solongonews
“Сумеция” орноос ирсэн хүү
2016-03-01 16:27
Ааш нь цайлган болохоор
Ус нь тунгалаг Буриад
Агаар нь цэвэр болохоор
Уул нь бүтэн Буриад
Буцаж эргэдэг шувууд
Энх жаргалын Буриад
Буян бэлгийн боргилтой
Итгэлт хамбын Буриад

“Итгэлт хамбын Буриад” гэх өөрийн зохиосон дуу (аяыг нь зохиожээ)-гаараа сар шинээр бидэнтэй золгосон Оросын холбооны Буриад улсын Лүдэв-Очир хүүгийн дуунаас гүн гүнзгий утаг агуулгатай онцгой аялгуу сонсдоно.

2002 онд Итгэлт хамбын Буриад нутагт ээж ааваа баясган нэгэн хүү төржээ. Энэ хүү бол Лүдэв-Очир болно. Алтан ар, алтан дэлхийн мянга мянган үзэсгэлэнт төрхийг хараарай гэж хүнд алаг хоёр нүд заяадаг учиртай. Харин Лүдэв-Очирыг хараагүй болгосон нь хорвоо ертөнц түүгээр хатуу тоглосных юм уу⁈ Эсвэл түүнийг алтан дэлхийн өнгө төрхийг хөгжмийн мэлмийгээр харж, хорвоо ертөнцийн хүйтэн хатууг хөгжмийн эгшгээр бүүвэйлээрэй гэсэн юм уу⁈

Лүдэв-Очир 5 настайдаа хэн нэгэн хүнээр заалгаагүй, далд ертөнцийн мэдрэмжээрээ дуу дуулж эхлэв. 2007 оны шинэ жилийн концертод тэр хамгийн анхны дуугаа дуулжээ. Лүдэв-Очирын дуунд хүн бүр сэм сэмхэн нулимс унагааж байсан гэдэг. Энэ л цагаас нэг авьяаслаг хүү олон түмэнд танигдаж эхэлжээ. Лүдэв-Очирын ээж нь “Орос улсад миний хүүг таних хүн олон байдаг. Харин аав ээжийг нь таних хүн цөөн байдаг аа” гэж байсан. Тэрээр 2008 онд анхны дууныхаа бичлэгийг хийж, 6 дугаар сард хүүхдийн дууны тэмцээнд тэргүүн шагналыг хүртэв.

Лүдэв-Очир 7 наснаасаа хөгжим сурч, 8 наснаасаа ая зохиож эхэлсэн байна. Тэр үлээвэр хөгжим, чавхдаст хөгжим, даруулт хөгжим гээд бүгдийг тоглож чаддаг. Энэ жил 13 настай боловч түүний зохиосон ая 200 гаруй болсон байлаа.

- Дууны шүлгийг сонсоход л ая нь тархинд ороод ирдэг. Би дууны үг бичдэггүй, аяыг нь зохиодог. Аав ээж, ах эгчдээ бүгдэд нь дуу зохиож өгсөн гээд ээждээ зориулан зохиосон дуугаа төгөлдөр хуур тоглон дуулсан юм. Түүний дуунд ээжийн бүүвэйн дуун, уураг цагаан сүүгээ хөхүүлж буй гээд бүхий л зүйл тодоос тод харагдаж хайр ивлэнэ.

Лүдэв-Очир төрсөн нутаг болох Оросын холбооны Буриад улсын Улаан- Үд хотод 2009-2014 оны хооронд өөрийн бие даасан тоглолтоо таван удаа хийж, гурван дууны цомог гаргасан байна. 2009 онд Бүгд Найрамдах Чех улсын хүүхдийн дууны тэмцээнд тэргүүн байр, 2011 онд Казахстан улсын хүүхдийн дууны тэмцээний тэргүүн байр, 2014 оны Орос улсад болсон Сочгийн өвлийн Олимпийн наадамд өөрийн ая дуугаа өргөжээ. 2015 онд Оросын хүүхэд багачуудын төв телевизээс зохион байгуулсан “Хүүхдийн MV2015” тэмцээнд “Эрхэм дуучин”-ы шагнал хүртэж, үеийн хүүхдээсээ үлэмж амжилт гаргасан байна.

Лүдэв-Очир киноны хөгжим зохиох дуртай. Түүний Москва хотын хөгжим урлагийн багт зохиож өгсөн ая нь Москва хотын хүмүүсийн таашаалд маш их хүрдэг байна.

Лүдэв-Очир монгол, орос, англи хэлээр чөлөөтэй ярьж чаддаг. Мөн энэхүү гурван хэлээр дуу дуулдаг. Тэр хүү бидний мэдэхгүй бас нэгэн хэлийг мэддэг. Энэ хэл нь түүний ирсэн “Сумеция” орны хэл болно.

Лүдэв-Очирын зохиосон дууны дотор “Сумеция” гэх онцгой нэг дуу байдаг. Тэр дууны эхний хоёр бадгийг нь англи хэлээр дуулж, гуравдугаар бадгийг нь “Сумеция” орны хэлээр дуулжээ. Лүдэв-Очир өөрийгөө “Сумеция” орноос ирсэн гэж ярьдаг. Тэгвэл түүний ярьдаг “Сумеция” орон нь ямар орон юм бол?

Тэр орны ард түмний 95 хувь нь хөгжмийн хэлээр ярьж амьдардаг. Өдөр бүр хөгжим хөгжимдөж, орой болгон дуу хөгжмийн тоглолт хийдэг. Атаа хорсол, уур хилэн, хувиа хичээсэн зан, хэрүүл тэмцэл гэж юу байдаг талаар хүмүүс нь огт мэддэггүй. Тийм болохоор аюул айдас, дайн дажин, газар хөдлөх, галав юүлэх гашуун зовлонгүй, ёстой л “Жангар”-ын үлгэрт гардаг шиг жаргалын орон л гэсэн үг. Үлээх хонгор салхи нь хуурын эгшиг мэт сэвэлзэж, шиврэх борооны дусал нь хөгжмийн ёохор мэт зүсэрч, хаялах зөөлөн цас нь уран бүжиг мэт биелдэг. Эдгээр сайхан ертөнц түүний дотоод сэтгэлийн ертөнц байж, алаг хорвоогийн хүмүүст аз жаргал бэлэглэн 200 гаруй дуу хайрласан юм.

- Би хүмүүст аз жаргал, хайрыг мэдрүүлэх, аз жаргалтай болгох гэж хөгжим тоглож дуу дуулдаг гэж Лүдэв-Очир өөрийн хөгжим зохиож байгаа үлэмжийн чанараа чавхадна.

“Миний хоёр нүд харахгүй ч ертөнцийн бүх зүйлийг харж байна. Гай гамшиг, дайн дажин, гашуун зовлонг бүр харж байна” гэж дуулсан “Сумеция” гэх дууны нинжин аялгуу нь ертөнцийг бүүвэйлдэг учиртай ч билүү.

Лүдэв-Очирын хөгжим аялгуунаас өрөвчхөн хайр булгийн ус шиг булгилан гарч, ертөнцийн эрээн барааныг ариусган аз жаргал гэх мөрөнд цутгаж сүүмэлзэн сүүмэлзэн харагдах “Сумеция” орон зүг мяралзан урссаар…

Зохиогч: ЦОЛМОН
Найруулагч: Б.ТУЯА
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл