зэрэг сэдвээр Монголын сэтгүүлчдэд илтгэл тавьж  мэдээлэл өглөө.  Мөн хоёр орны хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлах баг Хөххот, Улаанхад, Архорчин, Онгониуд хошууны элсэн манхан Юй Лүн /хас луу/ зэрэг аялал жуулчлалын газраар явж мэдээ сурвалжилга бэлтгэсэн. Бид сурвалжилгаа Хөххотын Хорингэр дүүрэг дэх “Мэн Ню” сүүний үйлдвэр, ”M Gress” буюу байгалийн нөхөн сэргээх газартай танилцлаа. Эдгээр хоёр байгууллага бидэнд гайхамшигтай санагдлаа.             

Байгалийн нөхөн сэргээх газар нь ховордсон ургамлыг  дахин тариалж, уул уурхайд өртсөн газар нутгийг нөхөн сэргээн зүлэгжүүлж, байгаль орчноо хамгаалж байна. Хөх хотын “Мэн Ню” сүүний үйлдвэр нь өндөр хүчин чадалтай сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилагджээ. Үнээгээ саахдаа угааж, массаж хийж  хөгжим аялгуу сонсгох зэрэг олон үйлчилгээ хийдгээрээ онцлогтой юм.

 Нийтлэлийг бичсэн МҮОНР-ийн Завхан аймаг дахь сурвалжлагч Дүгэрсүрэнгийн Энхжаргал

Манай сурвалжлах багийнхан Ар Хорчин хошууны хааны ордны дуу хөгжмийг үзэж сонирхлоо. Энэ нь Лигдэн хааны үед дуулагдаж байсан дуу хөгжим юм байна.  Хархорин Хаан сүм сумын Баянхошуун багт байрлах Цагаан хот хэмээх эртний хуучин хотын үлдэгдэл байдаг.  Үүнийг хойд Юань улсын үеийн Лигдэн хааны үеийн нийслэл болохыг судлаачид тогтоосон байна.  Судлаачид  тус газраас эртний монгол дуу хөгжмийн хуучин дэвтэр олжээ. Энэ хуучин дэвтэрт 80 гаруй дуу хөгжим тэмдэглэгдсэн байна. Эдгээрээс одоо 25 дууг нь сэргээн  дуу хөгжмийн бүлгэм байгуулан олон нийтэд сонирхуулж байна. Лигдэн хааны үеийн ордны дуу хөгжим нь ӨМӨЗО-ы биет бус  соёлын өвөөр бүртгэгджээ. Түүнчлэн сурвалжлах багийнхан нутгийн ардын авьяастан Отгонбаяртай уулзаж ярилцлага авлаа. Ар Хорчин хошуунд хуурын үлгэрийг үе дамжин өвлөн уламжилж ирсэн байна. Эрт дээр Чингис хааны үеийн хуурын үлгэр нь дуулах урлагийн өвөрмөц нэгэн төрөл төдийгүй орон нутгийн онцлогийг хадгалжээ.

Түүнчлэн Ар Хорчин хошуунд сэтгүүлчдийн баг радио, телевиз , сонин, сайт гэсэн дөрвөн хэсэгт хуваагдаж монгол хувцасны үйлдвэр, урлалын газруудаас сурвалжилга бэлтгэсэн юм. Монгол Улсын Их Сургуулийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Чинзориг, Монголын радиогийн сэтгүүлч Батцэцэг, ӨМӨЗО-ы Улаанхад хотын радио телевизийн сэтгүүлч Наранхүү, Монголын радиогийн Завхан аймгийн сурвалжлагч миний бие хамтран радиогийн баг бүрэлдэхүүн болж сурвалжилга бэлтгэлээ. Бид “Ар Хорчин” хошууны “Хас чимэг” хувцас заслын цехээр зочиллоо. Энэхүү цех нь тухайн аймаг хошуудын тэрлэг дээлийн онцлогийн ялгааг харуулж уралдаг гэлээ. Тухайлбал Халх дээл, Ордос дээл, Цахар тэрлэг нь өргөн уужуухан  байдаг бол Ар Хорчин хошууны тэрлэг дээлийн хэв маяг нь торог өнгөн дээрээ нэг зүүгээр хатгамал цэцэг, хуар, угалз зэргийг донжийн тааруулж урлана. Эрэгтэй тэрлэг, дээлийн ханцуйд нудраг залгаж оёно. Хасчимэг даамал ярихдаа арав гаруй ажилчинтай нэг тэрлэг дээлийг хийхэд эсгэх, өнгийн оёх,эмжих, захыг залгах, шилбэ товчийг тус бүр өөр өөр оёдолчин оёдог гэж ярилаа.  

 Нийтлэлийг бичсэн МҮОНР-ийн Завхан аймаг дахь сурвалжлагч Дүгэрсүрэнгийн Энхжаргал

Бид тухайн өдөр Ар Хорчин хошууны чавганы  хоёрдугаар дунд сургуулиар орж үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус сургууль монгол хэлээр хичээллэж байгаа цорын ганц ахлах сургууль юм.  Энэ сургууль нь 1958 онд байгуулагдсан түүхтэй. 1599  сурагч, 200 гаруй багш ажилтантай. Сургуулийн биеийн тамирын талбайг 24 сая юанийн хөрөнгөөр барьж байгуулж биеийн тамир, спортын заалтай иж бүрэн цогцолбор болгосон.  Энэ заал байгуулагдсанаар монгол бүжиг, үндэсний хөгжим, уртын дуу, үйл урлал, техник сэтгэлгээ хийгээд үндэсний бичиг соёлыг хүүхэд багачуудад заан сургаж өвлүүлж байна. 2-р сургуулийн сурагчдын дийлэнх  нь дотуур байранд амьдардаг. Бидний ажиглаж анзаарснаар Өвөр Монголын сургуулийн сурагчид сууж сурсан, хичээл болон сурч байгаа зүйлдээ залхууралгүй шамдан суралцдаг нь харагдаж байсан.
Өвөр монголчууд үндэснийхээ түүх соёл, уламжлалт зан үйлээ өвлөн хадгалж иржээ. Үүнд эрийн гурван наадам, монгол бөхчүүдийн барилдаан орон даяар шилдэг амжилт гаргаж ирсэн. 1888 онд  Цахар нутагт Юань Шанд хуучин хотын бууринд зохион байгуулагдсан бүх орны 1024 бөхийн  барилдаанд Ар Хорчин нутгийн алдарт бөх Гомбожав ес даван үзүүрлэж байсан түүхтэй. Өвөр Монголын “Жангаат” бөх Мөнхдүүрэнтэй бид танилцаж цөөн хором хөөрөлдсөн юм. Мөнхдүүрэн “бага наснаасаа монгол бөхийг сонирхож байсан. 18 нас хүрээд барилдаж эхэлсэн. Нагацын талаасаа бөхийн удамтай. Монгол бөхчүүд бяр ихтэй. Санжаадамба бөхийг хүндэтгэдэг. Өвөр Монголд гурван удаа ирээд тэмцээнд оролцоод гурван удаа түрүүлсэн. Сайхан аварга байлаа” гэж ярилаа.
Өвөр Монголын гол төвлөрч байгаа барилдаан бол “Жангаат” бөх,  Хөлөнбуйр аймгийн барилдаж байгаа бөх бол “Толот” бөх, Ордос нутгаар баруун аймгаар барилдаж байгаа бүслүүр бөх юм. Одоогийн “Жангаат” бөх нь Чингисийн үеийн бөөгөөс эхтэй гэж үздэг. Мөнхдүүрэн барилдахын хажуугаар хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэж, интернэтээр ард иргэдээ уриалаад хүндээр өвдсөн, ядарсан хүмүүст тусламж үзүүлдэг байна.

Улаанхадын өдрийн сонин, тус хотын радио, телевизээр зочилж мэргэжил нэгт нөхдийнхөө хагас өдрийн ажилтай танилцсан. Мөн хэвлэх үйлдвэрээр орсон. Хэвлэх үйлдвэр 1 тонн цаасаар тавин мянган ширхэг сонин үйлдвэрлэдэг.Өдөрт  120 мянган сонин үйлдвэрлэдэг. 1 цагт 36 мянган ширхэг сонин хэвлэдэг.  

Өдрийн сонин уйгаржин монгол бичгээр, хятад ханзаар дөрвөн нүүрээр өдөрт 7000 ширхэг, долоо хоногийн зургаан өдөр гардаг. Даваа гарагаас баасан гарагт сонин өнгөтөөр хэвлэгдэнэ, гараг-ын сүүлийн өдрийн сонин цэнгүүний маягтай чөлөөт сэдвээр нийтлэгддэг юм байна.

Радио  Телевизийн хороонд мөн л хагас өдөр зочилж туршлага хуваалцсан. Маш өндөр төвшинд тоног төхөөрөмжөөр тоноглогдож, ажилчдын ажиллах орчин таатай байсан. Ингээд бид Хөххот, Ар Хорчин хошуу, Улаанхадын түүхийн дурсгалт музей-гаар айлчилсан. Музей балар эртний эд өлгийн зүйлсээс эхлээд олон мянган жилийн өмнө хэрэглэж байсан эд өлгийн зүйлийг харуулсан гайхамшиг байсан. Мөн Хөххотын музейд “Үлэг Гүрвэл”-ийн ясыг байрлуулсан нь айх гайхах хоёр зэрэгцэж байснаа нуугаад яах вэ. Музейн тайлбарлагчид Өвөр Монголоор тайлбарлаж байсан нь ойлгоход дөхөмтэй байлаа.

Манай аяллын сурвалжлах баг мөн Онгонууд хошууны элсэн манхан жуулчны баазын элсэн манхнаар аялсан нь их сонирхолтой байсан. Бээжин жип машин жолоодож байгаа жолооч ур чадвар өндөртэй чадварлаг юм билээ. Ар Монголоос айлчлан очсон аяллын багийнханд хөтөч болж аяллын турш зааж сургаж явсан багш Ундрахбулаг, Гао багш нартаа маш ихээр баярлаж талархаж байна. Мөн дарга нар, музей тайлбарлагч, үйлчилсэн автобусны жолоочид, амтат хоолоор дайлсан олон  тогооч, буудлын ажилчид гээд биднийг хүндэтгэсэн Өвөр Монголын ахан дүүстээ гүнээр их талархаж байна.

Найруулагч: С.У
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл