Дэлгэр зуны 07-р сарын 27-ны өдөр Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн, үндэстний эв нэгдлийг ахиулж, Монгол үндэстний уламжлалт спортын салбарыг хөгжүүлэх зорилгоор Шинэ Барга Зүүн хошууны бөхийн нийгэмлэгийнхэн ахмад бөхчүүдийн амжилтыг үнэлэн өргөмжлөх ёслол хийж, Шинэ Барга Зүүн хошууны бөхийн салбарт гавьяа зүтгэл үзүүлсэн хүмүүс буюу 50 наснаас дээших ахмад бөхчүүдийн амжилтыг үнэлэн өргөмжлөв.
Үйл ажиллагаанд Хөлөнбуйр аймгийн дархан бөх Дондогийн Хойлог, Рагчаагийн Багз, Шинэ Барга Зүүн хошууны бөхийн салбарыг дэмжсээр ирсэн Эрдэнэбаярын Эрдэмт, Мөнхийн Өлзий зэрэг 7 хүнийг Шинэ Барга Зүүн хошууны бөхийн зүтгэлтнээр үнэлэн өргөмжилж, энгэрийн тэмдэг, өргөмжлөл гардуулав. Сумын наадмын хоёр, гурав, дөрөвдүгээрт орж байсан Адьяагийн Гомбосүрэн, Балдангийн Дамдинсүрэн зэрэг 25 ахмад бөхчүүдэд өргөмжлөл гардуулж, Сумын наадмын тэргүүнд барилдаж явсан Сэвэгжавын Эрхзандорж, Умзатын Лхамжав зэрэг 28 ахмад бөхчүүдийг сумын дархан бөхөөр, Борхүүгийн Санжмятав, Чимидийн Дашням зэрэг хошууны ардын наадмын шөвгийн дөрөвт үлдэж байсан ба Барт Хандгайн зуслангийн тэргүүн, хоёрдугаар байр, Мэнэнгийн Богд-Уулын тэргүүн бөх зэрэг 13 бөхийг хошууны дархан бөхөөр үнэлж, энгэрийн тэмдэг ба өргөмжлөл гардуулсан байна.
Шинэ Барга Зүүн хошууны бөхийн нийгэмлэг нь 2007 оны 05-р сарын 13-ны өдөр байгуулагдаж, эдүгээ гурван үеийн нийгэмлэгийн тэргүүлэгчийн хичээл зүтгэл дор бөхийн салбараа тасралтгүй хөгжүүлсээр иржээ. Тус нийгэмлэг нь 2015 онд бүх сум сууринд салбар бөхийн холбоог үүсгэн байгуулж, нийгэмлэгийн гишүүдийн нягтрал, эв нэгдлийн дор Шинэ Барга Зүүн хошууны хэмжээнд ахмад бөхчүүдийн түүх намтрыг бүртгэх, залуу бөхчүүдийн бэлтгэл сорио, мэх мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхээр хичээн ажиллаж байна. Долоо хоногийн барилдаан, сарын барилдаан, оны манлай шалгаруулах барилдаан, сум суурингийн нэгжийн барилдаан, сар шинийн хүндэтгэлийн барилдаан, Өвөр Монголын 25 наснаас дооших залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан, Хөлөнбуйр хотын монгол бөхийн аймгийн цол олгох анхны барилдаан зэрэг томоохон хэмжээний найр наадмыг зохион байгуулан явуулснаар тус хошууны бөхийн чанар чансаа дээшлэн улсын дотоод гадаадын уралдаан тэмцээн, бусад аймаг хотын найр наадамд амжилттай оролцож, нутаг орныхоо нэр алдрыг өргөж явна.
Шинэ Барга Зүүн хошуу нь эрт түүхэн үеэс улс, орон, тив дэлхийд алдар нэрээ мандуулсан Өвөр Монголын анхны мянган бөхийн манлай аварга Базарганди зэрэг үеийн үеийн цуут бөхчүүд төрсөн бөхийн өлгий сайхан нутаг билээ. Шинэ Барга Зүүн хошууны бөхийн нийгэмлэг нь бөхийн салбарт гавьяа зүтгэл, хувь нэмрээ оруулсан хүмүүс, ахмад бөхчүүдийн амжилтыг үнэлэн өргөмжлөх ёслолыг ёслол төгөлдөр хийсэн нь эх орныхоо 70 жилийн хөгжил цэцэглэлд эдгээр хүмүүсийн спортын салбарт оруулсан хувь нэмрийг бүрэн үнэлэн өргөмжилж байгаа хэрэг юм. Үүний зэрэгцээ залуу үеийн бөхчүүдийг ахмад бөхчүүдийнхээ гаргасан ололт амжилтаас эрч хүч, урам зориг авч, бэлтгэл сорио, мэх мэргэжил, ур чадвараа дээшлүүлж, нутаг орны бөхийн салбарын хөгжилд гарамгай зүтгэл үзүүлэх итгэл зоригийг хөвчилжээ.
Шинэ Барга Зүүн хошууны бөхийн нийгэмлэг нь бөхийн ариун үйлсээ уламжлан хөгжүүлэхээр зорилт болгож, бөхийн барилдааныг дүрэмжүүлж хөгжүүлэх талаар хичээн ажиллаж, бөхчүүдийн үзэл ухамсар, ёс суртахууны хүмүүжлийг чангатгах тусгай сургалт зохион байгуулж, барилдааны дүрэм тогтоолыг хатуу чанга дүрэмжүүлж байна. Мөн сургуулийн хүрээн дэх өсвөр насныхны монгол бөхийн барилдааныг зохион байгуулж, бөхийн өлгий нутгийн соёлын хөрснөөс ирээдүйд олон олон үе үеийн аваргыг хүмүүжүүлэн гаргахаар хичээн ажиллаж байна.
