
Аймгийн Засаг даргын Тамгын газар эдгээр багш нарыг БНХАУ-ын Ордос хотод туршлага судлах эрхээр шагналаа. Аварга багш нарт эрхийн бичиг гардуулах ёслолын үеэр засаг дарга Д.Батлут хэлэхдээ: - Хүний хөгжлийн бодлогод багш нарын үзүүлэх нөлөө чухал. Та бүхний хичээл зүтгэлээр Монгол Улс, Эрдэнэт хотын ирээдүй бий болно. Тиймээс орон нутгийн засаг захиргаанаас багш нарыг хөгжүүлэх, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Багш” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна гэсэн юм.

Мэргэжлийн аварга багшийг шалгаруулахад хүүхэд бүрийг хөгжүүлсэн, тухайн жилд аймаг, бүс, улсын хэмжээний уралдаанд гаргасан амжилт зэрэг нь нөлөөлдөг юм.
Түүнээс гадна энэ үеэр Орхон аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжиж “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд 5 сургуульд AR технологи бүхий кабинетын хэрэглэгдэхүүн олголоо. 5, 7, 14, 17, 20-р сургуульд олгосон энэхүү кабинетыг бага ангиуд байгалийн ухаан зэрэг хичээлд ашиглах бол ахлах ангид анатоми, газар зүй, физикийн хичээлд ашиглах бүрэн боломжтой талаар ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн ярилаа. Энэхүү кабинет нэг бүрийн үнэ нь 3.5 сая төгрөг юм.

Дашрамд дуулгахад орон нутгийн засаг захиргаанаас БСШУС-ын яамтай хамтран Орхон аймгийн дөрвөн сургуульд “Цахим сургууль” төсөл хэрэгжүүлэхээр болоод байна. Уг ажилд нийтдээ 110 гаруй мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.


