solongonews
Шинэ шалгалт шинэ сонголт
2017-07-17 16:09
- Жаргалант сумны малчид сүргийн бүтцэд хуваарилалт хийж байгаа тухай сурвалжиллаа.

Авга хошууны Жаргалант сумын малчид энэ хавар Түнляо хотоос нийт 260 симвадар үхэр оруулсан байна. Энэ нь хэдийгээр малчид өөрсдөө үхэр авах тухайгаа сумандаа мэдэгдсэний дараа сумаас хүн томилж Түнляо хотод очиж авчирдаг байна.

Энэ жил Жаргалант суманд хур бороо бага орсон учраас ган хуурай байдал өмнөх хэдэн жилийг бодвол улам хүнд ноцтойн дээр хонь ихээр маллаж байгаа айлуудын хувьд хонио цөөлөх нь хамгийн тохиромжтой бодлого байв.

Баян-Овоо гацааны Юй Шань 34 симвадар үхэр оруулав. Тэднийх ах, дүү хоёрын нутаг нийлээд 930 га бөгөөд одоохондоо Юй Шаний өөрийн хонь хурга нь 600 орчим, нутгийн 40 гаруй үхэртэй. Энэ намраас эхлэн хонио цөөлөн, үхэр голдуу тэжээхээр төлөвлөж байна. Симвадар үхэр оруулсан тухай Юй Шань гэргий Гоо:

- Сүүлийн жилд үхэр маллах нь орлого ихтэй байна. Манай дүүгийнх өнгөрсөн намар 10 тугал худалдаад 100 гаруй мянган юаний орлого олсон. Манайх 300 хурга худалдаад 10 тугалын ч үнэ хүрээгүй. Дээр нь хонь хариулахад хөдөлмөр хүч их зарцуулна. Нөхөр бид хоёулаа, хүүхдүүд сургуульд сууж байна. Энэ жил гантай, олигтой сайн бороо орсонгүй. Бэлчээр ч тааруухан болохоор одоо малаа хадлангийн хүрээндээ оруулж байна. Одоо малын чанар чансааг илүү анхааран орлогоо нэмэгдүүлэх нь чухал гэж ярьж байлаа.

Баянмэнд гацааны малчин Мөнхбаярынх 60 гаруй үхэр, 1100 гаруй бог мал малладаг. Жил бүрийн 3 дугаар сарын 10-наас хургаа тосдог. Өнгөрөгч онд 500 гаруй хургаа тэгшитгээд 310 юань зарж, 155000 гаруй юаний орлого олсон байна. Тэрбээр:

- Бороо сайн, бэлчээр сайтай бол манай энд хонь маллаж болно. Энэ жил гантай учраас өвс ургаагүй. Хонь хэтэрхий олноор маллах нь бэлчээрийн өвс нэн ч ургаж амжихгүй. Хөдөлмөр хүчинд ч халтай байна. Бас хоньчин хөлсөлж, жилдээ бага бус зарлага гарна. Энэ жилээс хонио цөөрүүлж, үхэр маллана. Өөрсдөө 20 симвадар үхэр оруулах санаатай байна. Одоо бол малын тоо толгой хөөцөлдөх цаг биш болжээ. Нутаг бэлчээрээ хамгаалан, цөөн мал маллах нь зүйтэй гэж ярьж байлаа.

Нутаг бэлчээртээ тулгуурлан сүргийн бүтцээ тохируулж, өмнөх шигээ том нутагт олон мал малладаг цаг хугацаа өнгөрлөө. Одоо бол нутаг бэлчээрээ хамгаалж, бэлчээртээ тохируулан мал маллаж, өөрийн амьдралаа дээш татах нь чухал.

Зохиогч: БҮРЭНСОЁЛ
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл