solongonews
“Хятад, Монголын найрамдлын өлзийт цагаан сар-2016”
2016-01-30 00:00
Хятад, Монгол хоёр орны жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Энх мэндийн хадаг” сар шинийн уран сайхны концерт 1 дүгээр сарын 29-ний үдэш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Бичин жилийн цагаан сар тун удахгүй айлчлан ирж, Хятад, Монгол хоёр орны жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хятад Монголын найрамдлын өлзийт цагаан сар-2016” сар шинийн уран сайхны концерт нь өнөөдөр буюу 1 дүгээр сарын 29-ний үдэш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Соёлын Төв Ордонд боллоо. Концертыг нээж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Шин Хаймин, Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Чэнь Баочуань, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Соёлын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Л.Гантөмөр нар үг хэлж, залран ирж буй бичин жилдээ өөдрөг сайхан байхын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлэв.

Уг уран сайхны концертыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам болон Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас хамтран зохион байгуулсан байна.

Тоглолтыг Өвөр Монголын үндэстний урлагийн театраас бэлтгэж, дуучин Мөнгөн, Нарс, Адуучин хамтлаг “Нутгийн сүүтэй цай”, “Халуун элгэн нутаг” зэрэг хоёр орны иргэдийн танил дууг өргөн барьсан бол Бээжин жүжиг “Бичин багш цагаан сарыг үймүүлсэн нь”, “Хоёр утаст хуурын хөгжим”, бүжиг “Товшуурын уянга” зэрэг тоглолтууд нь хүрэлцэн ирсэн үзэгч олны урмыг сэргээж, сэтгэлийг нь баясгасан байна.

Энэхүү концерт нь Хятад, Монгол хоёр орны соёлын салбарын харилцаа солилцоог улам гүнзгийрүүлэх зорилготой бөгөөд Хятад, Монгол хоёр орны уран бүтээлчид болон хоёр орны ард иргэд соёлын солилцоогоор дамжин бие биенээ улам гүнзгий ойлгон, итгэл нөхөрлөө цаашид улам бэхжүүлэхэд нааштай боломж олгосон юм.

Тоглолтоос өмнө Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Соёлын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Л.Гантөмөр ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Чэнь Баочуань болон Өвөр Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

Зохиогч: Л.Наранхүү, Т. Шинэцэцэг
Найруулагч: Т. Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл