
Монгол эм эмнэлгийн ажилтны хувьд Яо Хасын энэ жилийн их хуралд дэвшүүлэх санал сануулга нь бүгд монгол эм эмнэлгийн хөгжилтэй холбогдсон асуудал байлаа. Үүнд, түүний хамгийн анхаарч буй санал нь “Монгол эм эмнэлгийн мэргэжлийн ангийн оюутан ба магистрантурт элсүүлэх тоог нэмэгдүүлэх” тухай санал болно.
Монгол эм эмнэлэг бол онцгой байгалийн нөхцөл ба хүн соёлын орчинд, монгол үндэстний ард түмний 2700 гаруй жилийн өвчин эмгэгтэй тэмцэж, тасралтгүй хөгжиж бүрэлдсэн өвөрмөц онцлогтой эм эмнэлгийн систем болно. Мөн Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрүүл мэнд эм эмнэлгийн онцлог ба давуу тал төдийгүй Хятадын үндэстний эм эмнэлгийн ухааны чухал төлөөлөгч болох юм. “Сүүлийн жилд монгол эмнэлэгт өвчнөө үзүүлэх өвчтөн олширч, монгол эм ууж өвчнөө эмнэх хүн олон болжээ. Гэтэл монгол эм эмнэлгийн мэргэжлээр төгссөн оюутан, магистр цолтой мэргэжилтэн цөөн байгаа бөгөөд монгол эмнэлгийн эмчилгээнд мэдлэг мэргэжил өндөр, тусгай мэргэжилтэн ихээр дутагдаж байна” гэв.
Яо Хас гишүүний бодлоор өнөөдрийг болтол Өвөр Монголын монгол эм эмнэлгийн мэргэжлээр төгссөн оюутан 10 мянга ч хүрэхгүй байна. 1983 оноос эхлэн Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургууль 20 жил дараалан монгол эм эмнэлгийн тусгай мэргэжлийн сурагч элсүүлээгүй. Өвөр Монголын Үндэстний их сургууль 10 жил дараалан монгол эм эмнэлгийн тусгай мэргэжлээр элсэх сурагчийн тоогоо багасгаснаас монгол эм эмнэлгийн мэргэжилтэн ихээхэн дутагдах болсон. Ялангуяа 40-60 насны хоорондох монгол эм эмнэлгийн ажилтан маш их дутагдаж, Өвөр Монголын монгол эм эмнэлгийн хөгжилд ноцтой байдалд хүрсэн байна. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн Монгол анагаах ухааны дээд сургууль, Өвөр Монголын Үндэстний их сургуулийн Анагаах ухааны дээд сургуулийн монгол эм эмнэлгийн мэргэжлээр төгсөж буй оюутан жилд бараг 500 гаруй л байгаа. Гэтэл Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлэг зэрэг Өвөр Монголын 23 монгол эмнэлгийн хороонд жил бүр 400 гаруй эмч ажилтан шаардагдана. Энэ байдал нь төрөөс шаардаж байгаа анхан шатны монгол хятад эм эмнэлгийн эмчилгээний чадварыг дээшлүүлэх төслийг биелүүлэхэд нөлөөлж байна.
Энэ байдалд хандан Яо Хас гишүүн төрөөс монгол анагаах ухаан, монгол эмнэлгийн яс барих зэрэг тусгай мэргэжлийн ангийн оюутан ба магистрантурт элсэх тоог нэмэгдүүлж, жил бүр 800 оюутан элсүүлж, өргөн олон ард түмэнд монгол эм эмнэлгийн үйлчилгээг үзүүлж, монгол эм эмнэлгийн хөгжлийг дэмжвэл зохино гэв.
