Өглөөний наран эх дэлхийг гийгүүлэхэд Их Хянган даваанд үнэг, туулай наадан, үдийн наран үүлэн чөлөөгөөр гялбахад Эрээн боомтоор ачааны галт тэргүүд цуварч, оройн наран уулын цаанатай жаргахад Алшаа нутагт тооройн сүүдэр бүртийж, үдшийн бүрий толгод дамжин буухад Ордосын ордод өнгийн гэрэл туяарна. Эх орны умард хил өдөр бүр хөгжил цэцэглэлтийн гайхалтай дүр зургийг хүж дэлхийд толилуулж байна.
Намын зөв удирдлага дор эх орны умард хилд орших Өвөр Монгол болон Ганьсү мужийн олон үндэстний ард түмэн эе эвээ нэгтгэн, хил хязгаарын хөгжил цэцэглэлтийн төлөө эрэмгийлэн урагшилсаар байна.
Экологийн нөмөр болсон ногоон умард хил
Зуны зургаадугаар сард Өвөр Монголын Шилийнгол аймгийн Улгай нутагт дөрөө шүүрсэн өвс халиурч, номин ногоон дээлээр хучигдсан байгалийн үзэсгэлэн ноёлно. Энэ сайхан нутагт байрлах Халгайт хөдөө аж ахуйн суурингийн Холбоо салбар сууринд жаран насыг зооглож яваа малчин Ли Чэнжюнь алсад бэлчих тугалын сүргээ дурандан, баяр жаргалтай инээд бялхуулан сууна.
Одоогоос 20 гаруй жилийн өмнө бэлчээрийн даац хэтэрсэн, байгалийн гамшиг зэрэг шалтгааны улмаас энэ нутгийн бэлчээр нутаг их хэмжээгээр тачирдан цөлжсөн байв. Мөн тэр цагаас хойш Ли Чэнжюнь орон нутгийн засгийн газрын удирдлага дэмжлэгтэйгээр нутгаа хашаалан, мод зүлэг тарьж ойжуулахын зэрэгцээ мал аж ахуйн уламжлалт арга барилыг идэвхтэй өөрчилж эхэлсэн байна.
- Малын тоо толгой болон нутаг бэлчээр хоорондын тэнцвэрт байдлыг харгалзан, нутгаа хэсэглэн сэлгэж маллах нь бэлчээр нутгийн ачааллыг бууруулан, экологийн орчноо хамгаалах үр дүнд хүрч чадсан төдийгүй, үхрийн үүлдэр сайжруулсны дараах махны чанар сайжирснаар орлого хоёр дахин нэмэгдсэн гэж Ли Чэнжюнь эргэцүүлэн ярьлаа. Олон жилийн туршид эргэн тойрны малчид ч ногооруулах, байгалиа хамгаалах, шинжлэх ухааны аргаар мал аж ахуйгаа хөгжүүлэх зэрэг ажилд нэгдсэн байлаа. Өнөөдрийг болоход энэ нутгийн бэлчээр сэргэж, аялал жуулчлалын алдартай газар болсон байна.
Өвөр Монголын Их Хянган давааны шугуйт нутагт уул ус үргэлжлэн, ан гөрөөс сүлжилдэнэ. 2015 оноос хойш байгалийн ой модыг огтлохыг хориглосноор 30 гаруй жил мод тайрах чиглэлээр ажиллаж ирсэн ойн ажилтан Жөү И-Жэ ойн манаач болж, хөрөө, сүхээ хаяад хүрз атган мод тарих болжээ.
- Их Хянган даваа маань өнөөдөр бүр илүү ногоорч, экологийн орчин ч сайжирлаа. Үүний зэрэгцээ баавгай, бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг амьтан араатан ч олширч байна. Улмаар ойн аялал жуулчлал, ойн эдийн засаг ч дагаад цэцэглэн хөгжиж байна гэж тэрээр олзуурхан ярив.
Их Хянган даваа, Мунь уул, Хэлань нурууд бол эх орны умард хилийн “Экологийн ноён нуруу” бөгөөд хоёр талаараа өргөн тал, ой мод, элсэн цөл, гол мөрөн, нуур бүрд зэрэг экосистемтэй. Умард хязгаарын экологийн аюулгүй байдлын чухал хаалтыг босгож, илүү үзэсгэлэн төгөлдөр болгохын тулд улам их шийдэмгий, шаргуу хүчин чармайлт гаргах ёстой.
Өвөр Монгол экологийн аюулгүй байдлын хаалтыг байгуулах, экологийн байгаль орчныг хамгаалах ажлыг чухал байранд тавьж, уул ус, гол мөрөн, ой мод, тал нутаг, элсэн манхан зэргийг ерөнхийд нь хамгаалах, системтэй засах ажлыг зохицуулан, “Гурван бүс гурван шугам”-ын хатуу хязгаарлалтыг чангатгах, нийт газар нутгийн 50 гаруй хувийг экологийн хамгаалалтын улаан шугамд оруулахыг баримталж байна. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын бэлчээрийн ургац, ойн бүрхэвч “Зэрэг нэмэгдэж”, цөлжилт, элсжилт “Зэрэг буурсан” байна.
Энэхүү “Экологийн ноён нуруу”-ны баруун хэсэг нь Ганьсү мужийн Жан Е хот дахь Харгол үндэсний нөөц ойн экологийн ойн бүс бөгөөд гацуур, нарс, майлс зэрэг мод маш сайн ургасан байдаг.
- Өмнө нь энд хаа сайгүй элс, хайрганы үйлдвэрүүд байсан учраас салхи хөдөлбөл элсээр гуяддаг байлаа. Одоо модтой цэцэрлэгт хүрээлэн болсон нь үнэхээр үзэсгэлэнтэй гэж Жан Е хотын оршин суугч Ван Жяньшинь хэлэв.
2017 онд Чи Лянь уулын үндэсний байгалийн хамгаалалтын бүс дэх экологи, байгаль орчны асуудлыг засах ажлыг эхлүүлэв. Түүхээс бүрэлдэн тогтсон газар зүй, газар нутгийн нөхцөл байдлын суурин дээр Жан Е хот байгалийн нөхөн сэргээлт, иж бүрэн менежментийг хослуулахыг баримталж, шинжлэх ухааны аргаар газар нутгийг их хэмжээгээр ногооруулах ажлыг явуулж байна. Өнөөдрийг болоход Хар голын үндэсний нөөц ойн хүрээн дэх экологийн ойн бүсийг бүтээн байгуулах төслийн дагуу нийт дөрвөн мянган га талбайг ойжуулж, 37 усан санг байгуулан, 9 сая 730 мянган шоо метр хөрсийг сэлгэж, 18 сая 900 мянга гаруй суурь төрөл бүрийн зулзаган модыг тарьснаар экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын ил тод үлгэр жишээ болсон байна.
Аж үйлдвэр хөгжсөн баялаг умард хил
ӨМӨЗО-ны Ордос хотын Зүүнгар хошуун дахь Хар-Ус нүүрсний ордод асар том ачааны машинууд уурхайн нүхэн дотор сүлжилдэнэ. Ачааны машин онгоцоо өргөхийн зэрэгцээ “Хүр хүр” гэх нүсэр дууны дагуу зуу зуун тонн түүхий нүүрс газарт асгарна. Сайн ажиглавал уул толгод шиг том том ачааны машины кабинд нэг ч жолооч алга байлаа.
- 2022 он гэхэд манай жолоочгүй машинууд ойролцоогоор 14 мянган километрийн тээврийн үүргийг гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар Хар-Ус нүүрсний ил уурхай нь 36 жолоочгүй ачааны автомашины удирдлагын шугам болон олон ширхэг инженерийн туслах тоног төхөөрөмжийг нэгтгэн ашиглах системийг байрлуулаад байна гэж Үндэсний эрчим хүчний группын Зүүнгар дахь эрч хүчний ХХК-ний Хар-Ус нүүрсний ил уурхайн орлогч дарга Гүө Аньбинь танилцууллаа.
Умард хилд орших ӨМӨЗО дэлхийн эрчим хүчний технологийн хувьсгалын шинэ чиг хандлагыг дагаж, аж үйлдвэрийн хэлхээг өргөжүүлэн, эрчим хүчний нөөцийн иж бүрэн ашиглалтын үр ашгийг дээшлүүлж, цэвэр, нүүрстөрөгч багатай, аюулгүй, үр ашигтай эрчим хүчний бүтээн байгуулалтыг түргэсгэж байна. Өвөр Монгол орон 2021 онд бусад муж руу нийт 580 сая тонн нүүрс тээвэрлэсэн. Улмаар 246.7 тэрбум кВт цахилгаан эрчим хүч дамжуулсан нь муж хоорондын нийт цахилгаан эрчим хүчний дамжуулалтын 15 гаруй хувийг эзэлсэн байна.
Уламжлалт үйлдвэрүүд шинэчлэгдсээр, шинээр гарч ирж буй аж үйлдвэрүүд ч эрчимтэй хөгжиж байна. Өвөр Монгол орон болон Ганьсү мужийн хойд хэсэг бол Хятад улсын салхины эрчим хүчний чухал нөөц газар юм. Салхины эрчим хүчний нөөц баялаг, өргөн уудам газар нутаг ба сийрэг хүн амын нөхцөл байдал нь цэвэр эрчим хүчийг хөгжүүлэх онцгой давуу талыг бий болгосон.
Ганьсү мужийн Үвэй хотын Минь Чинь шяньд салхи үүсгэх том том сэнснүүдийг эгнүүлэн босгосон байна.
- Үвэй хотын салхины эрчим хүчний давуу нөхцөл байдлын ачаар бид 400 мегаваттын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг байгуулсан. Тус станцыг байгуулж, ашиглалтад оруулснаас хойш 5 тэрбум кВт.цаг “Ногоон цахилгаан”-ыг нийлүүлсэн нь нэг сая гаруй тонн өндөр стандартын нүүрс хэмнэж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг гурван сая гаруй тонноор бууруулсантай тэнцэж байна гэж Хятадын CGN группын Ганьсу мужийн Минь Чинь дэх хоёрдугаар салхин цахилгаан эрчим хүчний ХК-ний ажилтан Ян Шяо ярьлаа.
Одоогийн байдлаар ӨМӨЗО-ны шинэ эрчим хүчний тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хэмжээ нь тус тус 35 ба 20 хувийг эзэлж байгаа юм. 2030 он гэхэд шинэ эрчим хүчний үйлдвэрлэл нь дулааны эрчим хүчнээс давах төлөвтэй байна. Мөн нүүрсний бус аж үйлдвэр нь тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн нэмүү өртгийн 60 орчим хувьд хүрч, эдийн засгийн хөгжил нь нөөцөд түшиглэдэг байснаас инновацид тулгуурлах болж, цэвэр ногоон, үр ашиг сайтай загварт шилжиж байна.
Гадаад худалдааг тэлэх нээлттэй умард хил
ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урадын дунд хошуунд байрлах Ганцмод боомтоор цахим дугаартай ачааны машинууд эцэс төгсгөлгүй сүлжилдсээр байлаа. “Ухаалаг гарц”-ны систем нь автомашины дугаарыг уншин, мэдээллийг шалгаж дуусахад хаалтыг автоматаар өргөдөг бол автомашин бүрийн гаалийн бүрдүүлэлтийн хугацаа 10 секунд орчим л байдаг.
- Өмнө нь аж ахуйн нэгжүүд бараагаа оруулж ирсний дараа төрөл бүрийн гаалийн бүрдүүлэлтээ хийдэг. Одоо бол аж ахуйн нэгжүүд шалгалтаа урьдчилан хийж дуусгасан тохиолдолд “ухаалаг гарц” нь бараа, тээврийн хэрэгслийн мэдээллийг автоматаар уншиж, шалган, гаалийн бүрдүүлэлтийн хугацааг 70 гаруй хувиар багасгасан гэж Урадын дунд хошууны гаалийн газрын дарга Шан Гүйминь танилцуулав.
Сүүлийн өдрүүдэд Хятад-Европ чиглэлийн “Тянь Ма” ачааны галт тэрэг Ганьсү мужийн Үвэй өмнөд буудлаас ганзага дүүрэн хөдөлж, Хоргос боомтоор дамжин Германы Гамбург хотыг чиглэсэн байна.
- Галт тэрэг нь 20 сая орчим юаний үнэ бүхий нийт 100 чингэлэг тээвэрлэдэг. Энэ бол гагцхүү нэрийн барааны хил дамнасан цахим худалдааны Ганьсү мужаас явж буй анхны олон улсын ачааны галт тэрэг юм. Ганьсү муж 2014 онд анхны олон улсын ачааны галт тэргийг ашиглалтад оруулснаас хойш олон улсын ачааны галт тэрэгний хэд хэдэн шугамыг дараалан нээж, Хятад-Европ, Хятад - Төв Ази, Өмнөд Ази зэрэг чиглэлийн олон улсын хуурай болон тэнгисийн худалдааны шинэ сувгуудыг бүрдүүлсэн гэж Ганьсү мужийн Худалдааны тэнхимийн холбогдох албан тушаалтан танилцууллаа.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол орон “Эдийн засгийн коридор”-ыг “Коридорын эдийн засаг” болгон өөрчилж, “Дайран өнгөрөх эдийн засаг”-ийг “Суурин эдийн засаг" болгон хувиргаж, газар дээр нь бараа бүтээгдэхүүн боловсруулахаас эхлээд өөрчлөх, нэмүү өртөг шингээх, түүхий эдийг дамжуулан хүргэдэг байсан бол түүхий эдийг “импортлох – боловсруулах – борлуулах” хөгжлийн нэгдсэн загварыг аажмаар бүрдүүлж байна. 2021 оноос хойш Ганьсү муж “Бүс ба зам” дагуух улс орнуудад нийт 30 тэрбум юаний импорт, экспорт хийсэн нь гадаад худалдааны нийт үнийн дүнд эзлэх хувь нь улсын дундаж хэмжээнээс 16 нэгж хувиар давж, бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн /RCEP/ гишүүн орнуудад нийт 11 тэрбум 830 сая юаний импорт, экспорт хийсэн ба өсөлтийн хурд нь хоёр оронтой тоог хадгалсаар байна.
Хойд хил нь хил хязгаар нутаг төдийгүй, үндэстний цөөнхийн нутаг дэвсгэр байж, үндэстний эв нэгдэл, хилийн амгалан тайван байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 4000 гаруй километр хилийн шугамыг дагаад гадаадад нээлттэй 20 боомт байдгаар үл барам хилийн манаанд зогсож буй олон үндэстний ард түмэн байдаг.
76 настай Нямаа болон түүний 54 настай хүү Хадбөх нар Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа баруун хошууны Бадайн Жаран цөл дэх 11 км-ийн хилийг хамгаалан 51 жил амьдарчээ. Өнөөдөр Нямаагийн гэр бүлийг “Цөлийн 110” раки, эргүүлийн мотоцикль зэрэг дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангаад байна.
- Ээжтэйгээ харьцуулахад миний хил хамгаалах хэлбэр өөрчлөгдсөн ч эх орныхоо төлөө хилээ хамгаалах үзэл баримтлал хэвээрээ байна. Би эхийнхээ анхны санаа зорилгыг байнга санаж, эх орны хилийг үргэлжлүүлэн хамгаалах болно гэж Хадбөх ярьлаа.
- Үндэсний аюулгүй байдлын ерөнхий үзэл баримтлалыг бид сайтар хэрэгжүүлж, аюулгүй хөгжлийн эцсийн шугамыг тууштай баримтлан, эх орны умард хилд аюулгүй, тогтвортой хаалтыг бий болгож, нийгэм, ард түмний илүү амар амгалан байдлыг баталгаажуулна гэж ӨМӨЗО-ны Олон нийтийн аюулгүй байдлын танхимын Улс төрийн газрын эрхлэгч Ван Бинь хэлж байна.
