“Цэнгүүн гараг” нэвтрүүлэг нь Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны “Хятад улсын монгол хэлний сонин мэдээний сайт”-аас долоо хоног бүрт нэг удаа бэлтгэн цацдаг содон нэвтрүүлгийн нэг юм. 2015 оны 2 дугаар сард анхны дугаараа нэвтрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл сонгодог дуу, Хорчин ардын шилдэг дуу, Монгол Улсын оддын тоглолт, Хангай хамтлагийн ярилцлага, Зууннаст багш, Д.Жамбажамц багшийг дурссан хөрөг нэвтрүүлэг, мөн тэмдэглэлт баярын өдрүүдэд зориулсан дуу хөгжмийн зэрэг өөр өөр онцлог бүхий нийт 42 удаагийн нэвтрүүлгээ уншигч түмэндээ хүргээд байна.
2015 он бол монголчуудын хувьд уран бүтээлийн ганзага дүүрэн жил байлаа. Арга ч үгүй дээ, дэлхийн дэвжээнд ч, Хятад улсын хэмжээн дэх цэнгүүн нэвтрүүлгүүдэд ч монгол дуу хөгжмийн хүчит салхи эрчилж байсан нь бидний омогшил гэлтэй. “Цэнгүүн гараг” нэвтрүүлэг маань эдгээр амжилт бүхнийг алдалгүй тэмдэглэн мөнхөлж, олон нийтэд хүргэсээр нэг жилийн ойн баяраа угтлаа. Ийнхүү нэр хүндтэй монгол уран бүтээлчидтэйгээ болзож, цэнгүүний монгол салхины тухай эрэгцүүлэн “Цэнгүүний монгол салхи —2015” шинэ жилийн дугаараа өргөн барьж буй нь энэ юм.
Энэ удаагийн шинэ жилийн цэнгүүнийг Өвөр Монголын Солонго мэдээллийн төв, Хятадын Монгол хэлний мэдээллийн сайт хамтран зохион байгууллаа.
Цэнгүүнд БНХАУ-ын 2015 оны урлагийн дээд шагнал болох "Алтан тахиа" шагналт алдарт жүжигчин Бадам, хөөмийчин Эрхэмбат, Монгол Улсын хөөмийчин, хөөмийн багш Т.Баянмөнх, бүжигчин Хүдэр, хөгжимчин Баян, дуучин Бай Юйхуа, Зулаа, Монгол Улсын хөгжим судлаач, багш Д.Энхтунгалаг нар уригдан оролцлоо. Цэнгүүнд морилон саатсан оддын бага насны зургийг хүрэлцэн ирсэн зочдоор таалгах, дууны нэр таах, түргэн хэллэг хэлүүлэх, хүч сорих зэрэг олон сайхан агуулгаар зохиогдсон бөгөөд уран бүтээлчид маань ч хувь хувьдаа уран бүтээлийн гэнэтийн бэлэгтэй ирсэн байв. Түүнчлэн Монгол Улсын авьяаслаг оюутнуудын "Цагаан сарнай" цэнгээнт бүжгийн хамтлаг гайхамшигт бүжгээрээ цэнгүүнийг чимсэнээс гадна нэвтрүүлгийн хөгжөөн дэмжигчээр Монгол Улсаас Өвөр Монголд суралцаж буй оюутан залуус өнгө гэрэл нэмж оролцлоо.
2015 он улиран одож, 2016 он үүд тогшин айсуй. 2016 онд “Цэнгүүний монгол салхи” дахин сэвэлзэх нь лавтай.
