solongonews
Улсын сүлд доорх малчин бүсгүй
2017-05-03 00:26
Авга хошууны Билгүүдэй суурингийн Эрдэнэбулаг баг нь Эрдэнэбулаг гэх булгийнхаа нэрээр ийнхүү нэрлэгджээ. Тус багт Хятадын XII удаагийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч Эрдэнэгэрэлийнх амьдардаг. Малчин төлөөлөгч Эрдэнэгэрэлийн гурван үеийн амьдрал тэмцлийн түүх бол ӨЗО байгуулагдсан 70 жилийн турш дахь түг түмэн малчин амьдралын амьд зураг болох нь яриангүй.

Тал нутгаас Тянь Ань Мэнь талбай хүртэл

Ногоон торгон тэрлэгээрээ гоёсон малчин төлөөлөгч Эрдэнэгэрэл Авгын тал нутгаасаа Тянь Ань Мэнь талбайд хүрч, Ардын Их Хурлын танхимд орон, бүх улсын Ардын Төлөөлөгчдийн Их хуралд оролцсоноор Эрдэнэбулгийн малчин түүх бас нэг шинэ хуудсыг сөхсөн нь 2013 оны 3 дугаар сарын эхэн байлаа.

Эрдэнэгэрэл бүсгүй

- Тал нутгаас Тянь Ань Мэнь талбайд хүрнэ гэдэг малчин бидний хэдэн үеийн хүсэл. Эрдэнэгэрэл минь харин Тянь Ань Мэньд хүрснээр барахгүй төрийн хэргийг зөвлөхөд оролцлоо гэж энгэртээ төлөөлөгчийн гэрчилгээтэй, нүүр дүүрэн баярын мишээл тодруулсан охиноо телевизээс харсан Далхжав гуайн нүдэнд баярын нулимс дүүрлээ.

Эрдэнэгэрэлийн дээдийн нутаг бол Авгын Олонбулаг. Амьдралын гачиг, өвчин эмгэгийн зовлон зэргээс шалтгаалан өвөө, эмээгийнх нь үед өндөр настан ховорхон байсан гэлцдэг. Далхжавыг тавхан настайд нь аав нь бурхан болж, өнчин өрөөсний зовлонг ханатал амссаны алийг тэр гэх вэ. Бэлэвсэрсэн ээж нь хэдэн хүүхэдтэйгээ шар өдөр бор хоногийг туулж, үйлээ үзэн үсээ түүж байгаад хүүхдээ хүн болгожээ. 60-аад онд Далхжав хошууны төвд малчин гаралтай боловсон хүчин хүмүүжүүлэх сургалтад сонгогдож, дахин боловсорч, дараа нь хошууны Хөдөө аж ахуйн товчоонд ажиллаж, намд элсэн, бүр сүүлдээ тус товчооны дарга болжээ. Хал үзэж халуун чулуу долоож өссөн малчны хүүхэд байснаа намын хайр хүмүүжлээр удирдагч болсон тухайгаа Далхжав үүрд мартахгүй. Товчооны дарга хэдий ч тэр өөрийгөө хэзээд малчин гэж боддог мөртөө үргэлж малчдынхаа төлөө зүтгэн тэмцдэг байлаа.

Халуун ам бүлээрээ

Ард түмний ашиг тус аливаа бүхнээс эрхэм. Бид хэзээ хаана явж ямар хүн болсон ч малчин байснаа мартаж болохгүй. Нам, ард түмэн намайг хүмүүжүүлж хүн болгосон болохоор нам, ард түмнийхээ төлөө зүтгэх нь миний энэ насны зорилго гэж Далхжав үргэлж ярьдаг, мөн тэгж хийжээ.

Эрдэнэгэрэл хар багаасаа өөрийн бодолтой, өөрийнхөө баримталдаг “муу зан”-тай болохоор аавдаа үргэлж зодуулдаг. Буруугаа мэдрэхгүй, бууж өгөхгүй болохоор нэвширтэл зодуулж байсан удаа ч зөндөө. Аавынхаа халтай сургаалаас Эрдэнэгэрэл хаанаас ч олдошгүй зориг ухаа, итгэл хүчийг өвлөсөн байлаа. Энэ нь түүний хожмын амьдрал үйлсэд цаглашгүй их үйл хэргийг үзүүлжээ.

2000 онд Эрдэнэгэрэл Билгүүдэй суурингийн Эрдэнэбулаг багийн малчин залуу Мөнхтөмөртэй насны заяагаа холбож, мөн малчин болох замыг сонгожээ. Дээд боловсрол хүртсэн, өөрийн үзэл баримтлалтай Эрдэнэгэрэл тун удахгүй олны дундаас оройлж, 2003 онд багийн засаг даргаар сонгогдсоноос одоог хүртэл бүтэн 14 жилийн нүүр үзжээ. 14 жилийн турш тэр малчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх, амьдралын түвшинг нь дээшлүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ шавхан, бусад газар төсөл гэгч юу болохыг мэдээгүй байхад Эрдэнэгэрэл аль хэдийн багтаа засмал зам, орон сууц, хашаа байшин, автомат худаг гэхчлэн амьдрал үйлдвэрлэлийн чухал олон төслийг эрмэлзэн олж өгсөн нь хол ойрын бишрэл бахархал болж, ам дамжин яригдаж байсан сан.

Ийнхүү 10 жилийн хугацаанд Эрдэнэгэрэлийн зүтгэлийн хариуд Эрдэнэбулаг баг ядуурлаасаа ангижирч, баяжих замаар замнажээ. Эрдэнэгэрэл ажилдаа гарамгайлан үлэмж амжилт гаргаснаар олон удаа сум, хошуу, орон, улсын Ардын Төлөөлөгчөөр сонгогдож, үүрэг хариуцлагадаа осолдохгүйн төлөө чин сэтгэлээр зүтгэж иржээ.

Тулгаа тойрсон бүсгүйгээс төрийн хагас тулгуур хүртэл

Эрдэнэгэрэлийн ээж Дулжин ӨМӨЗО-той нас чацуу, энэ жил 70 настай. 1947 онд хүүхэд олонтой ядуу айлд төрсөн болохоор аав ээж нь түүнийг нэг настай байхад айлд өргүүлжээ. Өргөсөн аав ээж нь сайн хүмүүс таарснаар Дулжин эрүүл  саруул өссөн гэдэг ч сургууль соёлын мөр хөөсөнгүй, хорвоог хонь хариулдаг хотгор төдийгөө санаж, амьдрал гэдгийг аав ээжтэй л байхаар төсөөлсөөр хүний зэрэгт хүрсэн байжээ. Тэгэж 18 насалмагц аав ээжийн эрхээр багийнхаа Далхжав гэгч залуутай хуримлан айл гэр болов. Дараа нь дөрвөн хүүхэдтэй болж, үр хүүхдээ өсгөх, өрх гэрээ додомдох тоолшгүй олон ажилд өртсөөр нэг мэдэхэд хүний сайхан үр өтөлж. Одоо Дулжин гуай аймгийн төвд сургуульд суралцаж байгаа ач хүүхдээ харж, хоол хүнсийг нь бэлдэж сууна.

Эрдэнэгэрэл сэтгүүлчтэй

Эрдэнэгэрэл адилхан эмэгтэй хүн гэлээ ч ээжээсээ өөрөөр амьдарчээ. 1973 онд хошууны төв Билгүүдэй сууринд төрж өссөн Эрдэнэгэрэл сургууль соёлын мөр хөөж, Шилийнгол аймгийн Хөдөө аж ахуйн дээд сургуулиа төгссөний дараа гадуур хэдэн жил явж, нүд нээж хараа тэлжээ. Хуримлаж айл гэр болохыг яарахгүй явсаар учрал заяаны эрхээр Билгүүдэй суурингийн Эрдэнэбулаг багийн малчин залуу Мөнхтөмөртэй танилцан үерхээд “товчооны даргын охин малчин залуутай гэрлэнэ гэдэг чинь” гэх хүмүүсийн хов живийг тоолгүй өөрийн хайртайгаа сууж, малчин амьдралаа эхлүүлсэн байна. Энэ бүхэн Эрдэнэгэрэлийн чөлөөт сонголт байсан.

Багийнхаа анхны эмэгтэй засаг дарга болсон түүний үүрэг хариуцлага бүр ч хүнд байлаа. Нярай нялхтай бүсгүй хүн багийн ажлыг хэр зэрэг хийж чадах вэ? Малчдыг хэрхэн ядуурлаас нь ангижруулдаг бол? Хэдхэн өдөр хийвэл халыг нь даахгүй хаячих байлгүй гэх мэтээр багийн малчид эргэлзээтэй байв. Гэтэл Эрдэнэгэрэл зорьсондоо хүрэхээс буцдаггүй шандастай бүсгүй гэдгийг түүний хийсэн бүхэн гэрчилжээ. Малчдын дундах зөрчлийг зохицуулах гэж тэрээр өдөр шөнө ялгалгүй нялх хүүгээ тэвэрч, нөхрөөрөө жолооч болгон, даруйхан давхиулж хүрнэ. Багаа төслийн зүйлүүд олж өгөх гэж холбогдох байгууллага нэгжийн удирдлагыг удаа дараалан эрж гуйсаар малчиддаа тусална.

Одоо Шилийнхотын Монгол үндэстний бага сургуульд суралцаж байгаа Галбир нэртэй хүүгийн хувьд бусад хүүхдийн адил ээжтэйгээ үргэлж хамт байх нь цөөн. Гэлээ ч ээжийгээ телевизээр харсан бяцхан хүү ээжээрээ бахархдаг болжээ. “Ээж ээ, аав бид хоёр таны хамгийн том ар түшиг, тийм ээ” гэж Галбир хүү байнга эрхэлнэ.

Эрдэнэгэрэл нөхрийн хамт

Эрдэнэгэрэл өөрийн зүтгэлээрээ багийн малчдыг ядуурлаас нь ангижруулж дэгжрэх замд хөтлөөд, эргэлзээг үггүй няцаажээ. Сүүлийн жилд тэрээр "Итгэл" нэртэй хоршоо байгуулан, анх таван малчин өрхийг хоршоондоо оруулж, хошууны төвд бас "Итгэл" гэх хоршооны хоолны газар ажиллуулан, үхэр хонины махаа бүр хоршооноосоо хангаж, чанар сайтай бохирдолгүй талыг баталсан болохоор сарын хэдэн арван мянган юанийн цэвэр орлоготой болжээ. Ирээдүйд тэрээр багийнхаа олон малчдыг хоршоондоо оруулж, амьдралыг нь өөд татаж ашиг орлогыг нь нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй аж.

Эрдэнэгэрэл багийн дарга, сум, хошуу, орон, улсын ардын төлөөлөгч. Өөрийн хувь заяагаа өөрөө зурсан орчин үеийн шинэ малчин бүсгүй. Дулжин гуай түүний охин Эрдэнэгэрэл хоёрын түүх мянга мянган бүсгүйчүүдийн эрх чөлөө байр суурийн өөрчлөлтийн түүх. Өмнө нь тулгаа тойрсон бүсгүй хүн өнөөдөр төрийн хагас тулгуур болсны үнэн гэрч.

Аавын сургаалаас ард түмний найдлага хүртэл

Багтаа 20 гаруй сая юанийн төсөл олж өгсөн. Өвөр Монголын малчин тариачдад халаалтын нөхвөр хүртээсэн. Малчдын нутаг бэлчээрийн нөхвөрийг нэмэгдүүлсэн зэрэг нь бүгд шууд буюу дамаар Эрдэнэгэрэл төлөөлөгчийн асуудлыг бодитой тусгаж, саналаа зоригтой дэвшүүлсний ач гавьяа билээ.

Энэ жилийн Хятадын АТИХ-ын хугацаанд төлөөлөгч Эрдэнэгэрэл баг хувааж ярилцах хурал дээр ӨМӨЗО-ны Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэнд хөдөө орон нутагт оршиж байгаа өр зээлийн асуудал, малчдын орлого бага байгаа ба байгаль орчны тухай асуудлыг дамжуулан орны удирдлага ба олон түмний анхаарлыг татсан байна.

Эрдэнэгэрэл дөрвөн шатны ардын төлөөлөгч болж, асуудлыг үнэн бодитойгоор зоригтой дамжуулж, хянамгай сайн шийдвэрлэдэг болохоор тухайн газар орныхоо малчдын итгэл найдвар болон бусад аймаг хотын малчдын итгэл найдварыг ч хүлээжээ. Жил бүрийн Өвөр Монголын “Хоёр чуулган”, БНХАУ-ын “Хоёр чуулган” болох дөхөхөд Эрдэнэгэрэлийн ажил улам их болж, өдөржин малчдын асуудал тусгасан утасны дуудлага авч, нарийн хянамгай тэмдэглэл хийдэг бөгөөд айл өрхөөр явж бодит байдалтай танилцан, асуудлыг харж, эдгээр асуудлыг үнэн бодитоор дээшээ тусгахыг хичээдэг.

- Хятад улсын “Хоёр чуулган”-д оролцох Өвөр Монголын малчин төлөөлөгч би ганцаараа байдаг. Гэхдээ би энэ алтан боломжийг маш нандигнадаг. Бээжинд байгаа хагас сарын хугацаанд минут секунд болгоныг хайрлах хэрэгтэй гэж үргэлж өөртөө сануулдаг. Би Ардын Их Хурлын Танхимд орж байгаа нь Өвөр Монголын 4 сая гаруй малчныг төлөөлж байна. Нам засгаас эгэл бидэнд ийм эрх өгсөнд бид эрхээ хэрэгжүүлж үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Малчин түмэн минь хад мэт бат ар түшиг болж байгаа болохоор би санал бодлоо зоригтой дэвшүүлж чаддаг гэж Эрдэнэгэрэл сэтгүүлчдэд ярив.

Эрдэнэгэрэл Мөнхтөмөрийн хөдөлмөрөөр одоо тэднийх 1000 гаруй хонь, 100 гаруй үхэртэй, хөдөө тоосгон байшинтай, хошуу, аймагтаа байртай, гадагш гарахаас машинтай чинээлэг амьдралтай малчин айл болжээ. Эрдэнэгэрэлийнх шиг хот хөдөө байртай малчин айл Шилийнгол, Өвөр Монголд зөндөө байдаг.

- Өнгөрсөн буурай цагт хасаг тэргэнд сууж, өөвөн гэрт амьдарч байсан малчдын амьдрал 70 жилийн хооронд үнэхээр их өөрчлөгджээ. Өнөөдөр ийм сайхан амьдарна гэж хэн ч бодож байгаагүй. Энэ бол бүгд нам засгийн ач гэж Эрдэнэгэрэл ярина.

Эрдэнэбулагийн ус хаврын нарны туяанд гялалзан, аясын салхинд аяархан долгиолон орчин үеийн малчны шинэ туулийг хайлан хайлан урснаа.

Зохиогч: Үзэсгэлэн, Бао.Саруул, Болор, Тэргүүн, Агиймаа
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл