solongonews
Зөв сонголт хийсэн хашир малчин
2018-01-25 16:47
Малчин Хасбаатар шарлай үхэр сонгон малласан үлгэр жишээ

Баруун Үзэмчин хошуу эртнээс буюу 70, 80-аад оны үеэс эхлэн үхэр сүргийн үүлдрийг сайжруулж эхлэхдээ шарлай үхрийг сонгон маллаж маш их өсгөн үржүүлсэн байдаг. Гэхдээ ихэнх малчид гадна муж орноос шарлай үхрийг оруулж, маллах замаар замнасан юм. Харин Хасбаатар хорь гаруй жилийн хугацаанд өөрийн нутгийн үхэрт шарлай үүлдрийн бух тавих буюу гар хээлтүүлэг хийж, орон нутагтаа шарлай үхрийг сонгон маллаад нэлээд амжилттай яваа малчны нэг билээ. Тэрээр Баруун Үзэмчин хошууны Хоолтын гол суурингийн Ногоон Булаг багийн малчин.

Малчин Хасбаатарын шарлай үхрүүд

Малчин Хасбаатарынх Өвөр Монголын орны зэрэглэлийн гэр бүлийн мал аж ахуйн талбай, Аймгийн зэрэглэлийн махны үхрийн сүрэг малласан өрхийн нэг бөгөөд сүргийн бүтцэдээ өөрчлөлт хийхийг аль эртнээс бодож оролдсон нь үнэн. Өмнө нь үзэмчин хонь маллахын зэрэгцээ цөөн тооны нутгийн үхэр маллаж байв. Ингэж хонь, үхрийг зэрэг маллах нь бэлчээрт халтай, хөдөлмөр хүч ч хүрэхгүй. Тэрээр 2000 оны эхээс үхэр сүргээ бага багаар өсгөх ажлаа эхлүүлж, өнөөгийн байдлаар гар хээлтүүлэг хийж байсан бөгөөд бог малаа цөөн болгохоор төлөвлөж байлаа. 2009 он болоход 800 гаруй хониноосоо 80 гаруйг л үлдээн бусдыг нь зарж, цөөн тооны тугал худалдан авч 100 гаруй үхэртэй болов. “Сүргийн бүтцийг шилдэг болгож, чанарыг сайжруулах талыг баримталбал ашиг орлогоо нэмэгдүүлж болно. Манайх үхэртээ гар хээлтүүлэг хийсээр ирсэн. Мэргэжлийн талын асуудал, эсвэл бусад шалтгаанаас болоод зарим жилдээ үнээний тугаллах нь харьцангуй бага байдаг. Тиймээс үхрээ хоёр сүрэг хувааж, нэг сүрэгт нь үүлдрийн бух тавьж, нөгөө сүрэгт нь гар хээлтүүлэг хийх аргыг сонгосон” хэмээн Хасбаатар хуваалцлаа.

Хасбаатарын энэ жилийн өвөлжүүлэх үхэр 90 гаруй аж. 60 гаруй нь гуравдугаар үеийн шарлай үхэр бол 30 гаруй нь хоёрдугаар үеийн шарлай үхэр ажээ. Тэрээр: - Нутгийн үхэрт гар хээлтүүлэг хийх буюу шарлай үүлдрийн бух тавьж, тугалыг нэгдүгээр үеийн шарлай гэж, нэгдүгээр үеийн шарлайдаа гар хээлтүүлэг хийх буюу шарлай үүлдрийн бух тавьж, тугалыг хоёрдугаар үеийн шарлай гэдэг. Харин хоёрдугаар үеийн шарлайдаа гар хээлтүүлэг хийж, тугалыг гуравдугаар үеийн шарлай гэдэг” хэмээн тайлбар өгөв.

Хувьдаа хувьчилж олсон 288 га нутаг бэлчээр дээрээ нэмээд 233 га нутаг түрээсэлдэг байна. Түрээсэлж байгаа нутагтаа 60 гаруй адуу, 320 хонь, 30 гаруй үхрээ бэлчээрлүүлж, зусландаа гуравдугаар үеийн шарлайгаа бэлчээрлүүлэн малладаг. Ингэж хоёр нутагт сүрэг хуваан маллах нь нэг талдаа байгаль орчноо хамгаалж, бэлчээрийн даацыг баталгаажуулж байгаа боловч, нөгөө талаар гуравдугаар үеийн шарлайгаа эрлийзжихээс сэргийлэн, үхрийн үүлдрээ сайжруулан шилдэг болгоход ашигтай юм. 06 дугаар сараас эхлэн 09 дүгээр сарын сүүл хүртэл үнээний ороо дуустал хоёр нутагт салган малладаг байна. Хасбаатар:

- Маны түрээсэлж байгаа нутаг үнэ ханш өндөр ч, манай нутагт бэлчээртэй голын хоёр талд байгаа болохоор мал маллахад маш амар байдаг. Мал ч өрөө зөрөө нутагтаа идээшиж дассан болохоор тарга авах нь сайн байдаг. Гэвч сүүлийн хэдэн жил ган гачиг үргэлжилснээс үнээ тарга хүч авах нь тааруу болж, ороо орох цаг нь оройтох буюу эсвэл ороо нь орохгүй болсон. Ингээд өнгөрсөн жил үнээнүүдээ ороо оруулах тарилга хийж, 35 үнээнд нэг л удаа гар хээлтүүлэг хийсэн. Ороо оруулах тарилга боломжийн үнэ ханштай.  Нэг үнээнд бараг 25 юань ордог. Харин орооны хугацааны хувьд нэлээд урт үргэлжилж 20 гаруй өдөр болдог. Үр дүн нь ямар байгааг энэ жил мэднэ. Хэрвээ сайн байвал энэ аргыг хэрэглэнэ. Нөгөө хэсэг үнээндээ гурван жилийн өмнө 17 мянган юаниар худалдаж авсан шилдэг үүлдрийн шарлай бухаа тавьж байгаа гэж ярилаа.

Хасбаатар сүргийн бүтцэдээ зоригтой өөрчлөлт хийсэн 20 гаруй жилийн хугацаанд шарлай үхрийг маллах талаар нэлээд туршлага хуримтлуулав. Мөн энэ хугацаанд үхэр сүргээ шилдэг болгох ажлыг сайжруулснаар барахгүй хашаа хорооны бүтээн байгуулалтыг иж бүрнээр шийдсэн байна. 400 м.кв талбайтай пин саравч барьж, пин саравч дотор нь 70 гаруй үхэр тэжээх багтаамжтай цутгамал онгоц, нэг үхэрт нэг төмөр жяз бэлтгэжээ. Пин саравчиндаа камер суурилуулж, хөдөлмөр хүчийг ч хэмнэж чаджээ. Гуравдугаар үеийн шарлай үхрээс олох ашиг орлого нь бусад үхрийг бодвол харьцангуй өндөр байдаг ч харин арчилгаа маллагаагаа сайжруулж, тэжээл бордоогоо сайн өгөх нь хамгийн чухал шаардагддаг үйл ажил болно. Тэрээр олон жилийн турш шарлай үхэр маллахдаа тарилга хийх мэтээр малын өвчин эмгэгийг нь өөрөө эмчилдэг болжээ. Мөн хошуу, аймгийн олон удаагийн гар хээлтүүлгийн мэргэжлийн сургалт, махны үхрийг яаж сонгон маллах тухай сургалтад оролцон мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэн, амьдралдаа хэрэгжүүлж явна.

Хасбаатар: - Орон нутагтаа сонгон малласан шарлай үхэр нь бусад муж, орноос худалдан авсан шарлай үхэртэй харьцуулахад маллах талд нэлээд зөрнө. Бусад муж орноос худалдаж авсан шарлай бух тэр жилдээ муудаж бараг үхэх шахсан. Харин өдөр шөнөгүй нарийн нямбай арчилж арай чамай өвөл, хаврыг амьтай туулсан. Одоо харин манай нутагт овоо идээшиж дассан. Миний сонгон малласан шарлай үхэр хээл байхаасаа энэ нутгийн уур амьсгалд зохицсон болохоор нэлээд өлчир болсон. Баргийн хүйтэнд алзахгүй, нуруунаас нь жиндүүлэхгүй, хэвтэр нь хуурай, өвс бордоог нь эвтэй зохицуулж байхад болдог гэж байв.

Тэрээр өнгөрөх жил 90 гаруй үхрээс 53 үхрээ даатгалд хамруулжээ. Өвлийн бэлтгэлдээ нутгаасаа 2500 боолт өвс хадсан бол нэмж 5000 боодол өвс худалдан аваад 10 мянга гаруй юань зарцуулсан байна. Мөн 15 мянга гаруй кг бордоо бэлтгэжээ. Жилийн нийт орлого нь 400 мянга гаруй юаньд хүрсэн байна.

Залуу малчин Хасбаатар орон нутагтаа зохицуулан, шилдэг үүлдрийн шарлай үхрийг сонгон маллаж, байгаль орчноо хамгаалж, шинжлэх ухаанч аргаар стандартад нийцсэн орчин үеийн мал аж ахуйг ийнхүү амжилттай бичиглэж яваа ажээ.

Зохиогч: Цэцэг
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл