Баруун Африкийн Гвинейн булангийн далайн эрэгт Экваторын Гвиней хэмээх улс байдаг. Энэ улсад Хятадын эмчилгээний багийнх олон жил туслан ажиллаж иржээ. Энэ жил Хятад улс Экваторын Гвинейд эрүүл мэндийн баг илгээсний 50 жилийн ой тохиож байна. Сүүлийн 50 жилийн турш Экваторын Гвиней дэх Хятадын эрүүл мэндийн баг эрхэм зорилгоо бат санаж, "хүчир бэрхшээлээс айхгүй, бүх хүчээрээ өвчин зовлонтой хүмүүст туслах" үзэл баримтлалыг чанд мөрдөн, Хятад Африкийн эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулахын тулд хүчин зүтгэлээ гаргасаар иржээ.

1971 оноос хойш Хятадын өмнөд нутгийн Гуандун муж Экваторын Гвинейд туслах эмчийн баг илгээх ажлыг гардан хийсэн бөгөөд өнөөг хүртэл эрүүл мэндийн нийт 31 ээлж хуваан 586 эмч сувилагчийг илгээсэн байна. Энэ оны 01-р сарын 13-нд Гуандун мужийн Жүншань хотын эрүүл мэндийн газраас илгээсэн эмнэлгийн тусламжийн 31-р баг Экваторын Гвинейн нийслэл Малабо хотод хүрсэн байна. Орон нутгийн цар тахлын нөхцөл байдал харьцангуй хүнд байх үеэр, эмч нар ажиллах явцдаа халдвар хамгаалалтаа онцгой хянуур хийх шаардлагатай байна. Эмч Линь Сяньжей танилцуулж хэлэхдээ,
"Орон нутгийн эмнэлгийн тасгийн орчин харьцангуй хүнд байдалтай, зарим өрөө нь маш жижигхэн, агаар нэвтрэхгүй. Бүгчим халуун уур амьсгалтай, өдөр бүр үндсэндээ 30 градусаас дээш байдаг, агааржуулагчгүй, цөөн хэдэн сэнстэй. Өдрийн ажил дуусахад эмч сувилагчид нь усанд унасан мэт болж, хувцас нь хөлсөнд дэвтэж, бээлий нь хүртэл бүр ус болчихдог байна."
Орон нутгийн ажиллаж амьдрах нөхцөл орчин маш хүнд байдаг хэдий ч өнгөрсөн 50 жилийн хугацаанд Хятадын эмч сувилагч нар удаа дараалан Африкийг зорьж очин, залуу насаа зориулж, Хятад, Африкийн найрамдлын элч болсон түүхтэй. Хорин жилийн өмнө Жүншань Бо Ай эмнэлгийн хүүхдийн тасгийн эмч Ши Юйчи Экваторын Гвиней улсад туслах зорилгоор тус улсын Бата эмнэлэгт ажиллаж байсан юм. Хорин жилийн дараа түүний хамтран зүтгэгч Лян Сэньчуань эмч түүний мөрөөр дахин энд ирэхэд Ши Юйчи эмчийн хуучин найз нь угтан авах хүмүүсийн дунд байжээ.
"Эхний өдөр ажил хүлээлгэж өгөхөөр Бата эмнэлэг дээр очиход тэнхимд Хятадын эмнэлгийн багийн хуучин цагаан хувцас өмссөн нэгэн эмч байхыг олж харлаа. Бие биетэйгээ танилцсаны дараа тэрээр Ши Юйчи эмчийн байнга дурсдаг Нина эмч болохыг мэдлээ. Тэр бидэнтэй мэндчилэхээр Хятадын эмнэлгийн багийн хуучин цагаан хувцсыг зориуд өмсөж, хуучин найзаа угтаж байгаа мэт сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм".

Хятад, Экваторын Гвинейн найрамдал нь олон салхи борооныг туулж иржээ. Энэ жилийн нээсэн ханшийн өдрийн үеэр Хятадын эмчилгээний багийн бүх ажилтан Бата хотын захад орших Хэ Сяньжэй докторын булшинд ирж, үндэсний далбаа, цэцэг авчран дурсгалын арга хэмжээ зохиов. Лян Сэньчуань эмч танилцуулж хэлэхдээ:
"Ахмад эмч маань Экваторын Гвинейд тусламж үзүүлэх Хятадын 6 дахь багийн нүдний эмч байсан юм. Тэрээр Хайнань мужийн Чунхай нутагтай, Хятадын Коммунист намын гишүүн. 1978 оны 03-р сарын 30-нд Хэ Сяньжэй Экваторын Гвинейд ажиллаж байхдаа хэт их ядарсны улмаас тархинд нь цус харваж, ажлын байран дээрээ нас баржээ. Тэр үед дөнгөж 42 настай залуухан хүн байсан юм. "
Тухайн үед хятад эмч нас барсан тухай мэдээ Экваторын Гвинейн бүх улсыг түгшээж байв. Орон нутгийн олон мянган хүн сайн дураар цугларч, Хэ Сяньжэй эмчийг эцсийн замд нь мордуулжээ. Ерөнхийлөгч болон түүний гэргий оршуулгын ёслолд оролцож хүндэтгэл илэрхийлэв. Түүнээс хойш Экваторын Гвинейд ирсэн Хятадын багийнхан жил бүрийн нээсэн ханшийн үеэр доктор Хэ Сяньжэйн булшинд ирж, түүнийг дурсан санж, хүндэтгэл илэрхийлэх болжээ. Энэ тухай Лян Сэньчуань эмч сэтгэл хөдлөн хэллээ.
"Гадаадад туслах эмчилгээний багийн ажил амьдралын орчин нэлээд хүндрэлтэй байдаг, 1976, 1978 он гэхлээр бүр ч хэцүү байсан юм. Хэ Сяньжэйн үйл явдлууд нь гадаадад тусламжийн багийн "хүчир бэрхшээлээс айхгүй, бүх хүчээрээ өвчин зовлонтой хүмүүст туслах" үзэл баримтлалын жинхэнэ зураглал, нийтлэг жишээ болсон юм. Энэхүү үзэл баримтлалын дагуу тусламжийн багийн үе үеийн эмч нар итгэл зоригоо хөвчилж, гадаадад туслах үүргээ сайтар биелүүлж иржээ."
Хятад, Экваторын Гвиней нь бие биендээ тусалж, жаргал зовлонгоо хамтатгасан сайн найзууд юм. Өнгөрсөн жил "COVID-19" халдвар дэгдсэнээс хойш хоёр тал сэтгэл хүчээ нэгтгэн, тахлын эсрэг хамтдаа тэмцэж, 50 гаруй жилийн турших хоёр орны найрамдал, харилцан итгэлцлийг шинэ өндөрлөгт хүргэлээ. Өнгөрсөн жилийн 2-р сард, Хятадын Ухань хотод халдвар ноцтой байх үеэр Экваторын Гвинейн засгийн газар цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2 сая долларыг Хятадын засгийн газарт хандивласан бол 5-р сард нь Хятадын засгийн газар Экваторын бүсэд туслахаар эмнэлгийн мэргэжилтнүүдийн багийг илгээж, дараа нь энэ онд хоёр удаагаа вакцины тусламж үзүүлжээ.

Хятад улсын Экваторын Гвинейд туслах эмнэлгийн 31-р багийн ахлагч Чен Гуанвэй сэтгүүлчдэд хэлэхдээ, эмнэлгийн баг мөн Экваторын Гвиней дэх хятад элэг нэгтнүүдэд цаг тухайд нь эрүүл мэндийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлж, ялангуяа "Чунь Мяо буюу хаврын нахиа" арга хэмжээг урагштай зохион явуулсан байна гэжээ.
"Бид хилийн чанад дахь Хятадын харьяат, хятад хүмүүсээс олон тооны дуудлага, онлайн лавлагаа авлаа. Ялангуяа вакцин, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах талаар олон асуултад хариулсан юм. Манай эмч нар хүмүүсийн эргэлзэж байгаа зүйлд тайлбарлахын тулд интернетээр зөвлөгөө өгсөөр байна. Бид Бата үйлчилгээний цэгт элчин сайдын яамны ажлын хуваарилалтын дагуу Эксваторын Гвиней дахь бүх хятадуудад вакцин хийлгэх ажлыг гардан хийж, энэ талаар чухал үүргийг гүйцэтгэсэн юм."
Хятадын Экваторын Гвиней улсад үзүүлж буй 31 дэх тусламжийн багийнхан нь нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй, багийн гишүүдийн ихэнх нь 70, 80-аад онд төрсөн хүмүүс юм. Хятадын коммунист намын гишүүн гуравны хоёр хувийг эзэлж байна. БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр Чен Гуанвэй нийт багийн гишүүдийн өмнөөс олон мянган бээрийн цаана байгаа эх орондоо чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
"Намын гишүүний хувьд бид маш их баяртай байна. 07-р сарын 01 бол манай ажлын өдөр, Бид далбаа мандуулах ёслол үйлдэж, дараа нь ажлын байран дээрээ бодитой ажиллагаагаар намын баярыг тэмдэглэх болно. Түүхийн шинэ цаг эринд манай нам улс орон бүх ард түмнийг дайчилж, нэн их амжилт байгуулахыг чин сэтгэлээсээ хүсэж байна".
