АСЕМ нь Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагаа бөгөөд 2 жил тутамд хуралддаг.

Одоогоос 20 жилийн өмнө буюу 1996 онд 26 гишүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан Ази-Европын яриа хэлэлцээний чуулган эдүгээ 51 орон, 2 олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэн өргөжөөд байна. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2008 онд чуулсан 7 дахь удаагийн чуулга уулзалтаар Монгол Улс АСЕМ-ын гишүүнээр элссэн.
АСЕМ-ыг Монголд зохион байгуулахын ач холбогдлыг дөрвөн зүйлээр тайлбарлаж байна. Нэгдүгээрт, Монгол Улс гэж байдгийг дэлхийд таниулах. Хоёрдугаарт, Монгол Улс чөлөөт худалдааны хэлэлцээр эсвэл эдийн засгийн хамтын ажиллагаанд нэгдэх. Гуравт Монголд аялж, жуулчлах сэдэл төрүүлэх. Дөрөвт, Монголд хөрөнгө оруулах татах гэсэн зорилго тавьсан юм.
Монгол Улс АСЕМ-аар дамжуулж хөрөнгө оруулалтыг татах нь эдийн засгийн хямралаас гарах, цаашлаад хөгжлөө хурдасгах боломж гэж харж буй юм.
2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч, дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн орны тоонд багтаж явсан ч 2015 онд эдийн засгийн өсөлт 3 хувь, энэ онд 1-2 хувьтай гарах төсөөлөл бий. Уул уурхайн мега төслүүд зогсонги байдалд орсон, дэлхийн зах зээлд эрдэс баялгийн түүхий эдийн үнийн уналт нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн гэж үздэг. Иймээс хөрөнгө оруулалтыг татах замаар үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ гүн боловсруулах, мах экспортлох, цаашлаад Монгол Улс Ази, Европыг холбосон гол гүүр нь юмаа гэдгийг таниулж, энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах нь чухал байгаа.
